“Монголын ардчиллын үнэт зүйлс” илтгэл тавилаа

Хуучирсан мэдээ: 2015.02.17-нд нийтлэгдсэн

“Монголын ардчиллын үнэт зүйлс” илтгэл тавилаа

Монгол Улсын Их Хурал-Европын Парламент хоорондын 10 дугаар зөвлөлдөх уулзалт өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Монгол Улс 2008 онд АСЕМ-ын гишүүн болсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчид 2008, 2010, 2012, 2014 онд болсон АСЕМ-ын дээд түвшний уулзалтуудад оролцсон байдаг. Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоёр 2 жил тутам зөвлөлдөх уулзалт зохион байгуулдаг юм байна.

Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны үндсэн баримт бичиг нь 1992 онд анх байгуулсан Худалдаа, хамтын ажиллагааны хэлэлцээр юм. Монгол Улс нь Европын Холбоог гадаад бодлогын үзэл баримтлалдаа “гуравдагч хөрш” хэмээн тунхагласаны дагуу гишүүн орнуудтай нь харилцаа, хамтын ажиллагаагаа боломжтой бүхий л салбарт эрчимжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажилладаг. АСЕМ-ийн Дээд хэмжээний уулзалтыг 2016 онд зохион байгуулах орноор Монгол Улс сонгогдсон.

Энэ удаагийн уулзалтаар Монгол-Европын парламентын төлөөлөгчид Парламент хоорондын харилцаа, цаашдын хөгжлийн төлөв, төлөвлөгдсөн арга хэмжээнүүд, Монгол Улс 2016 онд АСЕМ-ийг зохион байгуулах, Монгол Улсын Их Хурал ирэх есдүгээр дүгээр сард ЕАБХАБ-ын намрын хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулах тухай зэрэг асуудлаар санал солилцож байна.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Монгол-Германы Парламентын бүлгийн дарга Л.Болд “Монголын ардчиллын үнэт зүйлс” илтгэл тавилаа. Илтгэлийг бүрэн эхээр нь хүргэе.

Эрхэм нөхөд өө.

Монголын ардчилал 25 жилийн ойгоо бүтэн жилийн турш тэмдэглэж, алдаа оноо, олз, гарзаа үнэлж цэгнэж байна.Аливаа хүн, улс орон ололт, амжилтаа хамгаалж, улам арвижуулж чаддаг ухаан, зориг, тэмүүлэлтэй байх учиртай. Үүний тулд тэрбээр үнэт зүйлсээ тоочиж, ялгаж чаддаг, үндсэн сэдвийг туслах явдлаас зааглаж чаддаг байх учиртай. Тэгж байж юуг хамгаалах, хэнийг өмгөөлөх, хэзээ хатуу чанд байр суурьтай байхаа мэдэж чадах болно.

Монголын ардчилал гарамгай амжилтад хүрсэн ч цаг үеийн бэрхшээл, улстөр-эдийн агуулгатай хүндрэлүүдтэй тулгарсаар байна. Иймээс монголчууд бид ардчиллынхаа үнэт зүйлсийг цаг үргэлж мэдэрч, түүнийг ил тодоор хамгаалж чаддаг байх нь онц чухал юм.

Бид ардчиллынхаа үнэт зүйлсийг дараахь байдлаар томъёолж байна.

Нэг. Аливаа асуудлыг зөвшилцөн хэлэлцэж, маргаан, мухардлыг тайван замаар зохицуулж чадсан нь Монголын ардчиллын хамгийн чухал үнэт зүйл юм. Дэлхийн түүхэнд монголчууд “ганц цонх хагалаагүй, дусал цус урсгаагүй” ардчилалд шилжсэн орон гэж мөнх дурсагдах болно.Монголын ард түмэн хувь тавилантай гэхээсээ өөр хоорондоо үг хэлээр ойлголцож чаддагтаа тайван замаар хувьсгал хийсэн. Ахмад үе, залуучууд бие биесээ нөхөж, оюутан багш нар нэгдэн нийлж, сэтгүүлч уншигчид хэлэлцэн мэтгэлцэж, жагсагчид, цэрэг цагдаа харилцан хүлээцтэй байснаар энэ тайван замыг бий болгосон бөгөөд хамтаараа хийсэн түүхэн сонголт нь Монголын ардчилал байсан юм. Тайван замаар асуудлаа шийдэхэд талуудын уян хатан байдал, харилцан буулт хийх, шийдлийн олон хувилбарыг бодож олж хэрэгжүүлэх чадваруудыг шаардсан асар их ухаан хэрэгтэй. Иймээс ухаантай ард түмэн л тайван замаар өөрчлөлт, хувьсгалыг хийж чаддаг. Тайван замаар хувьсгал хийхэд хохирогч, хожигч гэж байдаггүй, харин нийтээрээ урагш тэмүүлсэн асар том алхмыг хийдэг ажээ. Эргээд харахад энэ л ганц алхмыг хийхийн тулд бусад улс оронд арав, хорин жилийг зарцуулж, цус урсгаж, заримдаа бүхэл бүтэн зууныг алдсан байна. Хойшид ч бүх нийтийн сонголт, зөвшилцөл, ойлголцол нь мухардал, маргааныг шийдэгч нь байх учиртай.

Хоёр. Монголын ардчилал бол Монгол нутагтаа төрж, нутагтаа бойжиж, нутгийнхаа үнэ цэнийг шингээсэн унаган ардчилал юм. Манай улсыг ардчилалд шилж гэсэн болзлыг хэн ч гаднаас тулгаагүй, бидний эргэн тойронд хил дамнан орж ирэх ардчилал байгаагүй. Бид коммунист нийгэмтэй бүс нутгийн хамгийн гүнд нь байрлаж байсан ч ард түмэн маань ардчиллыг сонгосон юм. Бид тэсгим хүйтэн өвлийн жаварт уур савсуулан мэндэлсэн нялх ардчиллаа өөрсдөө бөөцийлөн бойжуулсан ард түмэн. Монголын ардчилал эдийн засгийн тодорхой бэрхшээл, хямрал, жил жилийн тэсгим хүйтэн өвлийн жавар дундуур хөрвийн аргаар бойжиж, тэсвэр дархлаагаа нэмсээр тал нутагтаа идээшсэн билээ. Ийм унаган ардчилалтай орон дэлхийд хуруу дарам цөөхөн. Магадгүй Грек, Франц, Америк, Англи, Швейцарь, Норвеги, Энэтхэг, Өмнөд Африк, Польш улсууд л өөрийн унаган ардчиллын түүхээр гайхуулж чадах бизээ.

Гурав. Монголын ардчилал бол улстөр, эдийн засгийн хувьд нэгэн зэрэг шилжилт хийсэн хамгийн зоригтой хувьсгалын нэг мөн. Энэ хоёр шилжилтийн зөвхөн аль нэгийг нь л хийхэд маш их цаг хугацаа ордог, эсвэл гадаадын асар их тусламж дэмжлэг шаардагддагийг түүх харуулсан. Монголд харьцангуй богино хугацаанд төдийгүй гадаад орнууд болон олон улсын байгууллагуудын дэмжлэгийг харьцангуй бага хэмжээгээр авч, ихэнхдээ дотоодын ойлголцол, зохион байгуулалт, хүсэл зоригийн ачаар энэ давхар шилжилтийг хийж чадсан нь түүхэн амжилт юм. Манай улсад хийж байгаа төсөөлшгүй зоригтой ийм өөрчлөлтийг амжилтад хүрнэ гэдэгт дэлхий нийт эхэндээ төдийлөн итгээгүй байж мэдэх юм. Ийм ч учраас Монголын ардчиллын эхний жилүүдийн үйл явдалд дэлхийн хэвлэл мэдээлэл төдийгүй улс орнууд тэгтлээ анхаарал хандуулаагүй өнгөрсөн байдаг. Харин өнөөдөр түүхээ эргээд харахад бид гайхалтай ховор амжилтын эзэд болж чаджээ. Чухам яаж манай ард түмэн ийм зоригтойгоор давхар шилжилтийг хийхийн тулд сэтгэл санаагаа тууштай нэгтгэж чадсныг түүхчид, улстөр, нийгэм судлаачид ирэх он жилүүдэд сонирхон судална гэдэгт эргэлзэхгүй байна.

Дөрөв. Монголын ардчиллын амин сүнс нь үг хэлэх эрх чөлөө мөн. Үг хэлэх эрх чөлөө бол монголын ард түмнийг нэгтгэн нягтруулж, ойлголцуулж чадсан, ардчиллыг төрүүлж, бойжуулж, бэхжүүлж чадсан хамгийн чухал эрх чөлөө юм. Үг хэлэх эрх чөлөөний буянаар бид тайван хувьсгал хийсэн билээ. Үг хэлэх эрх чөлөөний буянаар л бид маргаантай бүх талуудыг сонсч, сонсгож, дундын шийдлийг олж чадсан. Үг хэлэх эрх чөлөөний буянаар бид нийгмээ алхам тутамд нь сайжруулж, алдаагаа олж харж, засч залруулж яваа билээ. Үг хэлэх эрх чөлөөгөө хамгаалах нь Монголын ардчиллын суурийг хамгаалахтай адил чухал үйл хэрэг юм. Үггүйгээр ойлголцол үгүй. Ойлголцолгүйгээр амгалан тайван амьдрал, хөгжил дэвшил байхгүй. Үг хэлэх эрх чөлөөний буянаар бид улстөр, эдийн засаг, шашин, улстөрийн нам, сонгууль, хувийн өмчийн тухай ард нийтээрээ нэгдмэл ойлголтод хүрчээ. Эдгээр ойлголтыг хүмүүст тайлбарлах нийгмийн олон зүтгэлтнүүдийг ч төрүүлжээ. Улс оронд цаашид асуудал тулгарах бүрт үг хэлэх эрх чөлөөнийхөө тусламжтайгаар л ойлголцож, шинэ шинэ ойлголт, уламжлалт үнэт зүйлсээ хүлээн авч, өвлүүлэн залгамжилж, хамтын шийдэлд хүрч байх болно. Ийм ч учраас үе үеийн монгол хүмүүс үг хэлэх эрх чөлөөгөө хайрлан хамгаалж байх учиртай.

Тав. Монголын ардчилал дэлхийн ардчиллын үнэт зүйлсийн гол зарчмуудыг шингээн авч, өөрийн үндэсний уламжлалыг сэргээн бадрааж чадсан нь гайхамшиг мөн. Монголын ардчилал бүх ардчилсан орны иргэдэд хүртээмжтэй байдаг хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, чөлөөтэй зорчих эрхийг өөрийн иргэддээ олгожээ. Монголын ардчилал үндэсний зан заншил, уламжлалт мэдлэг, өв соёлыг маань сэргээн мандуулсан юм. Иймээс ч өдгөө монгол хүн хөгжингүй ардчилалтай улс орны иргэдийн адил эрх чөлөө, боломжийг эдэлж, үндэснийхээ онцлог дүр төрхөөр ялгарах бүхий л нөхцөл бүрджээ. Монгол Улс улстөрийн аливаа шийдлийг ч үндэснийхээ үнэт зүйлс, өв соёл, уламжлалд тохируулан гаргасан, гаргасаар байна. Монголын ардчиллын эхний өдрөөс эхлэн Монгол Улс дэлхийд улстөр, эдийн засаг, нийгэм соёлын бүх талаар нээлттэй болж, монгол хүн жинхэнэ утгаараа дэлхийн хүн болж чаджээ.

Зургаа. Монголын ардчилал ард иргэдийнхээ нилэнхүй дэмжлэгийг хүлээж, тусгаар тогтнол, бүх ард түмний эв нэгдлийн баталгаа болсон юм. Монголтой хамт болон дараахан нь ардчилсан хөгжлийн замыг сонгосон коммунист дэглэмтэй орнууд дотор ардчиллыг ард олон нь дэмжсэн хувь хэмжээгээр Монгол ямагт тэргүүн эгнээнд байж ирснийг сүүлийн 20 гаруй жил явуулсан судалгаа нотолдог. Монголчууд “та 1990 оны өөрчлөлтийг зөв гэж үздэг үү” гэсэн асуултад байнга 90-ээс дээш хувиар “тийм” гэж хариулсаар ирсэн нь гайхалтай өндөр үзүүлэлт юм. Монголчууд эдийн засаг нь харьцангуй сайн байх үед ч, бас хямралтай байх үед ч ижилхнээр ардчиллыг хөгжлийн замаа гэж эргэлт буцалтгүйгээр үзсээр байгаа нь Монголын ардчиллын нэгэн чухал үнэ цэнийг харуулж байгаа юм. Эргэлт буцалтгүйн энэ үнэ цэнийн цаад агуулга нь тусгаар тогтнол мөн. Монголчууд анхнаасаа ардчиллыг улстөрийн тусгаар тогтнолоо баталгаажуулах зам гэж үзсэн хэрэг. Одоо ч ардчилал бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа гэж үзсээр байна. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд ард иргэдийн маань энэ үзэл санаа гүн тусгагдсан бөгөөд ардчилал бол манай улсын улстөрийн тусгаар тогтнолын үндсэн баталгаа юм.

Долоо. Монголын ардчилал бол залуусын манлайлалтай, оюуны өндөр эрчим, далайцтай хувьсгал мөн. 1990 оны ардчилсан хувьсгалын удирдагч, гол дэмжигчид, жагсагчдын ихэнх нь залуус байснаараа онцлог юм. Английн анхны ардчилсан үзэл санааны баримт бичиг Магна Карта-г санаачлагчид дунд насны, хөрөнгөлөг, тодорхой эрх ямбатай хүмүүс байсан, АНУ-ын ардчилсан хувьсгалыг мөн л өмч хөрөнгөтэй дунд насны хүмүүс толгойлж байсан билээ. Эд хөрөнгө гэх зүйлгүй, эрх мэдэлгүй, нийгэмд байр сууриа хараахан олоогүй залуус урьд өмнөх түүхийн явцад пролетарийн юм уу, эсвэл зэвсэгт, цус урсгасан хувьсгалын зүтгэлтнүүд болдог жишиг байсаар атал Монголын залуус маш тайван, ардчилсан хувьсгалын манлайлагчид болсноороо түүхэнд үнэхээр содон үлдсэн юм. Залуусын удирдсан хувьсгалуудад гардаг сонгодог бэрхшээл бол өмнөх үеийнхэнтэйгээ үг хэлээ ололцох чадвар дутагдах явдал юм. Гэтэл Монголын залуусын хүссэн их өөрчлөлтийг ахмад үеийнхэн нь хүлээн зөвшөөрч уухайлан дэмжиж, туршлага, сургамж ухаанаа харамгүй нэмэрлэж оролцсон нь дэлхийд тун ч гайхалтай түүх болж үлдсэн билээ. Монголын төрийн зүтгэлтнүүд, сүсэгтэн олон, малчид, ардын аж ахуйтнууд, сэхээтнүүд, ажилчид гээд үе үеийн хүмүүс хамтдаа нийгмийн ойлголцолд маш богино хугацаанд хүрч чадсан нь Монголын ардчилал өөрөө оюуны маш өндөр эрчимтэй, далайцтай хувьсгал болсныг илтгэдэг юм.

Найм. Монголын ардчилал үзэл бодлын олон ургальч байдлыг цогцоор нь хөгжүүлсэн онцлогтой. Ардчиллын эхний өдрөөс эхлэн Монгол Улсад маш олон холбоо, хөдөлгөөн, намууд байгуулагдсан байдаг. Монголын Ардчилсан Холбоо, Шинэ дэвшилт холбоо, Ардчилсан социалист хөдөлгөөн, Монголын оюутны холбоо, Дархан хилийн төлөө хөдөлгөөн, Ардын аж ахуйтны холбоо, Монголын сүсэгтнүүдийн холбоо зэрэг нийгмийн бүхий л давхаргын төлөөлөл ардчиллын төлөө өөрсдийн дуу хоолой, үзэл баримтлал, үнэт зүйл, зорилтуудаа илэрхийлж байжээ. Өдгөө Монгол Улсад төрийн бус байгууллага байгуулах, нийгэмд өөрийн дуу хоолойгоо хүргэхийн төлөө эвлэлдэн нэгдэх нь хэвийн үзэгдэл болж, Монголын ардчиллын олон ургальч түүхийг үргэлжлүүлж байна. Монголтой ойролцоо улстөрийн шилжилт хийсэн улс орнуудад шинээр гарч ирсэн улстөрийн нам, хөдөлгөөнөө дэмжихийн тулд хуучин коммунист чиг хандлагатай намыг албадан татан буулгах, эсвэл шинэ хөдөлгөөн үүсэхийг хүчээр хаах үйл явцууд ихээхэн тохиолдож байсныг санах хэрэгтэй. Олон ургальч үзэл улс орнуудад бий болох, төлөвшихдөө амар замаар явдаггүй, бий болсон ч цогцоороо тэр байж чаддаггүй нь бодит үнэн билээ. Харин Монголд олон ургальч байдлыг төлөвшүүлэхдээ өмнөхийг хэвээр үлдээж, шинийг нь боож хаалгүй явж ирсэн онцлог байдаг. Ялангуяа хуучин коммунист намыг тараахын оронд хувьсан өөрчлөгдөх боломжийг хангалттай олгосон нь дэлхийд гарч байгаагүй шийдэл учраас өдгөө улстөр судлалд Монголын жишээ үнэтэй түүх болон үлдэж байна.

Ес. Монголын ардчилал хувь хүний улстөр, нийгэм, эдийн засгийн эрх, эрх чөлөөг тэгш тунхаглан хамгаалсан юм. Нэгдсэн Үндэстний Байгууллага хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталж Хүний улстөрийн эрхийн пакт, Нийгэм, эдийн засгийн эрхийн пактыг тус тусад нь гаргасан байдаг. Улстөрийн эрх гэж үг хэлэх, шашин шүтэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шударга шүүхээр шүүлгэх, эрүү шүүлтээс ангид байх, өмгөөлүүлэх эрх зэрэг олон агуулгыг илэрхийлдэг. Гэтэл хөгжлийн Азийн загвараар замнаж буй болон ардчилалд шинээр шилжин орсон олон орон эдгээр агуулгыг бүрэн хэрэгжүүлэхгүйгээр эдийн засгийн хөгжилд илүү анхаарах хандлага ажиглагдсаар байна. Харин Нийгэм, эдийн засгийн эрхийн пакт нь хуучин ЗХУ тэргүүтэй социалист орнуудын санаачилгаар анх батлагдсан бөгөөд уг баримт бичигт заасан хөдөлмөрлөх, сурах, эрүүл мэндийн үйлчилгээ авах, соёлын эрх зэрэг олон агуулгыг барууны сонгодог капитализмын замаар хөгжиж ирсэн улс орнууд бүрэн биелүүлэхээс дөлсөөр байдаг. Монголын ардчилал нь нийгэм, эдийн засгийн эрхээ сайн мэддэг, улстөрийнхөө эрхийг бүрэн хэрэгжүүлэх хүсэлтэй иргэдийнхээ хүсэл зоригт зохиролдон бүтээгдсэн нь том амжилт болж байна. Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг цогцоор нь хангаж чадах энэ дэлхийд тэр бүр байдаггүй орон зай болсон юм. Нэгдсэн Үндэстний Байгууллагын хүний эрх, эрх чөлөөний тухай энэхүү цогц үзэл баримтлал нэг улсад амжилттай хослон оршиж, бэхжиж болохын жишээ нь Монгол болж байна.

Арав. Ардчиллын тухай мэдлэг, боловсрол Монголын ард түмэнд өргөн хүрээтэй, хурдтай тархаж чадсан юм. Монголын ардчиллын эхний өдрөөс эхлэн ардчиллын тухай ухуулга яриа хийх, лекц унших, мэдээлэл түгээх хүний тоо өсөн нэмэгдсэн байдаг. Зүүн Европ, Төв Азийн орнуудад өрнөсөн хувьсгалын үеэр цөөн лидер тодорч, цөөн хүн ярьж, цөөн эх сурвалж мэдээлэл түгээгч байсан бол Монголын ардчилсан хувьсгалын мэдээлэл түгээсэн хэлбэр нь Америкийн хувьсгалтай төстэй байдаг. Үндэсний олон сэтгэгчтэй, олон бичигч, олон мэдээлэл түгээгчтэйгээрээ Америкчууд одоо ч бахархдаг бөгөөд Монголын хувьсгал ч бас тийм хэмжээнд зохион байгуулагдсан нь сонирхолтой түүх болон үлджээ. Сэтгүүлчид, хуульчид, эдийн засагчид, философичид, багш нар, амьдралын ухаантнууд гээд олон сонирхолтой илтгэгчид газар бүр төрөн гарч байлаа. Нийгэм тэр аяараа шинэ үзэл бодол, шинэ сэтгэлгээ, шинэ хандлагын сургалтын талбар болж байв. Суралцах нь хэвийн үзэгдэл төдийгүй бүх насныхан, бүх мэргэжлийнхэн бүхнийг шинээр суралцаж байв. Суралцах замаар хувьсан өөрчлөгдөж байв. Суралцах, сургах, хамтдаа өөрчлөгдөж сайжрах замаар бүх нийтээрээ өргөн хүрээтэй цоо шинэ мэдлэгийг эзэмшиж байгаа энэ үйл явц одоо ч үргэлжилж байна. Эрдэм мэдлэг, мэдээллийг түгээх, түүнийг хурдтай хүртэж бусдад тархааж чадаж байгаагаараа Монголын нийгэм онцгой гайхагддаг билээ. Өдгөө манай улсын энэхүү содон чадварыг шинээр ардчилалд шилжин орж байгаа улс орнууд сонирхон судалж байна. Монголын ардчилал цаашид ч улам ихийг суралцах хөшүүрэг болсоор, бүх нийтээрээ мэдээлэлтэй, мэдлэгтэй байх нөхцөл нь бүрдсээр байх болно.

Ардчилал нь нийгмийн тогтолцоо гэдэг утгаараа шударга ёс, оршихуй, тусгаар тогтнолын баталгаа мөн ч байнгын арчилгаа, өмгөөлөл, ухаарал шаарддаг зүйл билээ. Тиймээс бид ардчиллынхаа эдгээр үнэт зүйлсийг сахин хамгаалж улам бүр баяжуулсаар байх болно.

Уулзалтад Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дэд дарга Габриэлюс Ландсбергис тэргүүтэй төлөөлөгчид болон УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Л.Болд, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн дарга М.Батчимэг, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Литвагийн парламентын бүлгийн дарга С.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Польш, Монгол-Болгарын парламентын бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг, Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь нар оролцлоо.

Г.НАРАН

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж