Хаврын чуулганд тавих дүн

Хуучирсан мэдээ: 2014.07.02-нд нийтлэгдсэн

Хаврын чуулганд тавих дүн

Хаврын турш ирцээр “бойкот” хийж цагийг барсан УИХ-ын гишүүд хаврын чуулганыг завсарлахын өмнө арваад хууль, тогтоолын төсөл баталж гэнэт ажилд оров. Бас болоогүй УИХ-ын даргыг “чимхээд” авлаа, ард түмнээс сонгогдсон төрийн түшээдээ УИХ-ын дарга ялгаварладаг бололтой юм. Шүүмжлэлээр, Засгийн газрын өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл долоо хоногийн дотор УИХ-аар хэлэлцэгддэг байхад УИХ-ын гишүүний санаачилсан төсөл жил болсон ч хэлэлцэгддэггүй цейпэнд хадгалагддаг жишиг тогтжээ. УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийн тодотгосноор УИХ-ын Тамгын газрын дарга Б.Болдбаатар ч бас үл бүтэх нөхөр аж. Хаврын чуулганыг хаахын өмнө чуулганы танхимд ийм нэгэн шүүмжлэл өрнөсөөр 2014 оны УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төсөл, Шилэн дансны тухай, Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулиуд батлагдав. Мөн Харилцаа холбооны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цагаан суваргын ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслүүд шил дараалан батлагдаж, хоёр жилийн турш хагас эрх эдэлсэн цөөнхийн бүлгийн гишүүд гурав хүртэл байнгын хороонд харьяалагдах “виз”-тэй болов. Бүтэн хоёр жилийн турш “үзэлцэж” байж УИХ-д авсан суудлынхаа тоогоор байнгын хороонд харьяалалтай болсон нь нэг талдаа цөөнх олонхитойгоо ойлголцож чадалгүй өнөөг хүргэв үү гэж хэлж болох мэт. Хэдийгээр энэ нь оройтсон шийдвэр ч гэлээ УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын намрын чуулганаас эхэлж Байнгын хороодоор хэлэлцэгдэж байгаа хууль, тогтоолын төсөлд саналаа тусгах бололцоо нь нээгдлээ.

Мөн энэ өдрийн хуралдаанаас УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргыг томилов. Ердөө өмнөх өдөр нь УИХ-ын дарга захирамж гаргаж, тус байнгын хорооны даргын үүрэг гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн Д.Ганбатыг тавьсан нь олон нийтээс хатуухан зэмлэл хүлээсэн тул хаврын чуулганыг хаахын өмнө жинхлэх томилгоог хийхээс аргагүйд хүргэв үү гэлтэй. Хэлэлцэх асуудлын дараалалд багтаагүй байсан томилгоо ийнхүү өчигдөр 22.00 цагийн орчимд болов. Хууль зүйн байнгын хорооны даргаар томилогдсон УИХ-ын гишүүн Д.Ганбатын хувьд ч өрсөлдөгч УИХ-ын гишүүн Ж.Батзанданд гомдлын үг хэвлэлээр чулуудахааргүй болж, ажиллах л үлдлээ.

Хаврын чуулганыг хаах эсэхэд эргэлзээ төрүүлж, дахиад долоо хоног сунгаж болзошгүй байсан Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл энэ өдрийн хамгийн анхаарал татах асуудал байлаа. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү тогтоолд тусгаснаар олон улсад гарах төмөр замын шугамыг долоо байхаар заасан ч УИХ дахь Ардчилсан намын бүлгээс “Гурван царигийг нарийнаар, гурван царигийг өргөнөөр тавих нь зүйтэй” гэсэн зарчмын шийдэлд хүргэснийг УИХ дахин нягтлахаар болов. “Жиргээч” зарим нэг гишүүний твиттерт онцолсноор УИХ-ын чуулганы өчигдрийн хаалттай хуралдаанаас Төмөр замын бодлогыг үндэсний аюулгүй байдал,  нийтийн эрх ашигт нийүүлэн оруулж ирэх үүргийг Засгийн газар хүлээжээ. Өөрөөр хэлбэл, эл сэдэв УИХ-ын намрын чуулган эхэлтэл хэлэлцэгдэхгүй гэсэн үг. Хэдийгээр уг төслийг УИХ хаврын чуулганыг хаахаас өмнө батлахаар хэлэлцэх асуудлынхаа дараалалд багтаагаад байсан ч төлөвлөгөө өөрчлөгдсөн нь төлөвлөснөөр нь болсон уу, төлөвлөгөөгүйгээр өөрчлөгдсөн үү гэдгийн учиг тайлагдах биз.

Ямартай ч нэг өдрийн дотор арав шахам хууль, тогтоолын төсөл баталсан З.Энхболдын танхим энэ жишгээр хаврын чуулганы хугацаанд даацтайхан ажилласан бол эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд өргөн мэдүүлсэн бодлогын чанартай олон хуулиуд батлагдах бололцоо байсныг өчигдрийн үйл явдал харуулав. Эргээд харахад УИХ сандал ширээний төлөөх дажинд хамаг алтан цагийг үрж дуусч дээ…

УИХ-ын даргын тодотгосноор хаврын чуулган 62 хоног үргэлжилж, нэгдсэн хуралдааныг 29 удаа, Байнгын болон дэд хорооны хуралдаан давхардсан тоогоор 108 удаа хийхэд хэлэлцсэн асуудлаар намын бүлгүүд 68 хоногийн завсарлага авчээ. Тодруулбал, УИХ дахь Ардчилсан намын бүлэг 15 хоногийн, УИХ дахь МАН-ын бүлэг 37 хоногийн, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг 16 хоногийн завсарлагыг тус бүр авсан нь зарим хууль, тогтоолын төслийг батлахад ямар их цаг алдсаныг харуулах том нотолгоо биз.

Харин сонгосон түшээд нь хэрхэн ажилласныг, УИХ-ын хаврын чуулган хэр үр дүнтэй ажилласанд тавих дүнг уншигч танд үлдээе.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж