Хуучирсан мэдээ: 2014.03.31-нд нийтлэгдсэн

“Ньюс агентлаг”-ын “News quote” цэснээс Засгийн газрын сайдуудын сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдсан байр сууринаас онцлох 20 ишлэлийг хүргэж байхаар боллоо.

Энэ удаад Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн салбарынхаа хүрээнд хийж буй шинэчлэлийнхээ талаар ямар үг, байр суурь илэрхийлснийг онцлож байна.        

1. Анхан шатны нэгж, бие бүрэлдэхүүн бол шинэтгэлийг эсэргүүцэх гэхээс илүү энэ өөрчлөлт ажилд нь ахиц авчрах учраас хурдан хийгээсэй гэж хүлээж байна.

2. Шинэчлэлийн эсрэг сүүлийн гурван сарын турш салбарын шинэтгэлийн үйл явцыг саармагжуулж, болоод явж байгаа процессийг болохгүй бүтэхгүй гэж харагдуулах зорилготой мессеж явлаа.

3. Өмнө нь шүүгч, шүүгдэгчийн аюулгүй байдлыг хангах бодлогоо огт хэрэгжүүлж байгаагүй. Харин одоо Тахарын албаныхан шүүгч, шүүгдэгч, гэрч, хохирогчийг заналхийлэх, нотлох баримтыг устгахаас хамгаалах зэрэг шүүх хуралдааны хэвийн үйл ажиллагааг хангах чиг үүргийг давхар хариуцна.

4. Чуулга, спорт хороо гээд хууль сахиулах үйл ажиллагаанд оролцдоггүй тамирчин, дуучин, гудамжинд эргүүл хийдэг цагдаа нараас илүү дүрэмт хувцас, орон байрны хангамж эдэлдэг хэсгийн орон тоог цомхотгосон. Салбарт маань хөгжим хэрэглэлээс илүү

5. Цагдаагийн байгууллагын захиргааны түвшинд данхайсан бүтэц байсан. Үүнийг задалсан. ЭЦГ, ХБГ, УМБГ зэрэг чиг үүрэг нь ижил хэрнээ тусдаа захиргаатай бүтцүүдийг нийлүүлж, суларч байгаа орон тоог шилжүүлсэн. Дотоодын цэргийг ч үүнд хамруулсан байгаа

6. Хэн дуртай нь хуулийн нэр барьж, хүч хэрэглэж иргэнд халддаггүй болгохын  тулд хүссэн ч, хүсээгүй ч тодорхой хэмжээний зохион байгуулалтын өөрчлөлт хийнэ. Харамсалтай нь өөрсдийнх нь явуулж байгаа үйл ажиллагаа хуулийн хяналтад орохгүй байвал ашигтай, аль нэг байгууллагын дарга байх сонирхолтой хэсэг бүлэг цагдаад ч байна.

7. Хуулийн салбарт байгаа эрх мэдэл иргэдийн сонголтоос шалтгаалдаггүй, буцаагддаггүй, бодитойгоор, удаан хугацаанд оршиж байдаг эрх мэдэл. Тэнд хэн нэгэн, хэсэг бүлэг хүн арав, хорин жил ч үүрэлчих магадлалтай. Үүрлээд зогсохгүй өөрийгөө хамгаалах хүчний тогтолцоог ч бүтээж чаддаг. Тэр эрх мэдлээр хэн нэгнийг шоронд хийх эсэх, эрх чөлөөтэй байх эсэх, амьд явах эсэхийг ч шийдэж болдог. Энэ бодит эрх мэдлийг зүй бусаар ашиглавал хэнийг ч гэмт хэрэгтэн болгож, зохион байгуулалттайгаар гутааж доромжилж, амьдралаар нь тоглож болно. Ийм эрх мэдлийг бодитойгоор атгаж байдаг салбарт шинэчлэл хийнэ гэдэг тийм хялбар биш

8. Өнгөрсөн хугацаанд Цагдаагийн байгууллага Засгийн газар, Монгол Улсаас тасарсан, улс доторх улс болчихсон байсан. Ямар ч хариуцлага хүлээхгүй, бодлогын уялдаагүй, ард түмний сонголт, хүсэл эрмэлзэл энэ байгууллагад огт хамаагүй явж ирсэн.

9. УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгах хуулийн төслийг Засгийн газраас биш, нэр бүхий УИХ-ын гишүүдийн санаачилсан. Төлөвлөгөөтэй явагдаж байсан цогц шинэтгэлийн хажуугаар хөндлөнгөөс гэнэтийн юм ороод ирэхээр бодлогын алдаа гарсан нь үнэн.

10. Хүмүүс өнөөдөр хэн нэгнээс татаж авч байгаа эрх мэдлийг Хууль зүйн яам, АТГ авлаа гэж хардаад байх юм. Энэ эрх мэдэл АТГ-д эсвэл Хууль зүйн яаманд очихгүй. Энэ бүхэн процесс болж өөрчлөгдөж байгаа. Жишээ нь хэн нэгэн хүнийг баривчилж саатуулахдаа энэ эрх мэдлийг бид шүүхэд өгч, шүүхийн процесс болгож байгаа юм.

11. Өнөөдөр хөдөө орон нутгаар тархсан 25 хорих анги байна. Хамгийн олон нь 500-600, бага нь 50-100 хоригдолтой. Энэ хорих ангиудын урсгал зардал, хамгаалалтын зардал гэж овоо юм гардаг. Дээр нь хорихын ажилтнууд торны гадна, дотор л байгаа болохоос хоригдлуудтайгаа яг ижил орчинд ажиллаж байна. Тийм учраас улсын хэмжээнд төвлөрсөн гурав, дөрөвхөн хорихтой болох нь зөв. Хорих дотор нь гутал эсвэл оёдол, ахуйн цех байгуулаад, хоригдлуудаа тэжээх биш тэднээр хохирлыг нь төлүүлдэг систем рүү шилжинэ гэж зорьсон. Одоо ажиллаж байгаа 25 хорихтой харьцуулахад зөвхөн урсгал зардлаас нь жилдээ 4,5 тэрбум төгрөг хэмнэх тооцоо гарч байгаа шүү дээ. Магадгүй зургаан жилийн дараа Монгол Улс төсөвтөө хорихын урсгал зардалд мөнгө суулгахгүй болно.

12.  2016 он гэхэд төлөвлөж байгаа ажлын 70 хувийг хийсэн байх юмсан гэж бодож байна. Эсэргүүцэл хэр их ирэхээс шалтгаална. Ойлголцоод, дэмжлэг аваад байвал 2016 он гэхэд хийх ёстой ажлаа 90 хувьтай хийчихсэн байж ч магадгүй. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа байгуулагдах Засгийн газрын үед эхний өөрчлөлт харагдана. Магадгүй тэр Засгийн газар энэ өөрчлөлтийн гавьяаг наагаад сууж байж мэдэх юм.

13. Хуулийн салбар хүчний гэхээсээ үйлчилгээний салбар болох ёстой. Иргэд өдөр тутамдаа ямар нэг байдлаар хууль зүйн болон аюулгүй байдлын үйлчилгээ авч байдаг. Энэ үйлчилгээг үзүүлэх байгууллагууд нь иргэний болон үйлчилгээний байгууллага болж өөрчлөгдөж хөгжих ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл хүн айлгадаг, ичээдэг, хянаж цагддаг, зарим тохиолдолд заналхийлдэг хуучин арга барил, зохион байгуулалттай хэвээрээ л байна. Энэ салбарыг өмнө нь удирдаж, бодлого барьж байсан хүмүүсийн хувьд “Энэ салбарыг өөрчлөх шаардлагагүй” гэдэг үзэл хатуу нэвт явчихсан, одоо ч энэ бодолдоо итгэсэн хэвээрээ байна.

14. Энэ салбарыг иргэддээ болохоор хүч хэрэглэчихдэг, эрх мэдэлтэй хүмүүсийн өмнө бол сул дорой байдаг, тийм байх ёстой л гэж харж байлаа. Одоо бид нэгэнт хуулийн засаглал тогтооно, хуулийн өмнө хүн бүр тэгш байж, хууль хэнийг ч ялгаварлахгүй, ижил тэгш үйлчилнэ гэж байгаа бол үүний нөгөө талд хэн зогсч байгаагаас үл хамаарч, мөнгө, эрх мэдэл, танил талаас  үл шалтгаалж жигд үйлчилдэг хуулийн тухай ярих ёстой болно.

15. Шүүхийн шийдвэр гүйцэтгэл гээд бусад байгууллага руу ороод үзэхээр 1000 орчим хүн хууль сахиулах ажил хийдэггүй мөртлөө хуулийн сахиулагчийн цол, форм, хангамжийг эдлээд явж байна. Хүссэн хүсээгүй бид үүнийг өөрчилнө, тэндээс гарч байгаа зардлаараа хороон дээрээ цагдаа авна.

16. Наад зах нь шүүх гэдэг ямар байгууллага юм, энд та ямар хууль дүрэм мөрдөх ёстой юм, танд ямар эрх байгаа юм гэдэг мэдээллийг өгч байх ёстой хүн ямар ч боловсролгүй, зүгээр л хүн загнадаг, ааштай хүн байна гээд бод доо. Ийм байхад шүүхийн нэр хүнд унахгүй яах юм.

17. Өөрчлөлтөд өөрөө өөрийгөө бэлтгэх ёстой боловсон хүчин, түүнийг манлайлах учиртай  удирдлага нь өөрчлөгдөхийг хүсэхгүй, улдаж эсэргүүцвэл шинэчлэл илүү удаан л үргэлжилнэ. Энэ бол шинэтгэлийн хамгийн том хүндрэл. Хууль өөрчлөх, зохион байгуулалтыг өөрчлөх нэг хэрэг. Хамгийн эцэст хаана очоод хэрүүл гарч байна? Одоо та хар л даа. Цагдаагийн албаны тухай хуулийг боловсруулаад УИХ-аар хэлэлцэж батлахад ийм хэрүүл гарч байгаагүй. Одоо ирж хэн дарга цэрэг байх, боловсон хүчин хаана байх вэ гэдэг дээр л хэрүүл нь эхэлж байгаа биз дээ. Ердөө л тэр.

18. 15 жил сайн ажилласан эргүүлийн цагдаа даргаасаа ч илүү цалинтай байж болно. Өмнөх шиг цол нэмж, дарга болж байж цалингаа нэмүүлдэг, дарга болохын төлөө өрсөлддөг зүйл байхаа болино. Хууль сахиулагчдад цолноос илүү мэргэжлийн ур чадвар нь үнэ цэнэтэй, түүгээрээ цалин хангамж нь хэмжигдэг байх ёстой. Үнэхээр олон жил үр бүтээлтэй ажилласан цагдаа Хууль сахиулагчийн нэг, хоёр, гурав гэсэн тэмдэгтэй байх жишээтэй. Хүний амь авраад гавьяа байгуулсан бол “Хууль сахиулагчийн гавьяа” гэдэг тэмдэг авна. Тэдгээр нь хоосон гялгар төмөр биш, цалингийн нэмэгдэлтэй байна. Энэ нэмэгдэл нь хууль сахиулагчдын нийгэм, эдийн засгийн баталгаа болж чаддаг тийм тогтолцоо руу явах ёстой.

19. Шүүх дээр эрүү, иргэний хэрэг холилддог байсныг нь салгасан. Тийм учраас шүүхийн ачаалал нэмэгдэхгүй л дээ, харин ч багасна.

20. Анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхийн чиг үүрэг ялгагдаагүй, үүнээсээ болоод бүх хэрэг нь давж заалддаг, хяналтаар ордог, сүүлдээ Дээд шүүхийн хэдэн шүүгч л бүх хэргийн хувь заяаг шийддэг мэтээр ойлгогддог байлаа шүү дээ. Хөл толгой нь олддоггүй, хөдөлмөрийн хуваарь нь нарийн гараагүй, чиг үүрэг нь оновчгүй ийм шүүхийн системтэй улс манайхаас өөр ховор шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж