Өвлийн спортын наадамд амжилттай оролцож байна

Хуучирсан мэдээ: 2015.02.05-нд нийтлэгдсэн

Өвлийн спортын наадамд амжилттай оролцож байна

-Одоогоор манай ахмад тамирчид тэшүүр, цанын төрлүүдэд гурван алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртээд байна.

Канад улсын Кюбек хотноо дэлхийн ахмад тамирчдын Өвлийн спортын II наадам эдгээр өдрүүдэд болж байна. Өнгөрөгч нэгдүгээр сарын 31-нд эхэлсэн уг тэмцээнд 22 орны 1500 гаруй тамирчин спортын арван төрлөөр хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдөж буй.

Манай улсаас цанын спортын улсын 28 удаагийн аварга ОУХМ Д.Энхээ, тэшүүрийн 15 удаагийн аварга, спортын мастер Н.Эрдэнэтуяа, өсвөр үе, насанд хүрэгчдын улсын зургаан удаагийн аварга ОУХМ Д.Очирсүх нарын алдар цуутай ахмад тамирчид шорттерк, гүйлтийн цана, тэшүүрийн төрлөөр өрсөлдөж байна.

Тэмцээний эхний өдөр(I.31) зургаан медаль хүртээд байсан манай баг тамирчид медалийнхаа тоог дахин нэгээр ахиуллаа. Тодруулбал, гүйлтийн тэшүүрийн эмэгтэйчүүдийн 500, 1500 метрт ОУХМ Л.Алтанцэцэг тус бүр алт, мөн энэ зайд спортын мастер Н.Эрдэнэтуяа хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн 500 м, 1500 м-т уралдсан спортын мастер Д.Санчирбилэг алт, хүрэл медалийг хүртээд байсан.

Харин өнгөрөгч мягмар гаригт болсон цанын 10 км-ын зайд 51.15 минутын амжилтаар ОУХМ Д.Энхээ мөнгөн медаль авлаа. Энэ зайд Канадын цаначид алт, хүрэл медаль хүртжээ.

Одоогоор манай ахмад тамирчид гурван алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль нийт долоон медаль хүртээд байна.

Цаначин, ОУХМ Д.Энхээ мөнгөн медаль авлаа.

Дашрамд, Дэлхийн ахмад тамирчдын өвлийн спортын II наадам ирэх ням гаригт буюу хоёрдугаар сарын 8-ны өдөр өндөрлөнө.

Фото агшинг ЭНД дарж үзнэ үү.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж