Малын хөлийн татварыг малчдын эрх ашигт нийцүүлж авъя

Хуучирсан мэдээ: 2015.01.13-нд нийтлэгдсэн

Малын хөлийн татварыг малчдын эрх ашигт нийцүүлж авъя

Малд татвар ноогдуулах асуудлыг төсвийн цоорхойг нөхөх хэрэгсэл биш харин МАА-н салбарын урт хугацааны тогтвортой хөгжлийг ханган өрсөлдөх чадварыг нь сайжруулах замаар малчдын амьжиргааг дээшлүүлэх, МАА-н бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэн үнийн зохисгүй өсөлтөөс сэргийлэх асуудлыг цогцоор нь шийдвэрлэх гарц болгох саналыг БОДЛОГО СУДЛАЛЫН ТӨВӨӨС дэвшүүлж байна.

МАА-н салбарын онцлог

  • Сэрүүн, хуурай бүсийн үржил шимээр дорой газрыг ашиглан экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх орлуулшгүй боломж
  • Хүн ам сийрэг уудам нутгийг эзэнтэй байлгаж ирсэн түүхэн үүрэгтэй
  • Монголын уламжлалт  ахуй, ёс заншлын өлгий
  • Эдийн засгийн хүндрэлийн үед ашиглагддаг нийгмийн “зөөлөвч”
  • Хөдөөгийн хүн амын ажил эрхлэлт, орлогын үндсэн эх үүсвэр
  • Тогтвортой хөгжлийн замд орж чадвал хөдөөгийн ажил эрхлэлт, орлогын дундаршгүй эх үүсвэр юм.

МАА-н салбар, малчдын амьжиргааны эмзэг байдал буюу өрсөлдөх чадварын доройтол

МАА-н салбар, малчдын амьжиргааны эмзэг байдал нь дараах зүйлээр илэрнэ. Үүнд:

  • Байгалийн эрсдэлээс хамгаалагдаж чадаагүй
  • Малын тооны хэт өсөлтөөс улбаалсан бэлчээрийн доройтол нь малын ашиг шим, чанарт муугаар нөлөөлөөд зогсохгүй отрын нөөц нутаггүй болсноос байгалийн эрсдэлээс дайжин нүүж малаа авч үлддэг байсан уламжлалт аргыг үгүйсгэн эрсдэлийн өмнө ямар ч хамгаалалтгүй болгосон. Ган, зудаас дайжиж нүүх бэлчээргүй болсныг нэмэгдэл тэжээлээр орлуулж чадав уу гэтэл харин ч эсрэгээрээ 1 хонин толгойд ноогдох тэжээл бэлтгэлийн хэмжээ 25 жилийн өмнөхөөс ч буурсан байна.
  • Мал, малын гаралтай бүтээгдэхүүний эрүүл ахуй, чанарын шаардлага хангадаггүйгээс өндөр үнэтэй зах зээлд хүрч чаддаггүйд оршиж байна.

Малчдын амьжиргаа баталгаагүй болсноос тэтгэврийн насны хөгшчүүл голлосон цөөн хүн мал дээр үлдэж, малчдын залгамж халааны асуудал эзэнгүйдэх хандлага газар авлаа.

1998 онд 32.9 байсан малын тоо байнга өссөний дотор сүүлийн 4 жилд дунджаар 12.2%- иар өсөж өнөөдөр 52 сая болоод байна. Харамсалтай нь зуд 1999-2000, 2009-2010 онуудад 2 удаа давтагдаж малын тоо урьд оноос 25-30%-иар хорогдож, малчдын амьжиргааг эрс доройтуулж, ДНБ-ийг ихээхэн савлуулж байв. Хэдийгээр харгис боловч хүн зохицуулж чадахгүй бол мал, бэлчээрийн даацын харьцааг байгаль эх өөрөө зохицуулдгийн жишээ энэ юм. 

Дэлхий нийтийн цаг агаарын өөрчлөлт, хүний зохисгүй үйл ажиллагаанаас үүдсэн ган, зудын давтамж нэмэгдэж байгаа нөхцөлд малчид маань дараагийн гамшиг хэзээ болох бол гэсэн айдастайгаар жил бүрийн өвлийг угтаж аз дүйн малаа өсгөсөөр. Үүний нөгөө талд МАА-н үндэс болсон бэлчээрийн доройтол газар авч, биологийн олон янз байдал хомсдон, соргог бэлчээрт идээшилсэн хосгүй амтлаг, экологийн цэвэр хүнс хэрэглэж, унаган сэргэг байгальд өсөж торних хойч үеийнхний маань эрх ашиг хохирсоор. 

Мал, махны эрэлт, нийлүүлэлтийн гажиг буюу хэн ч хожихгүй тогтолцоо

Монгол улсын 5 төрлийн малын бүтцийг төлөөлсөн 3 тэмээ, 21 адуу, 24 үхэр, 165 хонь, 157 ямаа бүхий нийт 370 толгой малтай нэг малчин өрх дээр малынхаа тоог өсгөхгүй барих (тухайн жилд бойжуулсан төлийн тоотой тэнцүү хэмжээний малыг заазлан борлуулах буюу аж ахуйн эргэлтэд оруулах), жилд тэмээний тоог 6.5%, бусад малыг 10%-иар өсгөх гэсэн 2 хувилбараар сүргийн эргэлтийн нарийвчилсан тооцоог 2 жилээр хийн харьцуулж үзэв. Сүргийн эргэлтээр малынхаа тоог өсгөхгүй барих тохиолдолд мах үйлдвэрлэл нядалгааны жингээр 2.87 тонн, харин малаа өсгөсөн тохиолдолд 1.84 тонн болж буурч байна. Хөдөөгийн өрхийн махны дотоод хэрэглээг жилийн 120 кг, өрхийн 3.4 хүнээр тооцвол 400 орчим кг буюу 0.4 тонн болно. Үүнийг нийт үйлдвэрлэсэн махнаас хасаж зах зээлд нийлүүлсэн махыг тооцвол малынхаа тоог өсгөхгүй барих тохиолдолд 2.47 тонн, малаа өсгөсөн тохиолдолд 1.44 тонн болж, 1.03 тонноор багасаж байна. Өөрөөр хэлбэл малчин өрх малаа өсгөснөөр жилдээ 1.03 тонн махаа кг-ийг нь 4 мянган төгрөгөөр бодон зах зээлд нийлүүлж, 4.1 сая төгрөгийн орлого олох боломжоо алдаж байгаа хэрэг юм. Малчин маань малаа борлуулж, орлого олохын оронд байгальд даатган азаа үзэх нь найдваргүй банканд мөнгөө хадгалуулсантай утга нэг юм.

Өнөөдрийн 141.5 мянган малчин өрхөөр тооцвол улсын хэмжээнд малчны орлогын алдагдлыг 580 тэрбум төгрөг, махны нийлүүлэлтийн алдагдал 145.7 мянган тонн болж байна. Өөрөөр хэлбэл малын тоог өсгөх нь малчин өрхийн орлогыг бууруулаад зогсохгүй махны нийлүүлэлтийг багасган үнийг өсгөх гол хүчин зүйл болж байна. Сүргийн эргэлтийн загварыг ашиглан дээрх тооцоог аймаг, сум, өрх нэг бүрээр хийх боломжтой.

Хонь, үхрийн тоо ба хонь, үхрийн махны үнийн өсөлтийн хамаарал

Малын тоог өсгөх нь махны нийлүүлэлтийг бууруулан үнийг өсгөдөг болохыг 2004-2013 оны хонь, үхрийн тоо ба хонь, үхрийн махны үнийн хамаарлыг харуулсан дээрх тахирмагаас тодорхой харагдана. 2009 онд мах бэлтгэл хамгийн өндөр буюу 264.4 мянган тн байсан үед махны үнэ буурсан байна.

2013 онд Монгол улсын хэмжээнд 250 мянган тонн мах хэрэглэсэн статистик мэдээтэй бөгөөд махны алдсан нөөц нь үүний 58%-тай тэнцэж байгаа хэрэг юм. Хэрвээ дээрх мах зах зээлд нийлүүлэгдсэн бол махны үнэ 58%-иар багасдаггүй юм гэхэд тухайн үеийн үнээс ихээхэн доогуур байж, 2013 онд гарсан 10.5%-ийн инфляцыг нэг оронтой тоонд элбэг барих хүчин зүйл болох байлаа. Алдагдсан махны нөөцийн кг бүрийг нь 4 доллараар бодож экспортод гаргасан бол 580 орчим сая долларын орлого олох байв.

Ийнхүү малын тоог өсгөснөөр малчин өрхийн орлого багасаж, хотын хэрэглэгчид маань илүү үнэтэй мах идэж, гадаад валютын томоохон боломжийг алдаж, Монгол улс бүхэлдээ хохирч, хэн ч хожихгүй байгаа хэрэг.

Энд малын хэт өсөлтөөс үүдэн бэлчээр, биологийн олон янз байдал, байгаль орчинд учирч байгаа хохирлыг огт оруулаагүй хэрэг шүү дээ.

Авч үлдэх малын тоог тухайн жилийн бэлчээрийн  даацад тааруулан тогтоож, үүнээс илүү гарах малыг намар-өвлийн эхэнд зах зээлд борлуулах нь малчин өрхийн хувьд 5 талын ач холбогдолтой юм. Үүнд:

Нэгд, тухайн жилийн мөнгөн орлогыг шууд нэмэгдүүлнэ

Хоёрт, үлдэх малын өвөлжилтийн бэлтгэлийн чанар дээшилж, малын зүй бус хорогдлыг бууруулна

Гуравт, бэлчээрийн тэжээлийн хангамж сайжирснаар малын чанар, ашиг шим нэмэгдэнэ

Дөрөвт, малчдын хөдөлмөрийн ачаалал буурна

Тавд, бэлчээрийн ачаалал буурснаар ургамлын нөхөн төлжих үйл явц хэвийн болж, газрын гарц, зүйлийн бүрэлдэхүүн сайжран МАА-н тогтвортой өсөлтийг хангах  нөхцөл болох юм. Түүний хажуугаар сум бүрд борлуулах мал, махны хэмжээ нэмэгдсэнээр мал, махны борлуулалтын чиглэлийн маркетингийн хоршоод хөгжих, төвлөрсөн бэлтгэл сайжрах эх үндэс тавигдах юм.

Бэлчээрийн даацаас хэтэрсэн нөхцөлд малын тоог бууруулах нь малчин өрхийн орлогыг бууруулахгүй, харин ч малын хээл хаялт, сувайралт, хорогдол багасан төл бойжилт, ашиг шим нэмэгдсэнээр өрхийн орлого өсөх боломжтой болохыг Өмнөговь аймгийн Ханбогд сумын жишээн дээр малын тоог жилд 8%-иар 5 жилийн турш бууруулаад байхад малчин өрхийн орлогыг жилдээ 10%-иар өсгөөд байх боломжтой гэсэн сүргийн эргэлтийн тооцоо харуулж байна. Үүн дээр нэмээд малын сүргийн бүтцийг сайжруулан эх малын эзлэх хувийн жинг нэмэгдүүлэн эр малыг өсвөр насанд нь борлуулах, малын чанарыг нутгийн шилмэл омгийн малаар сайжруулах зэргээр бүтээгдэхүүн үйлдвэрлэл, орлогыг нэмэгдүүлэх ихээхэн нөөц боломж ашиглагдахгүй байна.

Ханбогд сумын хувьд өнөөгийн 126 мянган малыг бэлчээрийн даацад тохирч байсан 1990 оны 60 мянган толгой болтол бууруулсан ч малчдын орлогыг өнөөдрийн түвшнээс бууруулалгүй жил бүр 10%-иар өсгөх бүрэн боломжтой гэсэн үг.

Дээрхээс гадна бүтээгдэхүүний  чанарыг дагаад борлуулах үнэ нэмэгдэх ёстой бөгөөд энэ асуудлыг төр, МАА-н бүтээгдэхүүнийг худалдан авагч  хувийн салбар хамтран оновчтой шийдвэл МАА-н салбар, малчдын амьжиргаа бүр ч хурдан өсөх боломжтой юм. Тухайлбал ноолуурын голчийг 0.1 микроноор багасгахад 50 центийн буюу дундаж голчийг 16-аас 15 микрон болгож бууруулахад л 1 кг самнасан ноолуур дутмаас 5 доллар буюу 10000 төгрөг нэмж олох боломжтой. Харамсалтай нь чанарын ялгааг харгалзалгүй хавтгайруулан олгодог ноосны харалган урамшууллаар энэ асуудлыг шийдэх биш, хүндрүүлж ирлээ.

Малын хөлийн татвар асуудлыг шийдэх гарц болох нь

Малын  хөлийн татвар гэж нэрлэж заншсан татвар нь агуулгаараа бэлчээр ашигласны төлбөр байх нь зүйтэй юм. Учир нь малын толгойн тоонд бодон тооцдог учир энэ нь орлогын татвар гэхээсээ илүү бэлчээр буюу бэлчээрийн ургамал, ус, хужир мараа зэрэг байгалийн нөөцийг ашигласны төлөөх төлбөр юм.

Монгол улсын Үндсэн хуульд “бэлчээр төрийн өмч”, “мал сүрэг төрийн  хамгаалалтад байна” гэсэн 2 чухал заалт бий. Харамсалтай нь төр өөрийн өмчийн бэлчээрээ ч хамгаалж чадсангүй, малыг байгалийн эрсдэлээс хамгаалах найдвартай тогтолцоог ч бүрдүүлж чадсангүй явж ирлээ.

Төр бэлчээрийг ашиглуулсны төлөө тодорхой төлбөр авах нь зах зээлийн эдийн засгийн зарчимд бүрэн нийцнэ. Харин ч төлбөргүй байснаар бэлчээрийг зохистой ашиглуулж, хамгаалах эдийн засгийн хөшүүрэггүй болж, малын эмх замбараагүй өсөлтийг дэвэргэж байгаа хэрэг юм. Хамгийн гол нь малын тоогоор хөөцөлдөх нь хэнд ч ашиггүй бөгөөд ямар сөрөг үр дагавартай болохыг дээр дурдсан билээ.

Дээрх тооцоонд үндэслэн малын хөлийн татварыг бэлчээр ашигласны төлбөр хэлбэрээр ноогдуулж, МАА-н салбар, малчдын амьжиргааг тогтвортой болгох хэрэгсэл болгон ашиглах санал дэвшүүлж байна. Үүнийг дараах  механизмаар хэрэгжүүлье.

1. Бэлчээр ашигласны төлбөрийн орлогыг МАА-н салбар, малчдын амьжиргааг тогтвортой болгох зориулалтаар сумын мэдэлд үлдээн малыг эрсдэлээс хамгаалах, малын эрүүл мэнд, чанарыг сайжруулах, бэлчээрийн менежментийн үйл ажиллагаанд зарцуулах (чухам энэ тохиолдолд малчид төлбөрөө сайн дураар төлөхөөс ч татгалзахгүй болохыг туршилт, судалгаа харуулсан)

2. Бэлчээр ашигласны төлбөрийг оны эцэст тоологдсон хонин толгойд ноогдуулах

3. Малыг хонин толгойд шилжүүлэхдээ малын бэлчээрийн өвсний идэмж, бэлчээрт учруулах хохирлыг харгалзан хонь 1, ямаа 2, тэмээ 3, үхэр 4, адуу 8 гэсэн илтгэлцүүрийг ашиглах

4.    Хот айл, айл саахалт, малчдын бүлэг зэрэг нэг дор нутагладаг малчин өрхүүд төлбөрөө хамтран төлөх, чинээлэг олон малтай нь ядуу, цөөн малтай өрхийн өмнөөс ацаглан төлөх зэргээр харилцан бие биеэ дэмждэг тогтолцоог нээлттэй байлгах

5. Тавиул малыг төлбөрөөс чөлөөлөхгүй байх

6. Бэлчээр ашигласны суурь төлбөрийг 1 хонин толгойд 500 төгрөгөөр тогтоох (Дээр дурдсан 370 мал бүхий малчин өрх жилдээ энэ жишгээр 400 шахам мянган төгрөг төлөхөөр байгаа нь малыг эргэлтэд оруулснаар жил бүр олох 4.2 сая төгрөгийн нэмэгдэл орлогынхоо 10 хүрэхгүй хувийг л зарцуулах тул малчинд энэ нь ямар ч дарамт болохгүй юм)

7. Байршлаас хамааран суурь төлбөрийг доорх маягаар нэмэгдүүлэх ба хөнгөлөх

a. Улаанбаатар хотын мал аж ахуй эрхлэх бүсийн хил дотор +50%

b. Улаанбаатар хотын хилээс 30 км-ийн радиус дотор +35%

c. Дархан, Эрдэнэт хотын хил дотор +35%

d. Дархан, Эрдэнэт хотын хилээс 30 км-ийн радиус дотор +25%

e. Аймгийн төв, түүнтэй дүйх томоохон суурин газрын хилийн дотор болон түүнээс 20 км-ийн радиус дотор, түүнчлэн төмөр зам, хатуу хучилттай авто замаас 10 км дотор +20%

f. Сумын төв болон түүнтэй дүйх жижиг суурины хил болон түүнээс 10 км-ийн радиус дотор +10%

g. Нэн алслагдсан болон ашиглалтгүй бэлчээрийг шинээр ашигласан бол -30%

h. Хилийн боомт, дэд бүтцийн зангилаа зэрэг суурин газраас 30 км доторх бүсээс гадна улсын хил дагуу байнга нутагладаг малчдад -50%

8. Бэлчээр ашиглалтын гэрээ байгуулан түүнд хавсаргах бэлчээр ашиглалтын зургийн хил заагийг үндэслэн малчдын бүлэг нэг бүрээр бэлчээрийн даацыг тогтоох (аль  ч суманд бэлчээрийг зохистой ашигладаг малчид байхын зэрэгцээ даацыг хэтрүүлэн талхалдаг жудаггүй малчид байдаг, иймд сайныг нь урамшуулж, саарт нь хариуцлага тооцох үүднээс бэлчээрийн даацыг бүлэг нэг бүрээр тооцохоос өөр гарцгүй). Бэлчээр ашиглалтын гэрээнд ган, зуд болоход бусдын малыг бэлчээрийн даацад нийцүүлэн оруулах үүргийг тусгах

9. Бэлчээр даац хэтрэлтээс хамааруулан суурь төлбөрийг 100% (1 хонин толгойд 1000 төгрөг хүртэл) нэмэгдүүлэн ноогдуулах замаар малыг жил бүр аж ахуйн эргэлтэд оруулах хөшүүрэг болгох

10. Бэлчээр ашиглалтын төлбөрийн орлогыг сумын төсөвт төвлөрүүлэн дараах арга хэмжээнд зарцуулах (1 хонин толгойд ноогдох 500 төгрөгөөс тооцов). Үүнд:

a. Малын эрсдэлийн даатгалын санд 300 төгрөг (энэ нь малчид, орон нутгийн чадамжаас давсан том хэмжээний гамшиг буюу малын хорогдол тухайн сумын дүнгээр 5%-иас хэтэрсэн тохиолдолд олгодог даатгалын тогтолцоо бөгөөд энэхүү даатгалд нийт малын дөнгөж 10% орчим нь хамрагдаж байгааг нэмэгдүүлэн нийт малыг хамруулах шаардлагатай)

b. Малын эрсдэлээс хамгаалах санд 100 төгрөг (үүнийг малчид, орон нутаг өвөлжилтийн бэлтгэлийг сайн хангаснаар давж гарах боломжтой бага хэмжээний эрсдэлээс хамгаалах зориулалттай өвс тэжээл, хашаа хороо гэх мэт зорилтот үйл ажиллагаанд зарцуулахын зэрэгцээ мөнгөн хэлбэрээр хадгалан шаардлагатай жилд ашиглахаар хуримтлуулдаг боломжтой байх)

c. Малын чанар, эрүүл мэндийг сайжруулах санд 100 төгрөг (үүнийг шилмэл омгийн үржлийн малаар хангах, эрүүл мэндийн үйлчилгээнд сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн шугамаар зарцуулна)

11. Бэлчээрийн даац хэтэрснээс үүдсэн нэмэгдэл төлбөрийн 40%-ийг Малын эрсдэлээс хамгаалах сан, Малын чанар, эрүүл мэндийг сайжруулах санд үлдэх 60%-ийг бэлчээр менежментийн үйл ажиллагаанд зарцуулах

Өнөөгийн байдлаар малын эрсдэл, чанар, эрүүл  мэндтэй холбоотой арга хэмжээнд улсын төсвөөс жилдээ дунджаар 17-18 тэрбум төгрөг зарцуулж байна. Үүнийг дээрх бэлчээр ашиглалтын төлбөрөөс бүрдүүлэх боломжтой.

Улсын дүнгээр 100 сая орчим хонин толгой, нэг сум дунджаар 300 мянга орчим хонин толгой малтай байгаа учир дээрх саналыг хэрэгжүүлсэн тохиолдолд дундаж 1 суманд суурь төлбөрөөр 150 сая төгрөг, даац хэтрэлтийн нэмэгдэл төлбөрөөр 100 сая төгрөг (даац 67%-иар хэтэрсэн гэж үзвэл нэмэгдэл төлбөр 500 төгрөгөөс энэ хувир тооцвол 335 төгрөг болно) нийт 250 сая төгрөг, улсын хэмжээнд 83.5 тэрбум төгрөг бүрдүүлэх тооцоо байна.

Өөрөөр хэлбэл 1 суманд суурь төлбөрөөр малын эрсдэлийн даатгалын санд 90 сая,  Малын эрсдэлээс хамгаалах сан, Малын чанар, эрүүл мэндийг сайжруулах санд тус бүр 30 сая төгрөг, нэмэлт төлбөрөөр Малын эрсдэлээс хамгаалах сан, Малын чанар, эрүүл мэндийг сайжруулах санд тус бүр 20 сая төгрөг, бэлчээрийн менежментийн үйл ажиллагаанд 60 сая төгрөг төвлөрөх боломжтой юм. Энэ нь зөвхөн жишиг хуваарилалт бөгөөд тухайн сум өөрийн онцлогтоо тохируулан аль санд илүү хөрөнгө төвлөрүүлэн зарцуулахаа өөрсдөө шийднэ. Тухайлбал, мал харьцангуй эрүүл говийн сумдад усны асуудлаа шийдэхэд түлхүү хөрөнгө хуваарилах бол усны асуудал багатай хангайн сумдад малаа эрүүлжүүлэн экспортод гарган орлогоо түргэн нэмэгдүүлэхэд илүү хөрөнгө зарж болно. 

Манай орны өнөөгийн нөхцөлд мал сайжруулахад сайн чанарын хээлтүүлэгч ашиглах нь хамгийн дөхөмтэй, харьцангуй богино хугацаанд үр дүнг нь үзэх боломжтой. Нэг суманд дунджаар жишигт тэнцэх үржлийн насны 240 азарга, 140 бух, 17 буур, 550 хуц, 500 ухна, бүгд 1450-аад хээлтүүлэгч байх ёстой. Үүнээс азарга, буурыг өөрийн сүргээс шилэх, эсвэл цөөнөөр худалдан авах боломжтой юм.

Хээлтүүлэгч малыг үржилд ашиглах зохистой хугацаагаар баримжаалж, эхний ээлжид нийт хээлтүүлэгчийн 30 орчим хувь буюу 50 бух, 300-350 богийн хээлтүүлэгч шаардагдана. Зах зээлийн үнээр тооцоход 100 сая орчим төгрөгийн эх үүсвэрээр энэ арга хэмжээг хэрэгжүүлэх бөгөөд даруй 60 гаруй хувийг зөвхөн Малын чанар, эрүүл мэндийг сайжруулах сангаас гаргах боломж ийнхүү бүрдэж байгаа юм. Энэ ажлыг компаничлах биш, сумын малын чанар, малчдын эрэлт, орон нутгийн нөхцөлд тохируулан хэрэгжүүлэх учиртай. Сумын сүргээсээ дотор нь шилэх, малчдын хооронд хээлтүүлэгч солилцох, сайн хээлтүүлэгчийг өөр малаар сольж авах зэрэг зардал хэмнэх олон арга байна. Орон нутгаас бүрдэх сангийн хөрөнгөөр сумын хээлтүүлэгч малын хэрэгцээг 3-4 жилд хангах боломжтой, үүнд санал болгож буй хувилбарын амин сүнс нь оршиж байгаа болно. Дашрамд дурдахад үхэр, бог малын нийлүүлгийг гардан хээлтүүлгийн аргаар дагнан зохион байгуулбал дээрх тоог хоёр дахин, зохиомол хээлтүүлгийн аргыг нэвтрүүлбэл даруй 12-15 дахин бууруулах боломж бас бий.

Малын эрүүл мэндийн санхүүжилтийг эрх мэдлийг орон нутаг, малчдад өгөх нь хамгийн зөв шийдэл. Тэд өөрийн хэрэгцээг жагсааж, эрэмбэлээд, хамгийн тулгамдаж буй асуудлаар хөтөлбөр, төслөө өөрсдөө боловсруулж, санхүүжүүлж, хамгийн сайн үйлчилгээг сонгон хэрэгжүүлдэг хариуцлагатай байх шаардлагатай. Одоогийн байдлаар суманд хэрэгжүүлэх малын эрүүл мэндийн хөтөлбөр нь зөвхөн тухайн жилд вакцинжуулах малын тоо төдий бөгөөд үүнийг нийлүүлэгч хувийн мал эмнэлгүүд нь төлөвлөдөг, шахдаг, Сангийн яам, аймгийн Засаг дарга санхүүжүүлдэг бөгөөд харин хэрэглэгч малчин болоод төрийг төлөөлөн суугаа сумын Засаг дарга энэ талаар эрх мэдэлгүй байна. Гагцхүү гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчин гарсан үед авах арга хэмжээний зардлын тодорхой хэсгийг хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын хяналтын тор төвлөрсөн байдлаар төлөвлөж, зарцуулах шаардлагатай.

Ийнхүү дэвшүүлсэн сээгдхүүнхүүнаналыг хэрэгжүүлснээр МАА-н үндэс болсон бэлчээрийг зохистой ашиглах, МАА-н салбар, малчдын амьжиргааг эрсдэлээс бүрэн хамгаалах замаар тогтвортой болгох, бэлчээрийн даацыг үндэслэн малыг аж ахуйн эргэлтэд оруулснаар нийлүүлэлтийг нэмэгдүүлэн үнийн өсөлтөөс сэргийлэх, МАА-н зориулалтаар олгож байгаа төсвийн төвлөрлийг сааруулан хэрэглэгч малчид, орон нутагт ойртуулах, экспортын орлогыг нэмэгдүүлэх өргөн боломж бүрдэх юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж