Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт зарим Элчин сайд нар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
- Бүгд Найрамдах Нижер улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Инуса Мустафа
- Бүгд Найрамдах Гана улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эдуард Боатенг
- Бүгд Найрамдах Чили Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Луис Родолфо Шмидт Монтес
- Бүгд Найрамдах Кипр Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Антонис Тумазис нарыг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэднийг хүлээн авч уулзсан юм.
Уулзалтын эхэнд Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгийг нь хүлээн авч, ёслол төгөлдөр угтан авсанд талархал илэрхийлж, хоёр улсын хамтын ажиллагааг бүхий л түвшинд өргөжүүлэн хөгжүүлэхэд хичээл зүтгэл гарган ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарыг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд, Элчин сайд нар Бээжингээс хавсран сууж байгаа тул ойр, ойрхон Монгол Улсад тухлан саатаж, нийгэм, эдийн засаг болоод хүн ардынхаа нөхөрсөг харилцааг нэмэгдүүлэхийн тулд хичээл зүтгэл гарган ажиллах хэрэгтэйг санууллаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсыг хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд нартай улс хоорондын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх болоод хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хүрээнд санал солилцов.
Эх сурвалж: PRESIDENT.MN
Холбоотой мэдээ