БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ.
Харин "Шударга ёс" эвслийн бүлгээс уг асуудлаар иргэдээс маш их санал ирж байгаа тул "Судлах шаардлагатай" гэж үзээд, ажлын тав хоногийн завсарлага авлаа.
Ингэснээр С.Баярцогтыг огцруулах асуудлыг хоёрдугаар сарын 17-ны өдөр хэлэлцэхээр болж хойшилж байна.
“Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ завсарлага авах санал гаргасны дараа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт байр сууриа илэрхийллээ. Тэрбээр,
“Шударга ёс эвсэл энэ асуудлаар завсарлага авч байгаад харамсч байна. Намайг хангалттай гүтгэж, доромжиллоо. Засгийн газрын болон миний нэр хүндэд халдлаа. УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог нарыг надаас уучлал гуйж, энэ асуудлаа татаж авах гэж байна гэж бодож байсан. Би УИХ-ын Ёс зүйн хороо, шүүх, Үндсэн хуулийн цэцэд хандана. УИХ-ын гишүүдэд ажил ямар процессоор явагдсан талаар мэдээлэл хүргүүлчихсэн байхад судлах зүйл байхгүй, З.Баянсэлэнгэ дарга аа. Судлах шаардлагатай гэж үзэж байгаа бол татаж ав” гэсэн юм.
Нэгэнт Дэгийн тухай хуулиар завсарлага авах санал гаргасан учир хүлээж авахаас өөр сонголт үлдсэнгүй, асуудал хойшлогдлоо.
Мөн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэгдэхээр оруулж ирсэн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох асуудлаар “Шударга ёс” эвслийн бүлэг байр сууриа нэгтгээгүй гэх үндэслэлээр тав хоногийн завсарлага авсан юм.
Ингэснээр Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.
С.ОТГОН