Танилц: Дараагийн барилга!

Хуучирсан мэдээ: 2015.05.04-нд нийтлэгдсэн

Танилц: Дараагийн барилга!

Нийслэлд шил даран баригдаж буй шинэхэн барилгууд нэг л өдөр бөөн бөөнөөрөө нурж, оршин суугчид аюулд өртөж  мэдэх нь. Эхний дохио сануулга нь  Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлах 16 дугаар байшингийн хазайлт боллоо. Одоогоор 16 дугаар байранд аж төрдөг 244 хүний олонх нь зочид буудалд байрлаж, гэртээ орохоос ч айдастайгаар аж төрж байна. Ийм байдалд хүргэсэн буруутан одоогоор олдоогүй. Бүгд л хариуцлагаас мултрахын тулд өмнөх цаг үеийн албан тушаалтнууд руу бурууг тохож байна. Тэгвэл яг одоо, энэ цаг мөчид 16 дугаар байрны гашуун түүхийг давтаж буй үйлдлээс хариуцлагаа эхлүүлбэл ямар вэ?

Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрийн 9А байрны хажуу бөөрөнд барилгын суурь ухаж эхэлжээ. “Улаанбаатар синема” буюу олны нэрлэж заншсанаар тэнгис кино театрынхан барилгынхаа өргөтгөлийг хийхдээ зэргэлдээх орон сууцанд оршин сууж буй олон арван иргэдийн амгалан тайван байдал болоод эрүүл орчинд аж төрөх эрхийг бүдүүлгээр зөрчиж эхэлснийг гэрэл зургаас харж болно. Тус компанийг барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй хэр нь барилгынхаа суурийг ухаж эхэлсэн гэж оршин суугчид мэдэгдэж байна. Тэд энэхүү бусармаг үйлдлийг зогсоох гэж  тус компанийн удирдлагууд болоод  дүүргийн эрх мэдэлтнүүдэд удаа дараа ханджээ. Харамсалтай нь, эрх мэдэлтнүүд болон “Улаанбаатар синема” компанийнхан оршин суугчдын эсэргүүцлийг огтхон ч сонсоогүй мэт аашилж байгааг хэрхэн ойлгох вэ. Өнгөрсөн оны наймдугаар сард анх барилгын суурь ухаж эхэлсэн бөгөөд суурийн нүх 9А байрнаас гурван метрийн зайтай байж. Гэтэл одоо ухсан нүхээ улам тэлж, орон сууцны хананд тулгах болжээ.

Оршин суугчдын  хувьд гомдлоо нийслэлийн удирдлагууд болон мэргэжлийн хяналтын байгууллагад гаргасан ч шийдтэй хариуг өнөө хүртэл өгөөгүй гэнэ. “Камер сэтгүүлчтэй нь дууд” хэмээн ам бардам уриалдаг телевизийнхэн ч үл мэдэгдэх гэрээгээр амаа таглуулснаа нуугаагүй байх юм. Анх гарааш барина хэмээн мэдэгдэж байсан ч сүүлдээ дөрвөн давхар үзвэрийн танхим барихаар болсон гэх “Улаанбаатар синема”-гийнханд бусдын эрхийг хязгаарлан байж барилга барих зөвшөөрлийг хэн олгов. Эндээс л хариуцлага тооцох ажлаа эхлэе. Ямар ч эрсдэлд орж мэдэхээр болсон 9А байрныхны эрхийг хамгаалж, хууль бус үйлдлийг зогсоож,  шударга үнэний төлөө, ард иргэдийнхээ амгалан тайван амьдралын төлөө ажиллах хот дүүргийн эрх мэдэлтнүүд байна уу. Энэ мэтээр зэргэлдээх орон сууцанд аж төрж буй иргэдийн “Нар харах эрх”-ийг хязгаарласан барилгын компаниуд, зөвшөөрөл олгосон эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцдог болъё. Ингэхгүй бол 16 дугаар байрны хувь заяа манай нийслэлд  олонтаа давтагдаж мэдэх нь. Тэр цагт олон мянган хүний амь нас, эрүүл мэнд болоод эд хөрөнгийн хохирлыг барагдуулах “бяр”-тай компани, дарга удирдлага байгаа юу.

Бүгд л хариуцлагыг бусад руу түлхдэг. Харин энэ удаа өөрсдөөсөө эхлүүлээсэй билээ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж