Хамтран амьдрагчаа АТГ-т мэдүүлнэ гэв

Хуучирсан мэдээ: 2014.01.16-нд нийтлэгдсэн

Хамтран амьдрагчаа АТГ-т мэдүүлнэ гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн аудитын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн олонхи дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Хуулийн төслийг санаачлах болсон үндэслэл нь Авлигатай тэмцэх газрын ажилтнуудын олонхийг цагдаа, тагнуул зэрэг цэрэгжсэн байгууллагаас сонгон авч ажиллуулдаг бөгөөд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, гүйцэтгэх ажилтнууд хүнд нөхцөлд ажилладаг учир тэдний өндөр насны тэтгэвэрт гарах насны хязгаарыг бусад төрийн тусгай албан хаагчдын нэгэн адил буюу цэргийн алба хаасан хугацаатай дүйцүүлэн тооцож байх. Мөн авлигатай тэмцэх байгууллагын хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, гүйцэтгэх ажилтнууд тусгай ажиллагаанд оролцохдоо байгууллагын бэлгэ тэмдэг бүхий зориулалтын хувцас хэрэглэдэг байхаар Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгажээ.
Түүнчлэн Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшигч нь 55 нас хүрсэн байх шаардлагыг хангахаар хуульчилсныг 45 нас болгон өөрчлөхөөр төсөлд тусгасан байна.  Төрийн алба хаших насны дээд хязгаар эрэгтэй 60, эмэгтэй 55 байхаар хуулиар тогтоосон боловч уг байгууллагын даргад нэр дэвшигч 55 нас заавал хүрсэн байх нь эмэгтэй хүн АТГ-ын даргад нэр дэвших эрхийг хязгаарласан, жендерийн тэгш байдлыг хангахын эсрэг зохицуулалт болсон гэж үзсэн байна. Тус байгууллагын даргыг зургаан жилээр томилон, нэг удаа улируулан томилох боломжтой аж. Хэрэв 60 настай хүнийг тус байгууллагын даргаар томилоод улируулан ажиллуулахад 72 настай болж төрийн алба хаших насны дээд хязгаарыг хэт давах нөхцөл байдал үүсч буй юм байна.

Мөн хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн шалгах албаны хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж байгаа авлига, албан тушаалын гэмт хэргийг Авлигатай тэмцэх байгууллагын харьяалалд, ахуйн чанартай гэмт хэргийг Мөрдөх албаны харьяалалд тус тус шилжүүлэх бодлого боловсруулж байгаатай холбогдуулан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Энэхүү хуулийн төсөлтэй холбогдуулан Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамтад нь боловсруулсан байна.

Дээрх төслүүдийг УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж, О.Баасанхүү нар санаачилжээ. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Орлого нь 200 сая төгрөгөөр нэмэгдэх бүрийд Авлигатай тэмцэх газар руу гүйдэг болох нь. УИХ дотор орлого өндөртэй компанитай гишүүд цөөнгүй бий. Тэр бүгд тус газар луу явах юм байна. Уг нь бол хууль бусаар орлого олж байгаа бол дээрх харилцаа үүсэх ёстой. Гэтэл одоо Ш.Түвдэндорж гишүүний хэлснээр хамтран амьдрагчаа хүртэл очиж мэдүүлэх нь. Хууль бус орлого олж байгаатай нь холбогдуулж мэдүүлэг авдаг болохоос биш энэ мэт асуудлаар АТГ-тай зууралдаж болохгүй. Авлигатай тэмцэнэ гэдэг хүний ёс зүй сэтгэхгүйг л өөрчлөх асуудал.

Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Энэ хуулийн хүрээнд АТГ-ын харьяа салбар нэгж орон нутагт байгуулагдана. Шаардлагатай зардлыг шийдэж өгөх ёстой. Авлига буурч байгаа нь хөдөлмөрлөж үр дүн гарч байгаагийн нэг хэлбэр. Авлига төрийн албан хаагч улстөрийн зүтгэлтнүүдийн дунд явдаг. Тиймээс хуулийн төслүүдийг дэмжиж байна” гэсэн юм.

Түүнчлэн гишүүд хэргийг хянах явцад замхарч үгүй болох тохиолдол олон байгаа тул уг төслийг хэлэлцэх шатанд прокурорыг өөрийг нь хянахын тулд АТГ-аар шалгуулдаг байх эрх зүйн тогтолцоог бий болгох, ийм харилцаа үүсээгүй нөхцөлд тэднийг дотооддоо хянана гэдэг хэцүү гэх байр суурийг ч мөн илэрхийлж байсан юм.

Дээрх хуулийн төслийг холбогдох байнгын хороонд шилжүүлсний дараа  Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн олонхи дэмжсэнээр төслийг хэлэлцэхээр боллоо. Уг төслийн хүрээнд хадгаламж зээлийн хоршоонд мөнгөө хадгалуулж хохирсон гэх 8301 иргэний хохирлыг барагдуулахтай холбоотой асуудал хөндөгдөж байна. Хохирлыг барагдуулахад 36.1 тэрбум төгрөг шаардлагатай.

УИХ-аас өмнө нь үүнтэй агуулга нэг хуулийг баталснаар хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын нийт хохирлын 50 хувийг барагдуулсан байна. Харин одоо үлдсэн 50 хувийн хохирлыг барагдуулахын тулд битүүмжлэгдсэн эд хөрөнгийг худалдах зохицуулалт тусгаад буй. Хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн юм. 

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Парламентын гишүүд дунд ХЗХ-ноос мөнгө авсан хүмүүс бий гэж хохирогчид хэлдэг. Хэн байгаа вэ гэдгийг нэр заан зарла гэхээр холбогдох газрууд нь хийхгүй байна. Энэ асуудлыг нэн тэргүүнд шийдэх ёстой гэсэн бол УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Хохирогчдыг хохиролгүй болгоно гэдэг цаад талдаа татвар төлөгчдийн мөнгөөр хохирлыг барагдуулах харилцааг үүсгэх болж байна. Тийм учраас энэ асуудлыг УИХ дэмжих нь зохисгүй” хэмээн хэлсэн бол УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “10 шахам иргэний асуудал хөндөгдөж байгаа. Монголын төр иргэнийхээ асуудлыг шийдэхийн төлөө явах ёстой” гэх сөрөг байр суурь илэрхийлсэн юм.

Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлээд байна. Хуралдаан маргааш 09.00 цагаас үргэлжилнэ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж