Монголыг зорьсон оросуудын сонирхол

Хуучирсан мэдээ: 2013.03.27-нд нийтлэгдсэн

Монголыг зорьсон оросуудын сонирхол

ОХУ Монголтой тогтвортой түншлэх сонирхолтой байна

ОХУ-ын бизнесмэнүүд Монголд жилд хоёр удаа ирж, бизнес уулзалт, бүтээгдэхүүн үйлчилгээгээ дэлгэх “Азийн хаалга” үзэсгэлэн зохион байгуулдаг билээ. Энэ дагуу гуравдугаар сарын 26-28-нд үргэлжилж буй үзэсгэлэнгийн хүрээнд өнөөдөр ОХУ, Монголын бизнес уулзалт боллоо. 11 жилийн түүхтэй энэ уулзалтад оролцож буй ОХУ-ын төлөөлөгчид Монголын уул уурхай, эрчим хүчний салбарыг түлхүү сонирхож буйгаа илэрхийлж байна. Урьд өмнө ОХУ-ын худалдаачид хүнс, хөдөө аж ахуйг сонирхдог байсан бол сүүлийн үед дэлхийн улс орнуудын анхаарлын төвд ороод буй уул уурхай, эрчим хүний салбарыг сонирхох болжээ. Хоёр жилийн өмнө 17 хувьд хүрч байсан Монголын эдийн засгийн өсөлт өдгөө 12-13 хувьтай байгаа ч олны анхаарлын төвөөс бүрмөсөн гарчихаагүй. Энэ өсөлтийг хангаж байсан уул уурхайн салбарыг гадныхан хэсэг хүлээж байсан бол одоо үргэлтийн байдалд орсон гэх нь ч бий. Учир нь уул уурхайн салбарт гадны хөрөнгө оруулалтын бодлогыг шийдэх Ашигт малтмалын тухай хуулийн төсөл эргүүлэн татагдаж, хэзээ бэлэн болох нь тодорхойгүй болсон. Харин ийм үед эдийн засгийн өрсөлдөх чадвар сайтай гэгдэх ОХУ Монголтой уул уурхай, зам барилга, эрчим хүчний салбарт хамтран ажиллана гэдгээ илэрхийлсээр байна. Ингэхдээ ОХУ-ын Москва, Омск, Томск, Эрхүү, Чита, Новосибирск хотын худалдааны төлөөлөгчид дээрх салбаруудад хамтран бүтээн байгуулалт хийхээс гадна тоног төхөөрөмж нийлүүлэх байдлаар хамтран ажиллах саналтай буйгаа дуулгасан. Тухайлбал, эрчим хүчний шинэ эх үүсвэр болох ДЦС-5-д шаардлагатай турбин, тогоог нийлүүлэх боломжтой гэнэ.

Том гүрнүүд гадаад харилцаагаа эрхэмлэж, цаг зуурын эдийн засгийн хямрал, алдагдлыг үл тоон итгэлтэй харилцагч орнуудтайгаа зах зээлийн орчноо хамгаалж үлдэхийн тулд урт хугацааны гэрээ байгуулан ажилладаг. Нэг жишээ нь, Хятадын нүүрсний импорт буурсан ч дэлхийн улсууд нүүрс нийлүүлэх саналаа БНХАУ-д хүргүүлсээр буй аж. Учир нь дээр хэлсэнчлэн БНХАУ-ын хэсэг зуурын эдийн засгаа танасан бодлогыг нь түр хугацааных гэж үзэж, том харилцагчаа алдахгүйг эрхэмлэх юм. Тиймээс Монголтой харилцах ОХУ-ын хандлага ч ийм байж болох талтай гэнэ. Ямартай ч Монголын хувьд том гэрээнүүд дээр тооцоо дутуу хийснээс гэрээнүүд дээр эргэж буцах асуудал гараад байгаа учраас цаашдаа шинээр байгуулах гэрээг сайтар аль аль талд ашигтайгаар шийдэх ёстой талаар эдийн засагчид хэлж байна.

Жилд 20 мянган тонн мах Монголоос авна гэв

ОХУ-аас манайхтай жилээс жилд хүнсний салбар дахь хамтын ажиллагаа нь багасч байна гэх ч өнөөдрийн уулзалтаар мах боловсруулах үйлдвэрийн талаар дурдлаа. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 23-нд Улаан-Үүд хотод ОХУ, Монголын хамтарсан мах боловсруулах үйлдвэр ашиглалтад орох  аж. Хиам, консерви гэх зэрэг эцсийн бүтээгдэхүүнийг гаргах үйлдвэрийн түүхий эд болох махыг Монголоос татах бөгөөд үүнд Монголын махны боловсруулалт, үйлдвэрлэлийн чиглэлийн 10 гаруй компанийг татан оруулах боломжтой талаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас мэдээллэж байна. Ингэхдээ урьдчилсан тооцоогоор Монголоос жилдээ 20 мянган тонн мах авч, Монголд эцсийн бүтээгдэхүүнийг нийлүүлэх аж. Бид дотроо эцсийн бүтээгдэхүүн гаргана гэсэн том зорилго будантах нь уу гэсэн хар төрсөнийг энд дурдууштай. Дотоодод махны үнэ нийлүүлэлтээс хамааран өндөр байхад гадагшаа 20 мянган тонн мах гаргана гэдэг нь оновчгүй гэж хэлэх хүн олон.

Өөр нэг талаас сануулахад, гуравдугаар сарын 1-нээс Хүнсний тухай хууль болон Хүнсний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Үүгээр мах, сүү, буудай, ундны ус, гурилыг улсын стратегийн хүнс гэж тодорхойлоод эдгээр бүтээгдэхүүнийг экспортлох, импортлоход төрийн эрх бүхий байгууллагуудаас зөвшөөрөл авсаны дараа хилээр оруулах болон гаргахаар болсон юм. Энэ нь хүн амын хэрэглээний тэргүүн зэргийн хүнсний нөөц, үнийг тогтвортой байлгах зорилготой бөгөөд гэнэтийн гамшиг тохиолдсон үед заавал шаардлагатай арга хэмжээ болох учиртай. Гэтэл 20 мянган тонн махыг Улаан-Үүд рүү гаргахад яах бол гэсэн асуулт төрж байна. Энэ талаар ОХУ-ын төлөөлөгчдөөс асуухад хоёр улсын төрийн байгууллагууд хоорондоо хэлэлцэн тохиролцож шийдэх байх гэсэн хариултыг өгсөн юм. Ийнхүү Монголын хувьд, уул уурхай, эрчим хүч, зам барилга, хүнс, хөдөө аж ахуйн салбар олны хараанд байхын сацуу том гэрээ хэлцлийг сайтар тооцоолж хийж байхгүй бол цаг хугацааны эрхээр яаж хохирол амсч болохыг том бүтээн байгуулалтууд харуулж буй биз ээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж