Д.Давааг Жанжин штабын даргаар томилохыг дэмжив

Хуучирсан мэдээ: 2015.06.17-нд нийтлэгдсэн

Д.Давааг Жанжин штабын даргаар томилохыг дэмжив

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилуулах асуудлыг зөвшилцөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн саналыг хэлэлцэв. Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан аж. Тиймээс Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Зэвсэгт хүчний Жанжин штабын Цэргийн хангалт, үйлчилгээний газрын дарга, бригадын генерал Д.Давааг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын албан тушаалд томилуулах асуудлыг зөвшилцөх саналаа Улсын Их Хуралд ирүүлсэн байна. Энэ талаарх танилцуулгыг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хийсэн юм. Танилцуулгатай холбогдуулан саналаа хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал, Н.Энхболд, М.Батчимэг, Л.Болд нар нэр дэвшигч нь туршлагатай, бэлтгэгдсэн боловсон хүчин тул дэмжиж буйгаа илэрхийлээд зэвсэгт хүчний нэгдмэл удирдлагыг хангаж, улс төрөөс ангид, аль болохоор халаа сэлгээ хийхгүй байхад анхаарч ажиллахыг захилаа. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь нэр дэвшигчийг зөвшилцөх асуудлыг дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.

Б.ЗУЛ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж