Ерөнхийлөгчийн нуруунд орсон юм

Хуучирсан мэдээ: 2012.12.04-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн нуруунд орсон юм

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир   Путиний хүчтэй удирдагч, тогтвортой байдлын баталгаа гэдэг имиж ойрын үед баахан сэвтэй байна. Оросын төдийгүй гадаадын хэвлэлүүд түүнийг өргөөнөөсөө гарах нь цөөрсөн, гадаадад хийх байсан хэд хэдэн айлчлалаа хойшлуулсан, олон нийтийн утсаар тавьсан асуултад зурагтаар шууд хариулах байснаа цуцалсан болоод гэмтэл авсан талаар нь дуу дуугаа авалцан бичив. Орост оруулсан хөрөнгө оруулалт нь найдвартай байх эсэх нь В.Путин ая зангаас болно гэж үздэг гадаадын бизнесмэнүүд түүний гэмтлийн талаар сонсоод мэгдэж орхижээ.

В.Путинтэй хоккей тоглохоор төлөвлөөд байтал түүний нугасандаа авсан гэмтлээс болоод бүтсэнгүй хэмээн Белорусын Ерөнхийлөгч Александр Лукашенко өнгөрсөн долоо хоногт “Reuters” агентлагт ярилцлага өгөхдөө хэлэв. “Тоглож чадахаа байлаа гэж тэр хэлсэн. Барилдаж байгаад нугасандаа гэмтэл авсан гэнэ. Хүч үзэх дуртай хүн байгаа юм. Барилдаж байгаад нөгөө хүнээ өргөж шидэхдээ нугасандаа юм оруулчихсан бололтой юм” гэж А.Лукашенко ярьсан бөгөөд В. Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков түүний хэлсэн үгэнд тайлбар хийхээс татгалзсан юм.

60 нас хүрээд удаагүй байгаа В. Путиний бие чилээрхсэн талаарх яриа хөөрөө, намар Владивостокт болсон Ази, Номхон далайн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр анх гарсан юм. Уулзалт дээр В.Путин үл мэдэг доголсон байдалтай харагдаж байснаас гадна Гадаад хэргийн сайд Сергей Лавровт хоолны чанга дэглэм барьж байгаагаа ярьсан байдаг. Үүний дараахан түүний нуруу гэмтэлтэй байгаа төдийгүй мэс засал хийлгэх шаардлагатай болсон байж магадгүй талаар Оросын Засгийн газрын эх сурвалж “Reuters” агентлагт хэлсэн бол “Ведомости” сонин В. Путинийг бага загварын нисэх төхөөрөмж жолоодож нисэхдээ нуруугаа гэмтээсэн гэж бичив. Гэвч Кремль эдгээр мэдээллийг няцаахдаа, Ерөнхийлөгч асар их ачаалалтай ажиллаж байгаа нь бие нь чилээрхсэн гэдэг мэдээллийн үндэсгүй гэдгийг харуулах хангалттай нотолгоо гэж мэдэгджээ. Гэхдээ Владивостокийн уулзалтын өмнө бэлтгэл хийж байгаад ялихгүй гэмтэл авсан тул явган явахад нь бага зэрэг хөндүүртэй байсныг хүлээн зөвшөөрсөн боловч тогтмол бэлтгэл хийдэг хүний хувьд энэ нь байдаг л зүйл хэмээн хэвлэлийн төлөөлөгч нь хэлсэн юм. Гэвч Санкт-Петербургт 60 насны ойгоо тэмдэглэснийх нь дараа, төрийн мэдлийн мэдээллийн хэрэгслүүд түүний явдал суудлыг байнга гаргадаг нь мэдэгдэхүйц цөөрсөн юм. Тухайлбал, иргэдийн тавьсан асуултад зурагтаар шууд хариулдаг арга хэмжээ нь 2001 оноос хойш анх удаа тасрав. Хэдэн цаг үргэлжилдэг шууд нэвтрүүлэгт нуруундаа өвчтэй хүн оролцож чадахгүй нь аргагүй хэмээн зарим шинжээч үүнийг тайлбарлажээ. Хий гаргадаггүйгээсээ гадна эцэж цуцахыг мэдэхгүй ажилладгаараа алдартай В.Путин сүүлийн саруудад гадаад айлчлал, албан ёсны арга хэмжээнд оролцох нь эрс цөөрснийг хэвлэлүүд тэмдэглэж байна. Кремль болохоор үүнийг нь байн байн замын түгжрэл үүсгэхгүйн тулд Москвад тэр болгон очихгүй, Санкт-Петербург дахь өргөөндөө ажиллахыг илүүд үзэж байгаа хэмээн эв хав муутайхан тайлбарлана. Гадаад айлчлалын хувьд бол бүр хэцүүдсэн бөгөөд аравдугаар сард Пакистанд болсон дөрвөн улсын удирдагчийн Афганистаны асуудлаарх уулзалтад оролцоогүй бол Ашхабадад төлөвлөсөн ТТУХН-ын хурлыг наад зах нь арванхоёр дугаар сар хүртэл хойшлуулснаас гадна Турк, Болгарт товлогдсон арга хэмжээнүүдийг шууд “тасалсан” билээ. 

Хөнгөн шингэн, цог золбоотой В. Путиний нэр хүнд 2000 оны эхээр суга өссөн нь 1996 онд зүрхэндээ мэс засал хийлгэснээс хойш эрүүл мэнд нь дордсоор байсан Б.Ельцинтэй харьцуулахад тэнгэр газар шиг ялгаатай харагддаг байсантай холбоотой. Өнгөрсөн хугацаанд жүдогийн спортын мастер В.Путин янз бүрийн загвар, зориулалтын онгоц жолоодож, бар агнаж, далайн ёроол руу шумбаж буй, тэр бүү хэл шувуун цуваа удирдаад дельтапланаар нисч буй хүртэл зурагтай сурвалжлагууд хэвлэлийн хуудаснаа өдөр алгасахгүй шахам гарч байв. Гэвч Орост В. Путинийг дэмжигч хүүхнүүдийн чармай нүцгэн зурагтай сэтгүүл ч гарч байсан тэр үе ард хоцорчээ. арваад жилийн өмнө ихээхэн үр дүнтэй байсан PR хэрэгслүүдийг түүний хувьд одоо ашиглаад нэмэргүй болсон бололтой. Оросын социологийн судалгааны тэргүүлэх байгууллагын нэг “Левада” төвийн санал асуулгын дүнгээс үзэхэд, шувуу дагуулж хийсэн В. Путиний нислэгийг оросуудын тэн хагас нь байдаг л нэг PR гэж үзсэн бол, 40 хувь нь нэг бол гайхсан, нэг бол эгдүүцсэн байна.

В.Путин хувийн амьд­ралынхаа талаарх мэдээлэл, тэр дундаа эрүүл мэндийнхээ нарийн ширийнийг туйлын чанд нууцалдаг. Олон нийтээс нэгмөсөн хаагдмал байдалд орсон Оросын улстөрчдийн энэ зарчим 2012 онд Коммунист намын дарга Геннадий Зюгановын бие муудахад онигоог эмгэнэл болгож хувиргасан билээ. 67 настай түүнийг Кисловодскийн эмнэлгээс Москвагийн зүрхний эмнэлэгт шилжиж ирэхэд хэвлэлүүд нэг бол шигдээс болсон, үгүй бол зүрх нь хаагдсан хэмээн бичиж байсан бол Коммунист намын хэвлэл мэдээллийн алба “Намын даргын хөлийн өвдөгт өвдөлт өгөхийн хамт артерийн даралт нь нэмэгдсэн” хэмээн албан ёсоор мэдээлж билээ. Сонгуулиар дэмжиж санал өгсөн хүнийхээ хөдөлмөрийн чадварын талаар үнэн бодитой мэдээлэл авах сонгогчийн эрхийн талаар Коммунист намынхан огт бодоогүйн харгай энэ. Гэхдээ Г.Зюганов бол төрийн тэргүүн биш, Оросын нийгэмд үзүүлдэг нөлөө нь хязгаартай болохоор яая гэхэв.

Оросын улс төрийн системд В. Путиний гүйцэтгэх үүрэг асар их тул улс төр төдийгүй хөрөнгө оруулалтын орчин энэ талаарх мэдээлэлд туйлын мэдрэг хандах нь зүй юм. Тогтвортой байдлыг хангахын төлөө түүнийг тогтвортой байдлын баталгаа хэмээн зүтгүүлэх нь олон нийтийн хүсэл сонирхолд нийцэхээ аажмаар больж буй өнөө үед В. Путиний дохио зангаа бүр ЗХУ-ын сүүл үеийн удирдагчдын хийдэг байсан их бага хөдөлгөөнүүдтэй нэгэн адилаар улс төр судлаачдын анхаарлыг улам бүр татаж байна. Саяхан гэхэд л одоогийн Ерөнхийлөгчийн багийг цаашид авч үлдэх зорилгоор төрийн дээд албан тушаалтны ажиллах насны дээд хязгаарыг сунгахаар гаргасан В. Путиний санаачлага үүний нэг жишээ юм. Тэрбээр 2018 онд Ерөнхийлөгчөөр дахин сонгогдвол 2024 он хүртэл засгийн эрхэнд байх бөгөөд хэрвээ ингэж чадвал тэгэхэд 70 хүрсэн байх юм. Гэвч эрүүл саруул, эрч хүчтэй хүний имижээ В.Путин цаашид удаан хадгалж чадах нь эргэлзээтэй байна.

1990-ээд оны сүүл үеийн нэгэн адилаар  Оросын Ерөнхийлөгчийн эрүүл мэндийн асуудал улс орны дотоод улс төрийн нэгэн чухал хүчин зүйл болохын хамтаар, биеийн байдал нь хувийн нууц хэвээр байх уу, үгүй юу гэдэг асуудал хувь хүнийх бус нийгмийн шинж чанартай болж ирж байна. Бүрдүүлж зүтгүүлсэн имижийнхээ барьцаанд эргээд орж буй тэрбээр байгалийн нас гэдэг зүйлийг даанч өөрийнхөөрөө зохицуулж зүтгүүлж чадахгүй нь яалтай. Найз Сильвио Берлускони шигээ хөгширнө гэхэд санаанд багтамгүй ч, ерөөсөө хөгшрөхгүй гээд яах билээ. Мөнхийн залуу нас амьдралд үгүйн адилаар улс төрд ч үгүй тул Кремлийн пиарчид одоогоор л лав түүнд шинэ имиж санал болгож чадаагүй байна. Нэгэнт тогтсон улс төрийн зарчмыг нь шинээр сольж хэрхэвч чадахгүйтэй л адил юм даа.

Б.АМГАЛАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж