Г.Батхүү, Д.Зоригт нар тангараг өргөх нь

Хуучирсан мэдээ: 2012.10.16-нд нийтлэгдсэн

Г.Батхүү, Д.Зоригт нар тангараг өргөх нь

2012 оны УИХ-ын сонгуульд Өвөрхангайн тойрогт МАН-аас нэр дэвшиж, УИХ-д сонгогдсон  Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг  Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр тойргийн хорооноос шийдвэр гаргасны дагуу СЕХ өнөөдөр хуралдаж, дээрх хоёр нэр дэвшигчийн нэрийг татах шийдвэр гаргасан байна. СЕХ-ны хурлаар АН-аас тус тойрогт нэр дэвшсэн Д.Зоригт, Г.Батхүү нарыг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэхээр хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болжээ. Тиймээс СЕХ-ны зүгээс дээрх асуудлаар ойрын хугацаанд хэвлэлийн бага хурал зарлаж, олон нийтэд мэдээлэх бөгөөд үүний дараа Ерөнхийлөгчид АН-ын нэр дэвшигчдийн нэрсийг өргөн мэдүүлэх юм байна.

Гэтэл СЕХ-ны дээрх шийдвэрийг МАН-ын гишүүд эсэргүүцэж, өнөөдөр СЕХ-нд хандсан байна. МАН-ын дарга Ө.Энхтүвшин, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар нараар ахлуулсан тус намын 10 гаруй гишүүн өнөөдөр үдээс хойш СЕХ-ны удирдлагуудтай уулзжээ. Тэд Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшигч Н.Төмөрхүү, С.Чинзориг нарын нэрийг татах шийдвэр гаргасныг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн байна. 

Гэхдээ СЕХ нэгэнт шийдвэрээ гаргасан тул дээрх шийдвэрийг УИХ-ын Тамгын газарт танилцуулахаар болсон байна.

Ш.ЧИМЭГ
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж