УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар
- Монгол Улсын Ерөнхийлөгч 11;
- Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороо 13;
- Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хороо 1;
- Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хороо 5;
- Төрийн байгуулалтын байнгын хороо 6;
- Төсвийн байнгын хороо 8; Эдийн засгийн байнгын хороо 7;
- Хууль зүйн байнгын хороо 6;
- УИХ дахь АН-ын намын бүлгээс 35;
- МАН-ын бүлгээс 12;
- МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс 25,
- Засгийн газраас 60 гаруй төсөл санал болгосон байна.
Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Оюун, Д.Ганбат, Х.Болорчулуун нараас 8 санал тусгайлан ирүүлжээ.
2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг боловсруулахдаа:
- Өргөн мэдүүлээгүй боловч хуулиар хэлэлцэх хугацааг заасан хууль, тогтоолын төслүүд;
- УИХ-д өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдээс холбогдох Байнгын хороод нь эхний ээлжинд хэлэлцүүлэхээр санал болгосон төслүүд;
- Өргөн мэдүүлээгүй боловч УИХ-ын даргын захирамжаар төслийг боловсруулж өргөн мэдүүлэхээр хугацаа заасан төслүүдийг жагсаалтад нэр зааж тусгах зарчим баримталсан байна.
Тогтоолд зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон УИХ-д өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслийг ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахдаа Байнгын хороодын саналыг үндэслэн УИХ-ын дарга шийдвэрлэж байх нь зүйтэй гэж үзжээ.
Өнөөдрийн байдлаар УИХ-д өргөн мэдүүлэгдсэн нийт 119 хууль, тогтоолын төсөл байгаагаас хэлэлцүүлгийн шатанд 68, хэлэлцэж эхлээгүй 51 төсөл байгаа аж.
Байнгын хорооны даргын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Батчимэг, Р.Гончигдорж, С.Бямбацогт нар асуулт асууж тодруулсны дараа байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэсэн юм.
Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай, Худалдааны тухай хуулийн төслүүдийг, УИХ-ын гишүүн С.Баярцогт Төрийн албаны тухай, Зөрчлийн тухай болон Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд, Казиногийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг жагсаалтад нэмж оруулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.
УИХ-ын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төсөлд хуулиар хэлэлцэх хугацааг нь заасан хууль тогтоомжийн төслүүдээс гадна Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай, Хяналтын тухай, Нийтийн сонсголын тухай, Ирээдүйн өв сангийн тухай, Гэр бүлийн тухай /шинэчилсэн найруулга/, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай /шинэчилсэн найруулга/, Монгол Улсын сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай зэрэг хуулийн төслүүд, түүнчлэн Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай, Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийг батлах тухай, Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслүүд зэрэг хууль тогтоожийн төслүүдийг хэлэлцэхээр нэр зааж тусгасан байна.