УИХ-ын чуулганы хуралдаан өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2013.05.02-нд нийтлэгдсэн

УИХ-ын чуулганы хуралдаан өндөрлөв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, улмаар гишүүдийн олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Эл асуудлыг чуулганаар хэлэлцэн шийдвэрлэснээр өнөөдрийн чуулганы хуралдааныг өндөрлүүлсэн юм. Чуулганыг өндөрлүүлж УИХ-ын дарга үг хэлэх үеэрээ маргааш байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаан болохыг онцоллоо.

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2013.05.02/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь УИХ-ын дэд даргыг сонгох тухай байлаа. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд УИХ-ын 26 дугаар тойрогт явагдсан дахин санал хураалтаар МАН-аас нэр дэвшсэн Д.Сумьяабазар ялалт байгуулсныг СЕХ баталгаажуулан, Ерөнхийлөгч, УИХ-д өргөн мэдүүлээд байхад түүний тангараг өргөх асуудлыг яагаад хэлэлцэх асуудлын дараалалд оруулсангүй вэ гэдгийг тодруулсан. Тэрбээр энэ асуудлыг асуудлын дараалалд оруулах саналтай байгаагаа илэрхийлсэн.

УИХ-ын дарга З.Энхболд, Их Хурлын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлын дарааллыг ярилцах үед энэ тухай хэн хэн нь саналаа хэлээгүй. Тэр хуралд УИХ дахь намуудын бүлгийн дарга нар оролцсон гэдгийг хэлээд бүлгүүдийн дарга нараас тодруулга авсан юм. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Их Хурлын даргын зөвлөлийн хурал дээр нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг ярьж байхад тангараг өргүүлэх тухай яригдаагүй. Ер нь өмнө нь АН-ын бүлэг 26 дугаар тойрогт явуулсан дахин санал хураалт хууль зөрчин явагдсан гэсэн байр сууриа илэрхийлсэн. СӨХ-той холбоотой асуудлаар нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандсан. Цэц асуудлыг шийдсэний дараа асуудлаа ярих хэрэгтэй байх гэсэн бол “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг бүлгийн зүгээс тухайлсан санал байхгүй. Тойрог дээр хууль зөрчигдсөн тухай асуудлыг цаасаар авч уншиж, танилцаагүй тул хэлэх зүйл алга гэлээ. УИХ-ын дарга нэгэнт зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлыг тогтоох үеэр дараалалд багтаагүй болохоор өнөөдөр хэлэлцэх боломжгүй хэмээсэн учир төлөвлөсний дагуу Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж эхэлсэн юм.

УИХ дахь АН-ын бүлгээс гишүүн Р.Гончигдоржийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлэх талаар гаргасан саналыг бүлгийн дарга Д.Эрдэнэбат хуралдаанд танилцууллаа. 1975 оноос Монгол Улсын их сургуулийн багшаас ажлын гараагаа эхлүүлсэн Р.Гончигдорж 1990-1992 онд Улсын Бага Хурлын гишүүн, 1992 оноос хойш Монгол Улсын Их Хурлын гишүүнээр нийтдээ 6 удаа сонгогдон ажиллажээ. 1990-1992 онд Монгол Улсын Дэд Ерөнхийлөгч, Улсын Бага Хурлын дарга, 1996-2000 онд Улсын Их Хурлын дарга зэрэг төрийн өндөр албанд удаа дараа сонгогдож ажилласан төрийн ажлын арвин туршлагатай, өндөр мэдлэг чадвартай парламентч гэдгийг бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэлдээ онцлов. Төрийн байгуулалтын байнгын хороо 5 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцэж, Монгол Улсын Их Хурлын дэд даргаар Р.Гончигдоржийг сонгох тухай саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн хэмээн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей танилцуулсан.

Дараа нь гишүүд нэр дэвшигчээс асуулт, асууж хариулт авсан юм.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан олон жил хамт ажилласан, Монголын парламентын түүхийг бичилцэж яваа энэ хүний талаар ярих зүйл алга. Монголд парламентат ёсыг төгөлдөржүүлэх, парламентын ардчиллыг бэхжүүлэхэд их зүйл хийнэ гэж найдаж байгаа хэмээгээд ард түмний сонголтыг авсан Д.Сумьяабазарын тангараг өргөх асуудлыг хойшлуулж байгаад ямар байр суурьтай байгааг нь тодруулав.

УИХ-ын дэд даргад нэр дэвшигч Р.Гончигдорж сонгогчдын сонголт бол дээдлэн хүлээн зөвшөөрөх зүйл. Аливаа зүйл дагаж мөрдөж буй хуулийн дагуу шийдэгдэх учиртай хэмээн хариулсан юм. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын 26 дугаар тойрогт болсон дахин санал хураалт хууль зөрчөөгүй, СЕХ түүнийг баталгаажуулсан, тангарагийг нь өргүүлэх нь зүйтэй гэсэн байр сууриа энэ үеэр илэрхийлж байлаа. Тус намын зарим гишүүд, тухайлбал УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Оюунхорол нар нэр дэвшигчийг аливаа хууль зөрчсөн үйлдлийг хаацайлж байна хэмээн шүүмжилж байв. Гишүүд асуулт асуун, хариулт авсны дараа саналаа хэлэх үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд УИХ-ын дэд даргыг сонгох асуудлаар бүлэг завсарлага авч байгааг мэдэгдлээ. Тэрбээр тус намын бүлэг УИХ-ын гишүүний эрхийг эхлээд баталгаажуулсны дараа дэд даргын асуудлыг ярилцах нь зүйтэй гэж үзэж байгаа хэмээн уламжилсан.

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар эхлээд Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, хууль санаачлагч гишүүн Р.Бурмаагийн танилцуулгыг сонслоо.

Улс төрийн намын тухай хуулийн 4.1-д зааснаар нам нь Үндсэн хуульд заасны дагуу нийгмийн ашиг сонирхол болон хувийн үзэл бодол, улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилгын үүднээс сайн дураараа эвлэлдсэн Монгол Улсын иргэдийн нэгдэл бөгөөд сонгуулийн хууль тогтоомжид заасны дагуу сонгуульд нэр дэвшүүлж, сонгуулийн үр дүнд байгуулагдах байгууллагад олонхийг бүрдүүлэн, улс төрийн мөрийн хөтөлбөрөө улсын хэмжээнд болон орон нутагт хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл нам нь нийтийн эрх зүйн хүрээнд идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг субьект бөгөөд намын бодлого, шийдвэр нь улсын болон орон нутгийн хэмжээний шийдвэр болж хэрэгжих боломжтой байдаг.

Энэ утгаараа тухайн намыг төлөөлөн төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурлын гишүүнд сонгогдсон, түүнчлэн орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид сонгогдсон намын гишүүн нь намынхаа төв болоод орон нутгийн байгууллагын удирдах байгууллагад зайлшгүй гишүүнчлэлтэй байж, тухайн намын бодлого, шийдвэр гаргахад оролцож байх шаардлагатай. Түүнчлэн нам нь бие даасан хуулийн этгээдийн хувьд дотооддоо асуудлаа шийдвэрлэх эрхтэй хэдий ч хууль зөрчин намын гишүүний буюу Монгол Улсын иргэний эрхийг зөрчвөл эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа намын гишүүн шүүхэд хандаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулах боломжийг Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 9 дэх заалтыг өөрчилж, Үндсэн хуульд нийцүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулсан тухайгаа тэрээр танилцуулгадаа дурдсан талаар УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Төрийн байгуулалтын байнгын хороо уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өчигдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн юм. Байнгын хорооны хуралдаан дээр саналаа хэлсэн гишүүн Х.Тэмүүжин төслийн өөрчлөлтүүд нь төлөөлөл болон хариуцлагыг бодит утгаар бий болгоход чухал заалтууд гэж үзэж буйгаа хэлсэн бол харин гишүүн М.Энхболд нэг удаагийн нөхцөл байдалд тохируулсан байдалтай ийм хууль гаргах нь зөв эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлсэн. Мөн гишүүн Н.Батцэрэг ч төслийн заалт нь орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийг намаар талцаж улстөржүүлэхэд нэрмээс болж мэдэх юм гэсэн санал хэлсэн. Түүнчлэн байнгын хорооны гишүүдийн олонх нь хуулийн төслийн 2 дугаар зүйлийг нарийвчлан судалж, сайтар ярилцах шаардлагатай гэсэн саналыг гаргасан байна.

Төсөл санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүн Н.Батцэрэг, Ц.Оюунбаатар нар Улс төрийн намын тухай хуулийг боловсронгуй болгох асуудлын талаар ажлын хэсэг гараад ажиллаж байгаа үед хуульд жижиг өөрчлөлт оруулах шаардлага байгаа юм уу, төслөө татаж авч болохгүй юу гэдгийг тодруулахад төсөл санаачлагч гишүүн Р.Бурмаа “УИХ болон орон нутгийн иргэдийн хуралд суудалтай намуудын бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах, хариуцлагыг сайжруулах чиглэлээр зохицуулалт хийхээр төсөлд тусгасан. Энэ бол зарчмын шинжтэй асуудал. Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх асуудал ойрын үед шийдэгдэх боломжгүй нь харагдаж байгаа учраас мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд намын бодлого, шийдвэрийг уяж өгөх зайлшгүй шаардлагын үүднээс хуульд ийм өөрчлөлт оруулахаар хэрэгтэй байгаа юм” гэсэн хариулт өгөв. Харин Улс төрийн намын тухай хуулийг боловсронгуй болгох чиглэлээр байгуулагдсан ажлын хэсгийн үйл ажиллагааны тухайд тус ажлын хэсгийн ахлагч С.Баярцогт “УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт улс төрийн бүх намын төлөөлөл багтан ажиллаж байгаа. Ажлын хэсэг хоёр удаа хуралдаад байна. Эхний хуралдаанд бүх намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нарыг оролцуулж ажлын хэсгийн үйл ажиллагааг танилцуулж, намуудад саналаа ирүүлэх хүсэлт тавьсан. Одоогоор нэг нам саналаа ирүүлээд байна. Ажлын хэсэг намуудын тухай хуулийг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудал болон сонгуулийн хуультай холбож авч үзэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа” гэлээ.

Хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар үг хэлсэн гишүүн Х.Тэмүүжин, Ш.Түвдэндорж, М.Батчимэг нар төслийг хэлэлцэхийг дэмжсэн бол гишүүн Н.Батцэрэг улс төрийн намыг институцийн нь хувьд бэхжүүлэх нь чухал боловч төсөл нь намуудын дүрмээр зохицуулаад явж болох асуудлыг хуульчлах гэж буй нь зохисгүй юм. Хуульд зайлшгүй ийм өөрчлөлт оруулах шаардлага одоогоор харагдахгүй байна. Тиймээс төслийг татаж аваад том хүрээнд хийх өөрчлөлттэй хамт оруулж ирэх нь зөв юм гэсэн байр сууриа илэрхийлэв.

Ингээд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн байнгын хорооны саналын томъёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон 63 гишүүний 34 нь буюу 54 хувь нь дэмжээгүй учраас төслийг төсөл санаачлагчид нь буцаахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Г.ДАРЬ
Эх сурвалж: open.parliament.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж