Хуучирсан мэдээ: 2013.12.16-нд нийтлэгдсэн

25 настай эрх чөлөө

Монгол Улсад чөлөөт хэвлэл үүссэний 25, Монголын сонины холбоо үүсч хөгжсөний 15 жилийн ой өнөөдөр тохиож, Төрийн ордонд чууллаа. Чөлөөт хэвлэлийн түүчээг анх "Цагийн толь", "Үнэн", "Улаан-Од" зэрэг сонин эхлүүлж байсан бөгөөд эдүгээ нас биед хүрч, 25 жилийг ардаа орхисныг "Хэвлэлийн эрх чөлөө бол ард түмний эрх чөлөө" сэдэвт уулзалтын төлөөлөгчид онцолж байлаа. Ойн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар баярын мэндчилгээг илгээсэн бол Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, үг хэлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илгээлтдээ "Өнгөрсөн 25 жилийн хэвлэлийн эрх чөлөө бол Монголы ардчиллын хэмжүүр юм. Миний бие Ухаалаг төрийн төлөөх төрийн тогтолцооны шинэчлэл хийж буйтай холбогдуулан ухаалаг төрийг бий болгохын тулд хэвлэл мэдээллийнхэн хамтарч ажиллана гэдэг гүнээ найдаж байна" гэсэн илгээлтийг сэтгүүл зүйн салбарын үе үеийн төлөөлөлд дамжуулсан юм.

Энэхүү ойн арга хэмжээг нээж Монголын сонины холбооны Ерөнхийлөгч Р.Хадбаатар илтгэл тавьсан бөгөөд тэрбээр илтгэлдээ, "Монгол Улсад чөлөөт хэвлэл үүсч хөгжөөд 25 жил өнгөрч. Одоо бид хагас эрх чөлөөт байдлаас ангижрах цаг нь болсон. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд бид ард түмнийг бодит мэдээллээр хангаж, өдөр шөнөгүй ажиллаж байсан болохоос өөрсдийн салбарт анхаарал бага хандуулж байж. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл улстөрчдөөс хараат бус байж, ард түмэнд үнэн бодит мэдээллийг түгээхэд гол зорилго оршино. Тиймээс цаашид сонин, сайт, телевиз гэж хувь, хувийн салбараа бодох бус хамтран нэгдэж ажиллах нь чухал байна. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагын хойч үеийг бэлтгэх сургалтын арга барилыг өөрчилж, хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж буй сэтгүүлчдийн нийгмийн асуудлыг цогцоор нь анхаарч, санхүүгийн хараат бус байдалд шилжиж, төр засгаас эдийн засаг болоод, татварын хөнгөлөлт эдлүүлэх зэрэгт хамтран ажиллах шаардлагатай байна" гэлээ.

 Монгол Улсад чөлөөт хэвлэл үүссэний 25, Монголын сонины холбоо үүсч хөгжсөний 15 жилийн ой хүрээнд архив, үнэт дурсгал болон энэ салбарт өөрсдийн үүргээ гүйцэтгэж байсан төрийн болон хувь хүмүүсийн эрхлэн гаргаж байсан сонинуудаар үзэсгэлэн гаргасан юм.

Ойн хүрээнд хэвлэл мэдээллийн салбарт өөрсдийн хувь нэмрийг оруулсан 25 ахмад сэтгүүлчийг чөлөөт хэвлэлийн  анхдагчаар тодруулсан юм. Үүнд, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг тусгаар тогтносон парламентын засаглалтай, зах зээлийн эдийн засагтай, чөлөөт ардчилсан нийгмийн үндсийг тавилцаж, хүний үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлооо илэрхийлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг 2007 онд Монголын хэвлэлд татварын хөнгөлөлт үзүүлэх хуулийг төслийг батлуулсан гавьяаг үнэлж тус тус шагнасан байна. Мөн Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Л.Түдэв, МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Дашдондов,  "Глоб интернэшнл" ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал,  МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Чантуу, МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн А.Баярмагнай, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Баасансүрэн, "Хөх толбо" сонины эрхлэгч Б.Эрдэнэбаатар, Үндэсний номын сангийн захирал  Х.Чилаажав, МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхбат, "Өдрийн сонины" ерөнхий эрхлэгч Ж.Мягмарсүрэн, "Монголын дуу хоолой" сонинг үүсгэн байгуулагч Л.Ганзориг, Р.Даваажав, ОБЕГ-ын дэд дарга Д.Сүхбаатар, "Шинэ бодлого" хүрээлэнгийн захирал Д.Энхбат, МУ-ын гавьяат холбоочин Д.Гарам-Очир, "Өнөөдөр" сонины ерөнхий эрхлэгч Б.Нандинтүшиг, ахмад сэтгүүлч Т.Екетбай, ФМ 102,5-ийг үүсгэн байгуулагч Ч.Чадраабал, "Ийгл" телевизийг үүсгэн байгуулагч Д.Баясгалан, 25-р суваг телевизийг үүсгэн байгуулагчид, Монголын сонинын холбоог үүсгэн байгуулагчдыг тус тус шалгаруулан, шагналаа. Дээрхи 25 хүнийг чөлөөт хэвлэл үүсэхэд чухал үүрэг гүйцэтгэж, Монгол Улсад чөлөөт хэвлэл үүсэн байгуулахад хувь нэмрээ оруулсан гэж үзэн чөлөөт хэвлэлийн анхдагчдаар цоллосон юм.

1993 оноос хойш хагас эрх чөлөөтэй явсан Монголын хэвлэлийн салбарт бүрэн эрх чөлөөт болохын тулд хамтран ажиллаж ард түмний дуу хоолой болоход хамтран ажиллах ёстой. Ерөнхийлөгчийн хэлснээр "Хэвлэл мэдээлэл нөхрөө солих цаг нь болсон" гэсэн уриаг дагаж, хамтдаа зүтгэх ёстойг ойн баярт хүрэлцэн ирсэн төлөөлөгчид онцлон хэлж байлаа.




Ш.ЧИМЭГ

Гэрэл зургийг: Б.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж