Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал өнөөдөр БНСУ-ын Галын хүрээлэнгийн захирал Гүон Сүнчён нарын төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад ОБЕГ-ын Бодлого зохицуулалт хамтын ажиллагааны газрын дарга, дэд хурандаа Л.Өлзийбаяр, Гамшиг судлалын хүрээлэнгийн захирал, хурандаа Д.Алтангэрэл, ГСХ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, дэд хурандаа Д.Сэржмядаг нар оролцсон юм.
Уулзалтын эхэнд хошууч генерал, “Онцгой байдлын ерөнхий газар нь БНСУ-ын Онцгой байдлын байгууллагатай 2006 оноос хойш хамтран ажиллаж байна. Энэ хугацаанд гамшгаас хамгаалах чиглэлийн хурал, семинар, сургалт зэрэг арга хэмжээнд Онцгой байдлын байгууллагын алба хаагчид тогтмол оролцож, туршлага судалж ирсэн” хэмээн онцлон тэмдэглэлээ.
Түүнчлэн ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэн, БНСУ-ын Галын хүрээлэнтэй хамтран ажиллах, гал түймрээс хамгаалах технологи, гал унтраах автомат системийн чиглэлээр мэргэжил, аргазүйн дэмжлэг үзүүлэх, сургалт зохион байгуулах болон бусад чиглэлээр хамтран ажиллахаар санамж бичиг байгуулан ажиллаж байна.
Уг санамж бичгийн хүрээнд өнгөрсөн 2017 онд Онцгой байдлын байгууллагын 2 алба хаагч БНСУ-ын Галын хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцах сургалтад хамрагдсан юм.
Цаашид талууд гал түймрээс хамгаалах технологийн чиглэлээр харилцан мэргэжил, аргазүйн туслалцаа үзүүлэх, туршлага солилцох, хамтарсан сургалтыг зохион байгуулах,гал түймрийн эрсдэлийг бууруулах, галын аюулгүй байдлын стандарт, норм дүрмийг шинэчлэх чиглэлээр хоёр орны эрдэмтэн судлаачдын хамтарсан судалгааны баг бүрдүүлэн ажиллах талаар харилцан санал солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ