Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын хорооны гишүүд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр өнгөрсөн 2012 оны УИХ-ын орон нутгийн сонгуульд Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын хороог удирдаж ажиллахдаа МАН-тай хэрхэн урьдчилан тохиролцож, ажилласан талаарх баримтыг дэлгэлээ.
Тэдний хэлж буйгаар дээрх тохиролцооны дүнд Сонгинохайрхан дүүргийн ИТХ, Засаг даргын тамгын газрын удирдах 34 албан тушаалаар наймаа хийжээ. Таван зүйл 20 заалт бүхий энэхүү гэрээнд “ИТХ дүүргийн засаг дарга, ЗДТГ, дэргэдэх хэлтэс, албадын удирдах бүрэлдэхүүний албан тушаалын томилгоог хоёр тал харилцан тохирч хавсралтаар батлана” гэжээ. Мөн “Энэхүү гэрээг байгуулснаас хойш Сонгинохайрхан дүүргийн МАН, АН харилцан эсрэг улс төрийн акцыг зохион байгуулахгүй”, “Хамтран ажиллах гэрээний хүрээнд тохирч томилсон албан тушаалтнууддаа хариуцлага тооцохгүй” гэх заалт ч тусгайлан оруулсан аж.
Зарим албан тушаалын хуваарилалтыг тодруулбал,
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргыг Ардчилсан намаас,
Эдийн засаг, нийгмийн асуудал хариуцсан орлогчийг МАН-аас,
Нийтийн аж ахуй, тохижилтын асуудал хариуцсан орлогчийг Ардчилсан нам,
Тамгын газрын дарга МАН
Өмчийн харилцаа, газрын албаны дарга МАН
Захиргаа хуулийн хэлтэс Ардчилсан нам
Төрийн сангийн хэлтэс Ардчилсан нам
Санхүү эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс Ардчилсан нам
Нийгмийн хөгжлийн хэлтэс МАН
Дэд бүтэц, тохижилтын хэлтэс МАН гэх мэтчлэнгээр хуваасан байна.
Хэвлэлийн бага хурлын үеэр Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын хорооны гишүүн П.Ариунболд “Л.Эрхэмбаяр тэргүүтнүүд “Маш нууц” гэх энэхүү гэрээг байгуулснаараа иргэдийн сонгох, сонгогдох эрх чөлөөнд ноцтой халдсан үйлдэл болсон. Ийм гэрээ хийснийг Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч төдийгүй намын хорооны гишүүд бид ч мэдээгүй. Түүний энэ үйлдэл нь мянга, мянган жирийн гишүүдээ хэрхэн дорд үзэж, дур зоргоороо аашилдгийн илрэл. Ийм гэрээ байгуулахдаа тулбал дүүргийн Ардчилсан намын хороо удирдах түвшинд хэлэлцэж ярилцах ёстой. Гэтэл дур мэдэн ийм гэрээ байгуулж, дүүргийн иргэдийн сонгох, сонгогдох эрхэд бүдүүлгээр халдсан нь ноцтой үйлдэл. Дээр нь гэрээнд МАН, АН харилцан эсрэг улстөрийн акц явуулахгүй, тохирч томилсон албан тушаалтнууддаа хариуцлага тооцохгүй гэсэн заалтаас харахад хууль зөрчсөн зүйлийг ч хараагүй, үзээгүй юм шиг нууж хаах, ханцуй дотроо асуудлыг наймаалцах зорилго тавьсан нь эндээс харагдана.
Мөн энэ гэрээнд төлөөлөгч, гишүүдийн нийгмийн асуудлыг шийднэ гэж тохирсон байсан. Энэ асуудлын хүрээнд юу хийж вэ гэдгийг судлаад үзэхээр н.Баярсайхан, н.Цэрэндорж зэрэг хүмүүст 50 орчим сая төгрөгийн туслалцааг үзүүлсэн байна. Дүүргийн засаг даргын орлогч н.Ганаад мөн 50 орчим сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Эл асуудлыг зүгээр өнгөрөөхгүй, дүүргийн холбогдох албан тушаалтнуудаас тодруулах болно” гэсэн юм.
Хэвлэлийн бага хуралд оролцсон тус намын гишүүдийн тайлбарлаж байгаагаар Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нь нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намыг талцуулж, өнөөдрийн хямралт байдалд хүргэсэн. Намын ерөнхий нарийн бичгийн дарга, үүрэг гүйцэтгэгч байна гэдэг намынхаа гол ажлыг нугалж, удирдаж чиглүүлж байх ёстой. Гэтэл өөрийн удирддаг байсан дүүрэгтээ эв нэгдэл хангаж чадахгүй хагалган буталгаж ёс зүйгүй аашилж буй нь намын гишүүд, дэмжигчдийн итгэлийг эвдэж байна гэсэн юм.
Хэвлэлийн бага хурал Монгол ньюс мэдээллийн төвд болсон юм.
Г.НАРАН