Москвагаас Казань хүртэл 3 цаг явна

Хуучирсан мэдээ: 2015.05.14-нд нийтлэгдсэн

Москвагаас Казань хүртэл 3 цаг явна

-Москвагаас Казань хүрэх өндөр хурдны төмөр замыг 2018 онд ОХУ-д болох хөлбөмбөгийн аварга шалгаруулах “World Cup” тэмцээний өмнө ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ-

 

 

ОХУ-ын нийслэл Москвагаас Татарстаны Казань хот хүрэх өндөр хурдны төмөр зам барих төслийг Хятадын төмөр зам групп гүйцэтгэхээр болжээ. Цаашид Хятад руу сунгах энэхүү өндөр хурдны төмөр зам нь шинэ “Торгоны зам” төслийн нэг хэсэг аж. Оросын хоёр компанитай хамтарсан өндөр хурдны төмөр зам барих гэрээ нь 390 сая ам.долларын өртөгтэй юм. Москвагаас Казань хүрэх өндөр хурдны төмөр замыг 2018 онд ОХУ-д болох хөлбөмбөгийн аварга шалгаруулах “World Cup” тэмцээний өмнө ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ. Өндөр хурдны төмөр зам ашиглалтанд орсноор Москвагаас Казань хүртэл 14 цаг гаран явж хүрдэгийг ердөө гурван цаг 30 минут туулах аж. Шинэ хурдны замаар аялах галт тэрэг цагт 400 км хүртэл хурдлах боломжтой гэнэ.

 

Хятадын зүгээс Москва-Казанийг холбосон өндөр хурдны төмөр замыг зүгээр ч нэг хөрөнгө оруулалтаас илүү ОХУ, Европтой худалдаа, харилцаагаа нэмэгдүүлэх боломж хэмээн харж байна. Уг төмөр зам ирээдүйд өргөсөж Москва-Бээжинг холбох бөгөөд үүгээр ОХУ-аас Бээжин рүү хоёр хоногт хүрдэг болох аж. Хятад улс Москва-Казанийг холбосон ОХУ-ын анхны өндөр хурдны төмөр замыг байгуулах төсөлд зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулах гэнэ.

 

Үүний зэрэгцээ өнгөрсөн сард Бээжин Хятад, Монгол, ОХУ-ыг холбосон эдийн засгийн коридор байгуулах санал тавьсан юм. Эдийн засгийн коридорын бүтээн байгуулалт нь Хятадын торгоны зам эдийн засгийн бүсийг Оросын тив дамнасан төмөр замын төсөл, Монголын талын зам хөтөлбөртэй холбогдох боломжтой аж.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: RT news

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж