Орос, Украины төлөөлөгчид Даваа гаригт /2025.06.02/ Туркийн нийслэл Истанбулд энхийн хэлэлцээний хоёрдугаар шатыг эхлүүлсэн боловч тодорхой үр дүнд хүрэлгүй дууслаа. Яриа хэлэлцээ оройтож эхлээд, цаг хүрэхгүй хугацаанд үргэлжлэв. Талууд хоригдол солилцох тохиролцоонд хүрсэн ч гэлээ гал зогсоох тал дээр хэн хэнийх нь байр суурь өөрчлөгдөөгүй байна.
Хэлэлцээний эхний шат өнгөрсөн сард Туркт болсон. Үүний дараа талууд бүрэн гал зогсоох болзлуудаа харилцан хуваалцахаар тохирсон билээ.
ОХУ-ын хувьд энхийн санамж бичигтээ хоёр хувилбар тусгажээ. Нэгдүгээр хувилбарт ОХУ Донецк, Луганск, Херсон, Запорожье буюу эзлэгдсэн дөрвөн бүс нутгаас Украины армийг бүрэн татахыг хүсэв. Хоёрдугаар хувилбарыг "Багцын гэрээ" гэж нэрлэжээ. Үүнд Украины армийн бүх цэргийг халах, гадаадын цэргийн тусламжийг бүхэлд нь зогсоох багтана. Мөн ОХУ ч Украинд цэрэг байршуулахгүй бөгөөд Украинд яг одоо хэрэгжиж буй дайны цагийн хуулийг хүчингүй болгож, 100 өдрийн дотор сонгууль зохион байгуулах тухай багтжээ.
Украин аль нэгийг нь сонгох, эсвэл хоёуланг нь сонгох нь тодорхойгүй байна. Ямартай ч эдгээр нь 2022 онд Туркт болсон хэлэлцээний үеэр Оросын тавьсан саналын нэн өргөтгөсөн хувилбар юм.
Санамж бичгээ хэлэлцээнээс өмнө хуваалцахыг Украин хүссэн боловч ОХУ хуваалцаагүй. Зеленский Даваа гаригийн яриа хэлэлцээнээс өмнө үүнийг шүүмжилж үг хэлжээ. Гэхдээ үүнийг үл харгалзан яриа хэлэлцээг ахиулахаар хичээх болно гэдгээ ч хэлжээ.
Москвагийн төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединский хэлэхдээ, "Бид Украинд маш нарийвчилсан, сайтар боловсруулсан баримт бичиг өгсөн. Одоо тэд үүнийг судлах болно" гэв.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр талууд харилцан хүчтэй цохилтуудыг бие биедээ өгсөн. Украины тал Оросын нутаг дэвсгэрийн гүнд байрлах агаарын баазуудад цохилт өгч, 41 онгоцыг нь устгасан бол ОХУ 472 нисгэгчгүй онгоц хөөргөж, рекорд тогтоогоод буй. Энэ нөхцөл байдал энхийн хэлэлцээнд хэрхэн нөлөөлсөн нь тодорхойгүй байна.
3,602.33






















































Холбоотой мэдээ