Азийн волейболын холбоо/AVC/-ноос зохион байгуулдаг эрэгтэйчүүдийн клубуудын аварга шалгаруулах тэмцээн маргааш /04.08/ Филиппиний нийслэл Манилад эхэлнэ. Энэ сарын 16-н хүртэл үргэлжлэх тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлж "Алтайн барс" клуб оролцож байна.
Азийн клубүүдын аварга шалгаруулах энэ оны тэмцээнд БНХАУ, Япон, Тайвань, Казахстан, Иран, АНЭУ, Kатар зэрэг 16 улсын баг дөрвөн хэсэгт хуваагдсанаас Монгол Улсын шигшээ тэмцээнийг зохион байгуулагч Филиппин, Иракийн шигшээ багтай А хэсэгт багжээ. Манай улсын шигшээ эхний тоглолтоо маргааш (04.08) Филиппиний багтай хийх бол ирэх бямба гаригт (04.12) өнгөрсөн жилийн VII байрын шагналт Иракийн багтай тоглох юм. В, D хэсэгт дөрөв, С хэсэгт таван баг багтсан байна.
"Алтайн барс" клуб 2013 онд Монголын Волейболын холбооноос зохион байгуулсан "Хаврын нээлттэй тэмцээн"-ээс алтан медаль, "Намрын нээлттэй тэмцээн"-ээс мөнгөн медаль хүртэж, Азийн клубуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг авчээ.
Энэхүү тэмцээнд түрүүлсэн баг ирэх тавдугаар сард Бразильд болох ДАШТ-нд оролцох юм байна.