Энэ мэтчилэн ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн тухай хангалттай мэдээлсэн гэж үзээд тодруулахаа болье гэхэд Ховд аймгийн Мянгад сумын нутаг дахь газрын ховор элементийг хууль бусаар ашиглах гэж байгаатай холбоотойгоор ховор элементийн тусгай зөвшөөрөл олгосон эсэхийг тодруулах шаардлага байсан юм. Учир нь манай сонины өчигдрийн дугаарт “Ховдынхон Халзан бүрэгтэй, Ар хүрэн уулаа аврахаар С.Оюун сайдад ханджээ” гэсэн нийтлэл гарсан. Ховд аймагт “Монголиан нэшнл рийр ийрт корп” компанийхан М-006911, М-012335 гэсэн тусгай зөвшөөрлөөр далайлган дураараа авирлаж байгаа тухай уг нийтлэлд бий. Мөн энэхүү орд газарт ашиглалтын хоёр, хайгуулын хоёр лиценц олгосныг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тогтоосон бөгөөд аймгийн Засаг дарга болон ард иргэд эх нутаг, байгаль дэлхийгээ хамгаалж, хууль бус үйлдлийг зогсоохоор тэмцэж байгаа тухай өгүүлсэн юм.
Энэ тухай Ашигт малтмалын газрын шинэ хэвлэлийн төлөөлөгчид нь хэлээд үзүүлтэл, М-006911, М-012335 тусгай зөвшөөрлийг компьютерт шүүлгэв. “Хоёулаа хүчинтэй юм байна” гэхээс өөр ямар ч дорвитой юм хэлсэнгүй. Үүнээс өөр тодорхой мэдээлэл хэрэгтэй байгаагаа тайлбарласан боловч “Албан бичгээр асуултаа бичээд өг. Дараа нь даргадаа танилцуулж байгаад зөвшөөрөл авъя. Үүний дараа л ярилцлагаа авч болно” гэх өнөөх л хариултаа хэлсэн юм. Үнэндээ гурав дөрөвхөн асуултад хариулт авахын тулд ийм шат дамжлага туулна гэдэг арай л дэндсэн хэрэг. Аливаа ажлыг ийм байдлаар явуулах юм бол байнга ярьж зарлан тунхаглаад байдаг өнөөх ил тод тунгалаг нээлттэй засаглалдаа хэзээ хүрэх юм бэ. Ашигт малтмалын газарт бүтцийн өөрчлөлт орж, хөл хөдөлгөөн ихтэй байгаа ч мэдээлэл өгөхөөс ийм маягаар татгалзаж боломгүй санагдана. Ер нь ч Ашигт малтмалын газарт ажлаа мэддэг хүн байдаггүй юм байна гэсэн ойлголтыг шинэ хэвлэлийн төлөөлөгч нь төрүүлээд авав.
Эх сурвалж: ӨДРИЙН ШУУДАН сонин