-Ирэх оны төсвийг УИХ-ын чуулганаар ид хэлэлцэж байна. Засгийн газраас өргөн барьсан төсвийн төсөл танд ямар санагдав?
-Төсвийн төслийн сайн, муугийн талаар хэлэхэд эрт байна. Ер нь урсгал төсөвт яриад байх зүйл алга. Хөрөнгө оруулалтын 80 хувь нь өнгөрсөн онд эхлээд дуусгаагүй ажлуудын мөнгө явж байна. Шинэ хөрөнгө оруулалт харьцангуй бага. Яагаад гэвэл өнгөрсөн жил УИХ-ын сонгуультай холбогдуулаад улс төрийн нам болон улстөрчид маань өөрсдийн тойрог руу олон жижиг ажлуудад мөнгө тавиад, эхлүүлчихсэн. Дуусаагүй ийм ажлуудын санхүүжилтийг нь хийхэд 2013 оны төсвийн гол ачаалал явж байна. Шинээр хөрөнгө оруулалт хийж, ажил эхлүүлье гэсэн ч төсвийн бололцоо бага. Харин төсвийн орлогын эх үүсвэрийн хувьд алдагдалтай зүйлүүд орж ирж байна. Стратегийн орд газруудын гэрээнд өөрчлөлт оруулах замаар тодорхой мөнгө орж ирнэ гэж тавьсан. Энэ мэт эх үүсвэр талдаа тодорхойгүй зүйлүүд их бий. Энэ бүгдийг магадлаж, нягтлах хэрэгтэй.
-Эх үүсвэр нь тодорхойгүй мөнгийг орж ирнэ гэж тооцоод төсвөө баталсны дараа гарах эрсдлийг хэр тооцсон юм бол?
-Энэ мэт эрсдлээ Засгийн газар тооцсон байх. 2012 оны төсөв ч гэсэн нэг их наяд гаруй төгрөгийн төлөвлөгөөт орлого орж ирээгүй дутсан. Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хийгдсэнээр орж ирэх орлого гэж төсөөлөөд баталчихсан байсан ч тэр нь тасарсан. Түүнээс болоод төсөвт тодотгол хийсэн шүү дээ. Стратегийн ордуудын гэрээнд өөрчлөлт оруулах замаар гэсэн нэрийн дор 500 орчим тэрбум төгрөг тавьчихсан байгаа. Энэ мөнгө яг орж ирэх нь бас л баталгаагүй.
-Төсвийн хууль дээр сөрөг хүчний зүгээс нэлээн шүүмжлэлтэй хандаж байна. Сум хөгжүүлэх мөнгө гэсэн нэрийн дор зарцуулалт нь тодорхойгүй мөнгийг аймгуудад ялгавартайгаар суулгасан гэж байгаа?
-Сөрөг хүчин асуудалд нэлээн шүүмжлэлтэй хандаж байгаа. Дарга нарт зориулсан төсөв гэх мэтээр ч нэрлэж байна. Энэ нь нэг талаар улс төржиж байх талтай. Би бол төсвийн төслийг муу гэж хэлэхгүй. Гэхдээ одоо л төсвийн талаар гишүүд бүрэн танилцаж, хэлэлцүүлгүүд хийгдэж байна. Тийм болохоор төсвийнхөө хий хуйг сайн шахаж, илүү чамбайруулах байх.
-Засгийн газраас таван тэрбум ам.долларын бонд гаргахаар ярьж байгаа. Таван тэрбум ам.доллар гэдэг бол манай улсын нэг жилийн төсөвтэй тэнцэх шахуу мөнгө. Энэ их зээлийг юунд зарцуулах гэж байгаа юм бэ?
-Би бол дэмжиж байгаа. Аливаа бизнесийн байгууллага, хувь хүн ч гэсэн ямар нэгэн ажил үйлчилгээ хийхийн тулд банкнаас зээл авдагтай л адилхан. Хямрал болчихлоо гээд бүгдээрээ мах гурилаа нөөцөлчихөөд гэртээ хэвтээд идээд байхын нэр биш. Хямралыг яаж амжилттай давах вэ, үүнээс хэрхэн хожих, эдийн засгаа яаж тэлэх, ард иргэдээ хэрхэн ажилтай байлгах вэ гэдэгт л УИХ, Засгийн газрын гол бодлого байх ёстой. Таван тэрбум ам.долларыг бид зээлж аваад хүмүүст зүгээр тараачихгүй. Энэ бондоор ямар ч нийгмийн халамжийн чиглэлтэй зүйлийг санхүүжүүлэхгүй. Зөвхөн бүтээн байгуулалтад зарцуулахаар зориулалтыг нь тодорхой заасан. Гэхдээ эхний ээлжинд1.5 тэрбум ам.долларыг гаргана гэж байгаа юм. Энэ мөнгөөр зураг төсөл нь хийгдсэн ажлууд тухайлбал, төмөр зам, авто зам, эсвэл орлого олох бололцоотой үйлдвэрлэлийг дэмжихэд зориулахаар Эдийн засаг, Хөгжлийн яам төлөвлөж байгаа гэж ойлгож байна. Ер нь таван тэрбум ам.долларыг гаргаж, мөнгө босгоод зах зээл рүүгээ хийвэл Монгол Улсын эдийн засаг тэлнэ. Нөгөө талаасаа бонд гаргаснаар бид эдийн засгийн хямралаас хожиж гарах бололцоотой. Хямралын үед гол дэд бүтцээ шийдчихнэ нь гэдэг хэрэгтэй зүйл. Монгол Улсын эдийн засаг, улс орны хөгжил дандаа ийм байхгүй. Цаашдаа улс маань дэвжинэ, хөгжинө, орлого нэмэгдэнэ. Тэр үед бүх ажлыг зэрэг оволзуулж байснаас өнөөгийн ийм үед дэд бүтцийнхээ бүтээн байгуулалтыг хийгээд авчихвал Монгол Улс л хожино.
-Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулган хуралдаж чадаагүй. Өвөрхангай аймгаас сонгогдсон хоёр гишүүний оронд Ардчилсан намын нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нарыг УИХ-д тангараг өргүүлэх гэснээс үүдэн улс төрийн хүрээнд үүссэн асуудалд та ямар дүгнэлт өгч байна?
-Энэ бол нэг хоёр хүний асуудлаасаа илүү цаашдаа монголчууд сонгуулиа хийж чадах юм уу, үгүй юу. Энэ улсад шударга ёс тогтож чадах эсэх асуудал болж харагдаж байна. Миний хувьд энэ хоёр том намд шүүмжлэлтэй хандаж байгаа. Өнөөдрийн энэ хачин жишгийг өнгөрсөн 22 жилийн хугацаанд энэ хоёр нам л тогтоосон. Энэ байдал 2004 онд тухайн үеийн МАХН-аас үүдэлтэй. Гурван мянга гаруй саналаар илүү хүний суудлыг луйвардах гэж байна хэмээн уйлагнаж байгаа МАН-ынхан өөрсдөө 2700 саналаар ялчихсан байсан С.Отгонбаярын суудлыг улайм цайм луйвардаж л байсан. Тэгээд л тухайн үеийн МАХН-аас нэр дэвшсэн сансрын нисгэгч Ж.Гүррагчаа гэдэг хүн УИХ-ын гишүүн болж л байсан шүү дээ. Өнөөдөр УИХ-ын дарга хийж байгаа З.Энхболд гэдэг хүн ч иймэрхүү асуудлаас болж жил хагасын дараа орж ирсэн. 2008 оны сонгууль бүхэлдээ булхай луйвар болсон. Түр үнэмлэхээ авчихсан байсан хүн хоёр жил шахам парламентын гадна сууж байсан тохиолдол бий. Олон булхай луйвраа дарахын тулд хоёр том нам хамтраад засаглаж байсан. Тиймээс цаашдаа ийм жишгийг арилгахын тулд хууль эрх зүйн орчноо тодорхой болгож, улс төрийн нам, хүн бүхэн хуулийг өөр өөрийнхөөрөө ойлгож, тайлбарладгаа болих хэрэгтэй.
-Ийм байдлыг яаж тогтоох юм бэ?
-Одоогийн энэ олон намын төлөөлөлтэй байгаа дээр намуудын түвшинд ойлголцол, зөвшилцөл хийж байгаад томоохон өөрчлөлт хийх шаардлагатай. Бидний хувьд тогтолцоо болон Үндсэн хуулийн түвшиндээ манай улс өөрчлөлт хийх цаг болсон гэдэг байр суурьтай байдаг. Энэ итгэл үнэмшил маань өнгөрсөн үйл явдлын үеэр улам их баталгаажлаа.
-Таны хувьд Өвөрхангайн тойргоос УИХ-д хэн нь ч орж ирсэн ялгаагүй гэсэн бодолтой байгаа хэрэг үү?
-Ерөөсөө ойлгомжтой. Нэг талаасаа мөнгө тараасан нь буруу. Гэхдээ хаана, хэн мөнгө тараагаагүй юм бэ гэдгийг хайвал олоход бас л хэцүү. Ерөөсөө өнгөрсөн сонгуулиуд хавтгай мөнгөний өрсөлдөөн л болсон. Харин 2012 оны УИХ-ын сонгуулийн хувьд энэ байдал харьцангуй бага байлаа. Гэхдээ бүр илэрхий тараадаг нь хумигдсан л даа. Тиймээс цаашдаа зөв сонгууль явуулж, нэр дэвшигчдэд ижил тэгш боломж олгоё гэж байгаа бол мөнгө, эд материал тараадаг явдалтай хатуу тэмцэх хэрэгтэй. Мөнгө тараасан хүмүүсийг хашраах хэрэгтэй. Харин адилхан мөнгө тараасан байхад намайг шийтгээд, нөгөө хүнийг маань орууллаа гэж байгаа бол гомдол гаргах эрх нь ижил бий. С.Чинзориг, Н.Төмөрхүү хоёр их мөнгө тараасан уу, Г.Батхүү, Д.Зоригт хоёр нь илүү юу гэдгийг нотлох боломж байгаа гэж бодож байна. Ер нь бол манай бүлгийнхэн хэн нэгнийг нь шууд дэмжихээсээ илүү анхааралтай ажиглаж байгаа.
-Орон нутгийн сонгуульд МҮАН яаж оролцох гэж байна. Ардчилсан намтай эвсэнэ гэж зарим удирдлагууд чинь ярьсан байсан?
-Ер нь бол Засгийн газарт хамтарч ажиллаж байгаа намуудынхаа хүрээнд эвсч орж болно гэдэг чиглэлийг өгсөн. Тэгэхээр орон нутгийн намын байгууллагууд сонгуульд хэрхэн оролцохоо өөрсдөө шийднэ. Тэд Ардчилсан нам, МАХН, ИЗНН-ын хэнтэй нь ч тохироод орж болно. Зарим газар дангаараа оролцож байгаа. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд ч гэсэн мөнгө, эд материал тараах байдал дээрх явдлаас сургамж аваад цэгцрэх байх.
-Та нар орон нутагтаа бүх эрх мэдлийг өгч байгаа бол эвслийн нөгөө субъект болох МАХН орон нутгийн сонгуульд бие дааж ор гэсэн чиглэлийг дээрээсээ өгсөн юм биш үү?
-За яахав дээ. Бид УИХ-ын сонгуульд эвсч орохоор гэрээ байгуулахдаа дараа дараагийн сонгуулиудад яг энэ байдлаар оролцоно гэж тохироогүй шүү дээ. Тухайн үед нь харилцан ярилцана гэсэн зүйлийг л ярьсан. Манай хоёр намын тохироогүй нэг асуудал бол нэр дэвшүүлэх хувь хэмжээ. Үүнээс болж орон нутгийн түвшинд үл ойлголцол бий болсон. Бидний хамтрагч болох МАХН-ынхан маань “бид орон нутагт 70 хувьд нь нэр дэвшүүлнэ. Та нар 30 хувийг нь ав” гэдэг. Зарим газар нь МҮАН том байхад, нөгөө хэсэгт нь МАХН-ын нэр хүнд сайн байж болно. Өөрөөр хэлбэл энэ бол нэг загвараар явуулах ажил биш гэсэн үг. Тиймээс бид орон нутагтаа эрх мэдлийг нь өгсөн. МАХН-ын төв штаб, Удирдах зөвлөлөөс “Бид ямар нэгэн чиглэл өгөөгүй” гэдэг. Гэхдээ яг бодлого нь аль болох тусдаа оролцохыг эрмэлз гэсэн шийд өгсөн юм болов уу даа гэсэн хардлага төрж байна. Үүний цаана ямар улс төрийн зорилго байгааг мэдэхгүй юм.
-Магадгүй намын дарга нарын хооронд үүссэн үл ойлголцлоос үүдэлтэй байж болох юм?
-Намын дарга нарын үл ойлголцлоос илүү нэр дэвшүүлэх харьцаан дээрээс л болсон. МАХН-ынхан бүх зүйл дээр бид давуу оролцоно гэсэн зүйл ярьж байгаа нь бидэнд шударга бус санагдаж байна.
-Ер нь “Шударга ёс” эвслээс УИХ-д сонгогдсон гишүүд МАХН гэсэн нэрийн далбаан доор л гарч ирсэн гэдэг хандлагыг нөгөө тал чинь гаргадаг юм шиг?
-Тийм хандлага байнга л гардаг. Мэдээж МАХН гэдэг нэр сонгуульд амжилттай оролцоход нөлөөлсөн гэдгийг бид үгүйсгэхгүй. Гэхдээ МҮАН-ын нөлөөлөл ч байгаа. Түүнчлэн Амлалт нэхэх ард түмний холбоо зэрэг иргэний хөдөлгөөнүүдийн суурь ч гэсэн нөлөөлсөн. Энэ бүх хүчин зүйлүүд нийлж байж л бид амжилтад хүрсэн. Тиймээс хэн нэгэн өөрсдийнхөө гавьяаг хэт дөвийлгөх нь соёлтой зүйл биш.
-Танай намын гишүүн Ц.Цолмон МАХНд орсон. Журмын нөхрийнхөө энэ үйлдлийг та хэрхэн хүлээж авсан бэ?
-Маш их гайхсан. Тэр хүн манай намын даргын ажлыг нэлээн олон жил хийсэн. Хувь хүн нь ч гэсэн хэр баргийн зүйлд гэнэдэхгүй, өөрийн гэсэн байр суурь, нуруутай. Ийм хүн ингэж огцом шийдвэр гаргаж байгаад асар их гайхлаа. Юунаас болоод ийм шийдвэр гаргасныг мэдэхгүй юм. Өөрийнх нь хэлж байгаагаар Н.Энхбаяр дарга болон тус намын удирдлагуудтай эрт тохирсон байсан гэсэн. Эвслийн дотор ямар нэгэн үл ойлголцол, зөрчилдөөн болоогүй байхад манай намын гишүүнийг урвуулж авах ажлыг МАХН-ын нөхөд маань яагаад хийгээд явав гэдэгт л хамгийн их гайхаж байна. Хувь хүний сонголтыг бол хүндэтгэж байгаа. Энэ чинь ардчилсан Монгол Улс шүү дээ. Ямар намд орох нь Ц.Цолмон даргын эрх. Хамгийн гол нь намын олон мянган гишүүн, МҮАН-ыг бодож саналаа өгсөн иргэд юу гэж ойлгов гэдэгт санаа зовж байгаа. Тэр тусмаа намын жагсаалтаар орж ирж байгаа хүмүүс арай өөр байх ёстой юм уу гэдэг бодол төрж байна. Бие даан, тойрогт өрсөлдөөд олонхийн саналаар гараад ирж байгаа хүмүүс аль нэгэн намд орох эсэх нь түүний л бүрэн эрх. Харин намын жагсаалтаар сонгогдсон хүмүүс бол намын олон мянган гишүүн, сонгогчдын эрх ашгийг хүндэтгэх ёстой гэсэн сургамжийг өгч байна. Монгол Улс анх удаа намын жагсаалтаар УИХ-ын гишүүнийг сонголоо. Тэр дундаас сонгогдсон намаасаа гарч өөр улс төрийн хүчинд орох тохиолдол МҮАН-д тохиолдож байгаа байх. Цаашдаа бусад улс төрийн намуудад ч гэсэн ийм зүйл тохиолдохыг үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд яах ёстой вэ гэдэг хууль эрх зүйн орчныг тодорхой болгох ёстой. Би Ц.Цолмон даргыг буруутгахаас илүү МАХН-ын нөхөд яагаад ингэв гэдэгт л гайхаж байна.
-Ц.Цолмон гишүүн УИХ-ын Аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хорооны дарга. Засагт хамтрагчдын хийсэн тохироогоор Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын суудал МҮАН-д харьяалагдах ёстой. Тиймээс Ц.Цолмон дарга энэ албаа өгнө гэсэн үг үү?
-Аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хорооны даргын суудал яг МҮАН-д оногдсон. Гэхдээ Ц.Цолмон дарга МАХН-д орчихлоо. Хийгдсэн тохироогоор МАХН, МҮАН нэг нэг Байнгын хорооны даргад хүнээ тавих ёстой. Тиймээс Ц.Цолмон дарга өөрөө санаачлагаараа байнгын хорооны даргын ажлаа өгөх байлгүй дээ. Түүнээс биш бид наад суудлаа чөлөөлж өг гэдэг зүйлийг яриагүй байгаа.