Чухам эдгээр компанийн шатахууны үнэ нэмэх нь хэр үндэслэлтэйг тодруулахаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар руу очлоо. Гэвч энд энэ талаар ямар ч мэдээлэл өгөхгүй байхыг дээрээс даалгажээ. Утсаа ч авсангүй. Харин зарим эх сурвалжийн мэдээлснээр МТ компанийн шатахууныхаа үнийг нэмсэн үндэслэлээ ирүүлэхийг ШӨХТГ-ынхан шаардсан байна. Уг нь өмнөх оны арванхоёрдугаар сарын 20-ны үед эл бүтээгдэхүүний үнэ 50 төгрөгөөр нэмэгдэхэд О.Магнай дарга хэвлэлийн хурал зарлаж “Шатахуун инпортлогчид бүтээгдэхүүнийхээ үнийг 210 төгрөгөөр нэмэх үндэслэл байгаа. Гэвч одоо 50 төгрөгөөр л нэмсэн” гэж тайлбар хэлж байв. Тухайн үед хариуцагч байгууллагаас нь ийн эерүүлэл хийсэн болохоор нийгэмд төдийлөн их цочрол үүсээгүй. Тэгвэл одоо нэмэгдэж байгаа 50 төгрөгт хэн ч, хариуцагч төрийн байгууллагуудын ямар ч удирдлага тайлбар өгөхийг хүссэнгүй. Харин ч олны дунд айдас, гайхшрал зэрэг төрж байна. Шатахуун импортлогчид чимээгүйхэн бага багаар нэмсээр байгаад хэдэн төгрөгт хүрэхийг хэн ч таашгүй боллоо.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар зах зээл дээр өрсөлдөж буй компаниудын үнийн өөрчлөлтөд шууд нөлөөлөх боломжгүйг мэргэжилтнүүд хэлсэн. Зөвхөн давамгай компаниуд үнэ нэмсэн тохиолдолд л хуулийн хүрээнд оролцох боломжтой аж. Тиймээс “Петровис”, “Сод Монгол” зэрэг томоохон компаниуд одоохондоо шатахууны үнэ нэмээгүй байгаа болохоор уг газраас ч гэсэн харзнаж байгаа бололтой.
Монголбанк, Уул уурхайн яам, шатахуун импортлогчдын хамтарсан гэрээг байгуулаад хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байна. Эл гэрээнд зааснаар импортлогч компаниудын эргэлтийн хөрөнгийг жилийн нэг хувийн хүүтэйгээр төв банкнаас тодорхой тооны зээл олгоод эхэлчихсэн. Компаниуд ч аль хэдийнэ зээлсэн мөнгөөрөө шатахуунаа хойд хөршөөс аваад борлуулж, ашгаа хүртэж буй. Гэвч тэр гэрээ, зээл нэг их тус болсонгүй. Харин энэ бүхний цаана нэг аюултай зүйл бийг учир мэдэх нь хэллээ. Тодруулбал, ОХУ-аас сүүлийн үед өмнөд хөрш рүүгээ нэлээд хүчтэй бодлого явуулах болсонтой холбоотой юмсанж. Учир нь тэд манай улсын Тавантолгой, Оюутолгойд хамтарч ажиллах саналыг тавьж байгаа боловч Засгийн газраас хүлээн зөвшөөрөөгүй. Нөгөөтэйгүүр Монгол Улсын нутаг дэвсгэрт 100 шатахуун түгээх станц барих саналыг үе үе тавьж байгаа. Саяхан оны өмнө ч гэсэн Оросын талын төлөөлөгчид айлчлах үеэр энэ саналаа мартсангүй. Гэхдээ манай талаас тэдэнд дахиад л “үгүй” гэсэн хариу өглөө. Тиймээс Монгол Улс хоёр орны хамтран ажиллах томоохон шийдвэрүүдэд хариуцлагагүй хандаж буйд хойд хөрш маань чадах зүйлээрээ боохоор шийдсэн нь манай улс руу гаргаж байгаа нефтийн бүтээгдэхүүний үнэд хатуу хандах явдал аж. Тус улсын хувьд энэ оны нэгдүгээр сараас эхлэн нефтийн бүтээгдэхүүний экспортын татвараа 90 хувиар хөнгөлөхөөр болсон. Өөрөөр хэлбэл, 400 орчим ам.доллараар бууруулах хууль үйлчилж эхэллээ гэсэн үг.
Дашрамд дурьдахад шатахууны үнэ гурван төрлөөс болж нэмэгдэх тохиолдол байдаг гэнэ. Нэгд, импортлогч компаниудын эргэлтийн хөрөнгө буюу эх үүсвэрийн хүрэлцээ, хоёрт, валютын ханш, гуравт, импортын үнэ. Ямартай ч эхний хоёр тохиолдлын үнийн нөлөөнөөс болоогүйг Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх бөгөөд Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Д.Ган-Очир хэлсэн. Тодруулбал, эхний хоёрын нөлөөг шатахуун импортлогчид өгч буй хөнгөлөлттэй зээлээр хаачихаж байгаа гэнэ. Эцэст нь хэлэхэд шатахууны үнийн өсөлтөд импотлогчид, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар, Монголбанк, Уул уурхайн яам ч биш хоёр улсын төр засгийн хүрээнд яригдах том асуудал учраас доод зиндааныхны хүч мөхөсдөх болжээ. Хэрэв дээд түшээд ОХУ-ын талтай сайтар ярилцвал тус улсаас нефтийн бүтээгдэхүүний экспортын татварыг нэгэнт бууруулж байгаа юм чинь манай улсад ч гэсэн шатахууны үнэ өсөхгүй байх боломж байгааг эх сурвалжууд онцолж байна.