Нийгэмд дуулиан шуугиан тарьсан ногоон автобусны хэргийн шүүх хурал үргэлжилж байна. Өнгөрсөн 2023 оноос хойш шалгасан энэ хэрэгт Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар, "Тэнүүн-Огоо" ХК-ийн захирал А.Ганхуяг тэргүүтэй 24 хүнийг яллагдагчаар татсан байдаг. Долоо дахь өдрөө үргэлжилж буй шүүх хурлын эхэнд Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар мэдүүлэг өгч байна. Тэрбээр сайдын албан тушаалд хүчээр тохоон томилогдож, нийтийн тээврийн төсвийг өөр дээрээ тусгахыг хүсээгүй гэдгээ хэлсэн юм.
Энэ тухайгаа шүүх дээр мэдүүлэхдээ "Ерөнхий сайд "Энэ жилээс нийтийн тээврээ шинэчлэе. Хотын төсөв дээр мөнгийг нь тусгая. Судалгаа тооцоо юу байна" гэсэн. Хотын дарга асан Д.Сумъяабазар 2022 оны тавдугаар сарын 18-нд 1432 автобус хэрэгтэй байгаагийн 1100-г нь төрөөс, 300-г нь хувийн хэвшил шийднэ гэж тоо гаргасан. Тэгээд өөрсдөө 224 автобусаа авчихсан байсан. Нийслэлийн төсөв дээр санхүүжилтээ тавиулах гэж байсан чинь Түгжрэлийн сайд дээр тавих саналыг Эдийн засгийн сайд Ч.Хүрэлбаатар гаргасан. Би татгалзаж байгаагаа илэрхийлж "Өмнөх 224 автобус яалаа. Ийм асуудалтай насаараа оролцоогүй. Ганц удаа 2006-2008 онд Төрийн ордны цогцолборын ажлыг ухсан нүхтэй нь авч, Чингис хааны хөшөөг удирдаж босгосон. Энийг хүмүүс мэдэхгүй. Би Барилга захиалагчийн товчооны дарга байсан. Тэндээс авсан сургамж нь хяналт шалгалт, гүйцэтгэл зохион байгуулалт хийх нь миний ажил биш юм билээ. Монголын нөхцөлд хэрэгт ороход хамгийн амархан ажил гэдгийг мэдэж авсан.
Гэтэл Сангийн сайд Б.Жавхлан "Төсвийг Ж.Сүхбаатар сайдад өгөх нь зөв. Нийслэл хариуцлагагүй газар. Энэ мөнгийг өгч болохгүй" гэсэн. Тэгсэн би хүлээж авахгүй гэдгээ хэлсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Тэгээд яах юм бэ" гэсэн. Хажуугаар нь бас нэг сайд "Автобусгүй, мөнгөгүй болох гээд байна. Та өөр дээрээ авчих л даа" гэсэн.
Дараа нь Ч.Хүрэлбаатар сайд надад аминчлан хэлэхдээ "Тан дээр энэ төсвийг тавихгүй бол нийслэлд тавьчихвал УИХ дээр Төсвийн байнгын хороонд намын бүлэг дээр хуваагаад авчихна. Нийт 300 тэрбумыг тойрогтоо хуваагаад авчихна. Чи мэднэ шүү дээ. Чам дээр төсөв тавьчихвал хэн ч УИХ-ын гишүүдээс авахгүй, булаацалдахгүй" гэсэн. Би зөвшөөрөөгүй ч дараа нь улсын төсөв Засгийн газрын хуралдаанд орж ирэхдээ төсвийг над дээр тавьсан байсан. Би Монголын төрд орж ирчихээд доромжлол амсчихаад явж байгаа хүн. Өөрөө шударга байх тухай ярьж, Монголын том хулгайчидтай тэмцэн олон жилийн амьдралаа золиосолчихоод хулгай хийсэн юм шигээр гутааж байна. Хэнд гомдох вэ. Төрд ажиллахдаа олон ажил хийж байсан" гэв.
3,569.17















































