Долларын ханш 1825 төгрөгт хүрч, эдийн засагт “гал авалцаж” байхад салбарын сайд нь олигтойхон бодлого боловсруулж чадахгүй байна хэмээн сөрөг хүчний зүгээс Н.Батбаяр сайдыг огцруулах саналыг УИХ-д өргөн барьсан. Тиймээс Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг маргааш хэлэлцэх юм байна. Хуулийн дагуу энэ долоо хоногт МАН-ын бүлгээс өргөн барьсан саналын дагуу Эдийн засгийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг хэлэлцэх бөгөөд үүний дараа УИХ-д оруулж ирэх юм.
Н.Батбаяр сайдын хувьд Монгол Улсыг хөгжлийн бодлогыг атгасан гол яамны ажлыг олигтойхон хийж чадахгүй байна гэдгийг ганцхан сөрөг хүчнээс шүүмжлээгүй. Олон нийт ч түүнийг гал тахих, шашны зан үйл эрхлэхээс хэтрэхгүйд бухимдалтай байгаа. Тэр ч бүү хэл Ерөнхийлөгчийн зүгээс Шинэчлэлийн Засгийн газарт ажлаа хийж чадахгүй байгаа сайд нар цөөнгүй, тэдэнтэй хариуцлага тооцох хэрэгтэй гэдгийг нэг бус удаа хэлж байсан. Тэгэхээр Засгийн газар олон нийтийн шүүмжлэлийг сонсч, Эдийн засгийн хөгжлийн сайдаа явуулах уу, эсвэл авч үлдэх үү гэдгийг харах л үлдэж байна.
О.САРНАЙ