Хоёр Солонгос аж үйлдвэрийн бүсээ нээхээр тохиролцжээ

Хуучирсан мэдээ: 2013.07.07-нд нийтлэгдсэн

Хоёр Солонгос аж үйлдвэрийн бүсээ нээхээр тохиролцжээ

Хойд Солонгос дахь Кэсоны аж үйлдвэрийн бүсийн ажиллагааг сэргээх зарчмын тохиролцоог хоёр хөрш хийсэн тухай долдугаар сарын 6-нд Agence France-Presse мэдээлжээ.


Кэсон. Фото: Lee Jae Won / Reuters

Хоёр хоногийн турш хэлэлцээр явуулсны дараа хоёр Солонгосын албан ёсны төлөөлөгчид “яг бэлэн болсон нөхцөлд” аж үйлдвэрийн цогцолборт бүртгэлтэй компаниудын ажиллагааг сэргээхээр тохиролцов. Ойрын хугацаанд дахин  нэг хэлэлцээр явуулж цаашид уг бүсийг хаахгүй гэсэн баталгааны талаар  ярилцах юм байна.

Пхеньяны санаачлагаар Кэсоны аж үйлдвэрийн бүсийн ажиллагааг өнгөрсөн дөрөвдүгээр сард зогсоосон байлаа. Тэр үеэр БНАСАУ-д хийгдсэн цөмийн туршилт болон АНУ, Өмнөд Солонгосын өргөн цар хүрээтэй хээрийн сургуулийн улмаас хоёр орны байдал улам хурцадсан байлаа.

Кэсоны аж үйлдвэрийн цогцолборыг 2004 онд нээсэн бөгөөд тэнд ажиллагаа явуулдаг Өмнөд Солонгосын олон арван компаниуд Хойд Солонгосын 55 мянга гаруй хүмүүсийг ажлаар хангаж байлаа. Энэ бүсэд үйлдвэрлэсэн барааны худалдаанаас орох ашиг нь Хойд Солонгосын валютын үндсэн эх сурвалжийн нэг  болдог. Энэ жил Хойд Солонгосын залуу дарангуйлагч уг бүсийг хаасан нь түүний түүхэнд анхных нь болсон юм. Өмнө нь хоёр хөршийн харилцаа хичнээн муудсан ч бүсийг тэд хааж зүрхлээгүй байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж