Ц.Нямдорж: Түнэр харанхуй Засгийн газар ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2014.11.01-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж: Түнэр харанхуй Засгийн газар ажиллаж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016 оны төсвийн төсөөллийг тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд ажлын хэсэгт асуулт тавьж, саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Үг хэлэх гэхээр Ерөнхий сайд нь гараад явчих юм. Сангийн сайд байхгүй. Энэ төсвийн төсөвт Засгийн газар хариуцлагагүй юм оруулж ирж, УИХ хариуцлагагүй хэлэлцэж байна. С.Баяр, Сү.Батболдын Засгийн газрыг МАНАН-гийн Засгийн газар гэдэг байсан. МАНАН дунд хүн төөрөөд явдаг юм. Гэтэл Н.Алтанхуягийнх Түнэр харанхуй Засгийн газар ажиллаж байна.

Эдийн засаг чинь нүх рүү унаж байна. Түнэр харанхуйд нүх рүү унадаг. Ирэх жил долоон тэрбум триллионыг бүрдүүлнэ гэж Сангийн дэд сайдын хэлдэг худлаа. Орон тоо бүгд хэвээрээ. 2012 оныхоос 50-60 мянган хүнээр нэмэгдсэн. Ингэж самууруулсаар байгаад санхүүгийн уналт руу улс орныг чирэх гээд байна. Том төрөөс ухаалаг төр рүү явж байна гээд мундаг илтгэл тавиад, УИХ-ын дарга, бүлгийн дарга нар гарын үсэг зураад жигтэйхэн юм болсон. УИХ-ын гишүүдээс гарын үсэг зуруулахаар нь хуурч байна гээд гарын үсэг зураагүй нь болсон байна лээ. Би гарын үсэг зураагүй, дандаа л хууруулж байдаг.  Төмөр зам баригдана, гаднаас мөнгө олж ирнэ гэх юм. Хаанаас мөнгө олж ирэх вэ. Монголын төрийг Нарантуул дээр аваачиж, жижиглэнгийн бараа зардаг шиг юманд орууллаа гэсэн юм. 

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:

-Та нарын орлогын төлөвлөлт худлаа байна. Эдийн засаг хямралтай, улс орон туйлдаж байна гэж Ерөнхий сайд хэлсэн шүү дээ. Орон тоо нь олон мянгаар нэмэгдсэн. Орон тоо, зардлаатанах хэрэгтэй. Өнөөдөр байгууллага бүр гадаадад оюутан сургадаг болж. Тиймээс энэ хуулийн төслийг дэмжихгүй гэлээ. Мөн УИХ-ын гишүүн Д.Чойжилсүрэн мөн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн.

Үүний дараагаар Монгол Улсын 2015 оны нэгдсэн төсөв, 2016 оны төсвийн төсөөллийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явууллаа. Санал хураалтаар гишүүдийн дийлэнх нь хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тул хууль санаачлагачид нь буцаалаа.

Н.Энх

Эх сурвалж: shuud.mn

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж