"Зам талбайг чөлөөлөхийн тулд хэнийг ч албадна"

Хуучирсан мэдээ: 2018.10.23-нд нийтлэгдсэн

"Зам талбайг чөлөөлөхийн тулд хэнийг ч албадна"

"Зам талбайг чөлөөлөхийн тулд хэнийг ч албадна"

Төрийн төмөр нүүрийг үзүүлж, Хотын захирагчийн ажлын алба, нийслэлийн Газрын алба хамтран аравдугаар сарын 16-нд "Туушин" зочид буудлын өргөтгөлийг  нураасан билээ.

Явган хүн явах замд хууль зөрчин өргөтгөл барьсан гэж үзэн, үүдний хэсгийнх нь өртгөлийг нураасан. Гэвч нэг тэрбум төгрөгийн өртөгтэй зочид буудлын үүдний хэсэгт өнөөг болтол сэргээн засварлах ажил хийлгүй хөх нийлэг уутаар хучсан хэвээр байна. Бид энэ удаагийн сурвалжлагаараа дээрх нураагдсан өргөтгөлийн хуучин буурийг хэзээнээс эхлэн засах, мөн өөр ямар газруудад албадан газар чөлөөлснийг албаны хүнээс тодрууллаа.

Нийслэлийн Газрын албанаас өгсөн мэдээллээр дараах газруудыг чөлөөлжээ. Үүнд:

  • "Авзага" ХХК-ийн  явган хүний зам дээр барьсан хашаа,
  • Чойжин ламын сүм музейн барилга болон хашаа,
  • Өргөө амаржих газар орчмын явган хүний замд тулгаж барьсан хашаа,
  • Өгөөж ХХК-ийн урд барьсан хашаа  зэрэг нийт таван байршил,
  • Баянзүрх дүүрэгт Натур худалдааны төвөөс нарны зам руу холбогдох зам дагуу явган хүний замд тулгаж барьсан  зургаан хашаа,
  • Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд явган хүний зам дээр  байрлуулсан зөөврийн граж зэргийг чөлөөлөөд байна.

"Явган хүний зам талбайг чөлөөлөхөд хувийн эзэмшил газар руу халдаагүй. Иргэн аж ахуй нэгж байгууллагууд  өөрсдөө кадастрын зургаа хэтрүүлж явган хүний зам руу сунгаж барилга, хашаа  барьсан учраас буулгаж байгаа.  Зөрчлийг арилгах хугацаатай шаардлагыг өгөхөд биелүүлэхгүй байгаа тохиолдолд газрыг албадан чөлөөлж байна" гэдэг тайлбарыг нийслэлийн Захирагчийн ажлын албанаас өгч буй юм.

ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ТАЛБАЙГ 3-5 ДАХИН НЭМЭГДҮҮЛНЭ

Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун “Нийслэлийн Засаг  даргын 2018 оны наймдугаар сарын 31-ний өдрийн А/809 дугаар захирамжийн дагуу явган хүний  зам, талбайг чөлөөлөх ажлыг  хийж байна.  Газар албадан чөлөөлөхөд  тодорхой хэмжээний зардал гарна. Газрын тухай хуулийн 57.4-т зааснаар “Заасан хугацаанд газрыг  чөлөөлөөгүй  бол  аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээг авч,  холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж заасан. Тиймээс газар албадан чөлөөлсөн зардлыг шүүхэд нэхэмжлэн гаргуулна. Явган хүний зам талбайг  ирэх  хоёр жилийн хугацаанд 3-5 дахин нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.” гэсэн юм.

Газар албадан чөлөөлөх ажлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн Газрын албаны ахлах мэргэжилтэн Ц.Шижирээс тодрууллаа.

“ТУУШИН” ӨРГӨТГӨЛИЙН ХЭСГЭЭ ӨӨРСДИЙН ХӨРӨНГӨӨР ТОХИЖУУЛАХ САНАЛ ТАВЬСАН

-“Явган хүний зам” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулаад удаагүй байна. Энэ хугацаанд иргэдийн санал гомдол хэр их ирж байна?

-Иргэдээс  санал их ирж байна. Иргэдийн ирүүлсэн санал явган хүний замыг чөлөөлөхөд тусгалаа олоод явж байна гэхэд буруудахгүй. Эхний ээлжинд хотын захиргааны зүгээс судалж гаргасан хэд, хэдэн байршлуудад гол анхаарлаа хандуулан ажиллаж, газар чөлөөлөлт хийгээд, зарим байршлуудад тохижилтын ажил дуусаж байна. Тухайлбал, Натур худалдааны төвөөс урагш явсан зам, нэгдүгээр төрөх эмнэлгийн орчимд чөлөөлсөн газрыг тохижуулаад дууссан. Одоо Нийслэлийн хоёрдугаар сургууль орчим, Үйлдвэр урлалын политехникийн коллеж орчим газрын чөлөөлөлтийн ажлууд үргэлжлээд явж байна.

Мөн иргэдийн санал хүсэлт  гаргасан газар, Газрын албанаас судалж тогтоосон байршлуудад газар чөлөөлөх шаардлага байгаа тул холбогдох аж ахуйн нэгж, иргэдэд шаардлага хүргүүлсэн. Шаардлагад тодорхой  хугацаа заасан байгаа. Энэ хугацаанд өөрсдөө арга хэмжээ аваагүй бол албадан чөлөөлөх арга хэмжээ авна.

-“Туушин” зочид буудлын өргөтгөлийг албадан чөлөөлсний дараа тохижилтын ажил хийнэ гэж мэдэгдсэн ч өнөөдрийг хүртэл завсар хийсэнгүй? 

-“Туушин” зочид буудал өргөтгөлийн хэсгээ өөрсдийн хөрөнгөөр тохижуулах санал тавьсан. Харин тохижилтын ажлын  стандарт хангуулж, зөв хийж байгаа эсэхэд хотын захиргааны зүгээс хяналт тавьж ажиллана.

-Тухайн үед “Туушин” зочид буудлын хүмүүс зөвшөөрөлтэй өргөтгөл нураалаа хэмээн маргаан үүсгэсэн. Зөвшөөрөл авч өргөтгөлөө барьсан байсан уу, та бүхэн судалж үзэв үү?

-Зөвшөөрөлгүй байсан.

-Газар чөлөөлөлтийг хэднийг хүртэл хийх вэ. Одоогоор хэчнээн кв газар чөлөөлөөд байгаа бол?

-Тухайн байгууллага болон иргэний объект нь харилцан адилгүй нэг бол хашаа, нөгөө бол өргөтгөл байгаад байна. Энэхүү мэдээлэл нь өдөр бүр шинэчлэгдэж байна.

Хүйтний эрч чангарахаас өмнө товлосон байршлуудад газар чөлөөлж дуусгаад эцсийн байдлаар тэдэн байршилд, ийм газрыг чөлөөллөө гэх тоон мэдээлэл өгөх боломжтой болно. Ирэх арваннэгдүгээр сарын дунд хүртэл Улаанбаатар хотын хэмжээнд газар чөлөөлөлт хийнэ.

Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт Худалдаа хөгжлийн банкны /ХХБ/ урд талын явган хүний замыг хашаалж, хүн явах боломжгүй болгосон. Танайхаас мэдэгдэл хүргүүлсэн гэсэн. Хэдийгээр чөлөөлөх бол?

-Тийм ээ, явган хүний зам чөлөөлж өгөхийг шаардсан хугацаатай мэдэгдлийг ХХБ-нд энэ сарын 17-нд хүргүүлсэн. Тухайн компани нь зөвшөөрөлгүйгээр эзэмшил газрын талбайн хэмжээг нэмэгдүүлж, нийтийн эзэмшлийн зам талбайд хашаа барьсан байдаг. ХХБ-ны зүгээс мэдэгдэлд тусгасан хугацааг арван хоногоор сунгаж өгөхийг хүссэн. Хүсэлтийг нь хүлээн авсан. Иймээс аравдугаар сарын 27-ноос хойш газрыг чөлөөлж, шаардагдах бүх зардлыг хариуцахаа мэдэгдсэн.

Нийслэлийн Газрын албанаас зөвхөн  зочид буудал, банк гэлтгүй явган хүний зам, орц гарц хаасан асар олон байгууллагад мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдлүүдийн дагуу нийслэл, дүүргийн газрын алба нийлээд газар чөлөөлтийн ажил хийгээд явж байна. Албадахын хувьд хэнийг ч байсан албадна. Хамгийн гол нь иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь хангагдах ёстой.

Цаашид хэчнээн явган хүний зам талбайг чөлөөлөхөөр төлөвлөж байгаа вэ?

Дараагийн ээлжинд явган хүний замыг яаралтай чөлөөлөхөөс өөр аргагүй, хүндэрсэн нөхцөл байдалтай замуудад ажиллана. Тухайлбал, Баянгол дүүргийн 25-р эмийн сангийн хойшоо явсан уулзвараас баруун зүг рүү буюу Гэмтэл, согог, судлалын үндэсний төвийн уулзвар хүртэлх явган замыг чөлөөлж, тохижилтын ажил хийхээр төлөвлөсөн. Гэхдээ энэ жил зөвхөн газар чөлөөлөлтийн ажлыг хийх юм.

Мөн Үйлдвэр урлалын политехникийн коллеж орчим, Хорооллын 47-р сургуулийн орчим газар чөлөөлж,  явган хүнийг замыг тохижуулна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж