Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг Говь-Алтай аймаг болон Ховд аймгийн Зэрэг суманд ажиллалаа.
Энэ үеэр Говь-Алтай аймгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцан, алба хаагчидтай уулзалт хийсэн юм. Говь-Алтай аймгийн хувьд нийт нутгийн 85 хувь нь цасан бүрхүүлтэй,15 хувь нь цасгүй байна. Аймгийн аюулгүйн нөөцөд 200 тн өвс, 100 тн тэжээл бэлтгэсэн. Харин сумдууд аюулгүйн нөөцөд бэлтгэсэн өвс, тэжээлээ малчдад худалдан борлуулж байгаа. Аймгийн ихэнх сум, багийн нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан тул өвөлжилт, хаваржилт хүндрэх нөхцөл байдалтай байгаа хэмээн уулзалтын үеэр танилцууллаа.
Харин алба хаагчидтай хийсэн уулзалтын үеэр хошууч генерал Т.Бадрал, Онцгой байдлын байгууллагаас авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаа болон алба хаагчдын ажил үүргээ гүйцэтгэх мэргэжлийн ур чадвар, нийгмийн баталгааг хангах хууль, эрхзүйн томоохон өөрчлөлт шинэчлэлтүүдийн талаар мэдээлэл өгч, үүрэг чиглэл өглөө.
Мөн ажлын хэсгийн бүрэлдэхүүн Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 192 дугаар тогтоолоор Ховд аймгийн Зэрэг суманд байгуулагдсан Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Тус анги нь аймгийн ИТХ-ын шийдвэрээр Зэрэг сум дахь Ахуйн үйлчилгээний байранд засвар хийж, ангийн байр болгон 2018 оны 04 дүгээр сарын 01-ээс үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Гал түймэр унтраах, аврах 70 дугаар анги нь Чандмань, Дарви, Мөст, Манхан зэрэг сумдын нутаг дэвсгэрт гарсан аюулт үзэгдэл, ослын үед гамшгаас хамгаалах үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй шуурхай үзүүлж, болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэн ажиллаж байна.
Энэ үеэр Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн салаан захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч ахлах ахлагч Г.Амармэнд, С.Доржбат нарыг дэслэгч цолоор шагналаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ