Ус дээшээ урсдаг бүтээл нь зургаан сарын хугацаанд бүтэж, 400 гаруй уран бүтээлчид оролцон тогложээ. Өвлийн эд хүйтний улиралд зураг авалтуудаа авсан нь уран бүтээлчдийн зүгээс чамгүй тэвчээр шаардсан болов уу. Өнөөгийн нийгэмд хурцдаад байгаа авлигыг тус кинонд хөндөх бөгөөд “Ус дээшээ урсдаг” буюу “Хангай ба түүний нөхөд” киноны дууг Б.Болдбаатар жүжигчин өөрөө дуулсанаа киноны нээлтийн үеэр дуулж сонирхуулсан билээ. Дууны үг, аяыг Г.Ганга бичжээ.
Ингээд “Ус дээшээ урсдаг” монголын олон ангит киноны ерөнхий найруулагч Д.Цогттой багахан хугацаанд ярилцсанаа уншигчиддаа хүргье.
-Ус дээшээ урсдаг уран бүтээлээрээ нийгэмд юу хэлэхийг оролдсон бэ?
-Гол санаа маань авлигалын асуудал байсан. Зохиолыг нь ч авлигын асуудалтай тэмцдэг хувь хүн, албан байгууллагуудтай ярилцаж байж гаргасан учраас сайн болсон. Хамгийн гол нь авлигатай тэмцэж байгаа цагдаа, мөрдөн байцаагч нарын амьдралыг харуулна.
-Киног бүтээх болсон шалтгаан мэдээж байсан байх, анх санаа нь юунаас сэдэлтэй вэ?
-Манай киноны гол санхүүжүүлэгч нь АНУ-ын олон улсын хөгжлийн байгууллага, Азийн сан, Авлигатай тэмцэх газар гэх мэт газрууд хамтарч ажилласан. Энэ сэдвийг барьж авсан шалтгаан нь манай кинонд зохиолчдын баг ажилласан. Мөн 400 гаруй уран бүтээлчид ажилласан учраас дажгүй бүтээл болсон болов уу. Тийм ч учраас ийм сериал гарах гэж байгаа гэж үзэгчдэд хүргэх зорилгоор уг нээлтийг хийж байна.
-Зөвхөн NTV телевизээр гарах уу?
-Ер нь “NTV” телевизийн бүтээл. Тийм учраас тус 28 ангит кино маань 28 өдрийн туршид дөрөвдүгээр сарын 28-аас эхлэн үзэгчдийн хүртээл болно.
-Яагаад заавал олон ангит кино гэж… Нэг ангит кино хийгээд нээлтээ хийж болоогүй юм уу?
Учир нь анги бүр дээр нэг хэрэг гарч байгаа. Нэгдүгээрт нэг ангид харуулж багтахгүй, амжихгүй. Манай нийгэмд байгаа асуудлуудыг хөндөж өгсөн жишээ нь барилгын тендер, Улс төрийн албан тушаалаа урвуулан ашиглах, хүний наймаа гэх мэт хурц сэдвүүдийг сонгон тус киногоор харуулж байгаа.
-Тэгэхээр бодит түүхээс сэдвэлсэн гэсэн үг үү?
Үгүй зохиомол түүх байгаа. Уг бүтээл дээр гарч байгаатай адилхан хэрэг, тохиолдлоор таарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ зохиомол хэргүүд байгаа.
-Гол дүрийн жүжигчдийнг яаж сонгон тоглуулсан бэ?
Цагдаагийн шинэ хууль батлагдаж байгаатай холбогдуулан мөрдөн байцаалтын баг өөр зарчмаар ажиллаж эхлэж байгаа үүнтэй холбоотой дүрүүдээ сонгосон. Эдийн засгийн шинжээч, мөрдөн байцаалтын ахлагч гэх мэт таван хүний бүрэлдэхүүнтэй жүжигчид тус кинонд гарна. Жүжигчдийн сонголтын хувьд цаанаас нь сонголтыг өгсөн. Хангай гэдэг дүрийн хувьд ганц уг кинонд тоглоод зогсохгүй цаашдаа авлигалын эсрэг нүүр царай болж явах дүр юм. Жүжигчдийн сонголтыг дан ганц манай уран бүтээлчдийн багийн бус олон албан байгууллагуудын шалгуураар жүжигчин Б.Боллдбаатарыг сонгосон.