УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Тогтоолд эрчим хүчний салбарыг хоёр үе шаттай хөгжүүлэхээр тусгажээ. Тодруулбал, 2015-2023 он, 2023-2030 он хүртэл тодорхой зорилт дэвшүүлэн тавьж, энэ хугацаанд эрчим хүчний салбарыг алдагдлаас гаргах, төрийн эзэмшлийн хувь хэмжээг бууруулж хувийн хэвшилд шилжүүлэх зэрэг шат дараатай арга хэмжээ авах аж.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Эрчим хүчний салбар бол стратегийн салбар, төрөөс санхүүжүүлэх шаардлага байна гэсэн асуудлыг салбарынх нь мэргэжилтнүүд хэлдэг. Та үүнд ямар байр суурьтай байна вэ. Эрчим хүчний бодлого батлагдсанаар хөрөнгө оруулалтын орчин яаж өөрчлөгдөх юм. Төр Тавдугаар цахилгаан станц, Тавантолгойн станц, Чаргайтын усан цахилгаан станц, Эгийн голын цахилгаан станц барьж байгуулна гэсэн мөрөөдлийн маш олон жагсаалт гаргасан байдаг. Хэрэгждэггүй. Бодлогод энэ асуудлыг яаж барьж байгуулахаар тусгав.
Оюутолгой жил бүхэн 100 сая ам.доллараар эрчим хүч Хятадаас авч, бид маш том боломжийг алдаж байна. Цаашдаа ийм том төслүүдийг яаж явуулах вэ. Занар нь байна, сэргээгдэх эрчим хүчний нар нь, салхи нь байна. Тэгсэн хэрнээ жилд 200 сая ам.долларын эрчим хүч импортлоод сууж байна. Яагаад хөдөлж болохгүй байна вэ, эрчим хүчний компаниуд бүгд алдагдалтай. Жилд 60-70 тэрбумын алдагдал хүлээдэг. Улстөрөөс хараат явж ирсэн, нээлттэй биш. Эрчим хүчний салбарын засаглалын асуудлыг яаж шийдэх вэ, тодорхой бодлого зорилт байна уу. Хоёрдугаарт, эрчим хүчний салбарыг тарифт нь ойртуулаад өгөх юм бол хувьчлах асуудлыг яаж тусгав?
Эрчим хүчний сайд Д.Зоригт “Эрчим хүчний салбарт төрийн оролцоог бууруулна. Цаашдаа төр, хувийн хэвшлийн концесс хэрэгжинэ. Энэ үйл ажиллагааг эхлүүлэх зорилгоор төрийн өмчийн тодорхой хэсгийг нээлттэй компани болгох, олон нийтийн мэдэлд аваачих, менежмэнтийг сайжруулах бодлого барина. Баруун, зүүн аймгууд эрчим хүчний дутагдалтай байна, хөрөнгө оруулалтын орчин энэ салбарт шаардлага хангахгүй явж ирлээ. Сайн эрх зүйн орчинтой болох шаардлага байна. Эрчим хүчээ 144 төгрөгөөр үйлдвэрлэдэг, 122 төгрөгөөр худалддаг. Өөрөөр хэлбэл, 1 квт цахилгаан үйлдвэрлэх тутамдаа 22 төгрөгийн алдагдал хүлээж байна. Алдагдалтай салбарт хувийн хэвшил хөрөнгө оруулахгүй. Өнгөрсөн жилээс эхэлж эрчим хүчний үнийг индексжүүлнэ. Энэ оны эцэс гэхэд эрчим хүчний салбар алдагдалгүй ажиллах зорилт тавьж байна.
Одоогоор Эгийн голын станцын бүх баримт бичиг бэлэн болсон. Импортын эрчим хүч нийт эрчим хүчний 20 хувийг эзэлдэг” гэсэн хариулт өглөө.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэхийн өмнө Монгол Улсын Их хурлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонхи дэмжсэнээр баталлаа.
Уг хуулийн төслийн хэрэгжих хугацааг 2016 оны хоёрдугаар сарын 10-наас хэмээн зааж өглөө. Энэхүү хууль нь УИХ, Засгийн газраас өргөн мэдүүлэх хууль, тогтоолын төсөлтэй холбоотой асуудлыг зохицуулах юм.
Чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна.
Г.ДАРЬ