Ерөнхийлөгч “National Geographic Society”-д зочлов

Хуучирсан мэдээ: 2012.10.01-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч “National Geographic Society”-д зочлов

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж амралтын өдрүүдэд АНУ-ын нийслэл Вашингтон хотноо байрлах “National Geographic Society” буюу Үндэсний газарзүйн нийгэмлэгт зочилжээ.
 
Энэ талаарх албаны мэдээллийг хүргэе.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сэтгүүлийн Ерөнхий редактор Крис Жонс угтан авч сэтгүүл хэрхэн бүтдэг үйл явцын талаар дэлгэрэнгүй танилцуулав. Тэрээр хэлэхдээ, “Манай сэтгүүл, танин мэдэхүйн сувгууд болон хүүхдэд зориулсан дугаарууд танай оронд албан ёсоор салбараа нээхээр болсонд баяртай байна. Шинжлэх ухаан, хүрээлэн байгаа орчны танин мэдэхүй бол хүнийг зөв хүмүүжүүлдэг гайхамшигтай зүйл. Бид ирэх нэгдүгээр сараас шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хандлагад нийцүүлэн өөрийн сэтгүүлээ ухаалаг таблиц, гар утсанд зориулсан онлайн хувилбараар гаргахаар төлөвлөж байна. Гэхдээ энэ бол зүгээр цахим сэтгүүл бус дуу дүрсний цогц шийдлээс бүтсэн шинэ үеийн сэтгүүл байх болно” гэв. Тэрээр бид хүн төрөлхтний гайхамшигтай агшин, мөн сонин хачин зүйлсийн тухай мэдээллийг техникийн дэвшилтэт шийдэлтэй хослуулан дэлхий дахинд хүргэхээр ажиллаж байна хэмээсэн юм.
 
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч 11 сая мэдээллийн сан бүхий Үндэсний газарзүйн нийгэмлэгийн архивын үйл ажиллагаатай танилцав. Өдгөөгөөс 100 жилийн өмнө “National Geographic”сэтгүүл анх удаа Монгол орны тухай танилцуулжээ. Сэтгүүлийн архивт 1920-1930-аад оны үеийн Монголчуудын нийгмийн амьдрал, хүмүүсийн аж байдал, соёлын талаарх олон арван гэрэл зураг хадгалагдаж байна. Тус нийгэмлэгийн архивч Билл Боннерийн хэлж буйгаар эдгээр гэрэл зургуудын зөвхөн цөөн хэдэн зураг л олон нийтэд түгсэн бөгөөд ихэнхийг нь өнөөдөр ийнхүү дэлгэж байна гэлээ.
 
Монгол соёлын өвөрмөц уламжлал, 20 дугаар зууны эхэн үеийн байдлыг илэрхийлсэн ховор нандин гэрэл зургуудыг үзэж сонирхсоныхоо дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус нийгэмлэгийн инженерийн багтай танилцаж лабораторт нь зочлов. Үндэсний газарзүйн нийгэмлэг нь байгалийн элдэв янзын зураглал, дахин давтагдашгүй агшин хийгээд ан амьтад, сав шим ертөнцийн өвөрмөц ээдрээтэй зураг, дүрс бичлэгийг авч дэлхий дахинд түгээхийн тулд усанд далайн гүнд болон эсвэл агаарт нисэх чадвартай гэх зэрэг олон арван төрлийн тусгай зориулалттай багаж, тоног төхөөрөмж хийх шаардлагатай болдог бөгөөд тус нийгэмлэгийн инженерийн баг өөрсдийн хүчээр “гар аргаар” төрөл бүрийн багаж, тоног төхөөрөмж угсардаг байна.
 
Ийнхүү “National Geographic” нийгэмлэгийн үйл ажиллагаатай танилцсанхаа дараа Ерөнхийлөгч тус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзав.
 
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөрийн дагуу байгаль орчин, хүрээлэн байгаа орчныг хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлууд болон Монгол оронд тулгараад байгаа экологийн сорилт, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаарх байр сууриа танилцуулав.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ “Хүн төрөлхтний өмнө тулгамдаад байгаа дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврууд Монголд ч ихээр нөлөөлж байна. Цөлжилт, цэвэр усны асуудал байгаагаас гадна уул уурхайтай холбоотой сорилтууд ч байна. Миний бие Ерөнхийлөгч болсныхоо дараа газар нутгийн 46 хувийг хамраад байсан ашигт малтмалын хайгуулын лицензийг 20 хувь хүртэл бууруулаад байна. Үүнийг цаашид улам бууруулан нийт газар нутгийнхаа гуравны нэгээс доошгүйг тусгай хамгаалалттай бүс болгон хойч үедээ онгон дагшинаар нь өвлүүлэхийг зорьж байна. Өдгөө Монголын малчид, орон нутагт аж төрж буй иргэдэд маань хүндхэн бэрхшээл тулгараад байна. Уул уурхайн асуудлууд газар авч байгаа ч бид байгальд ээлтэй аргаар тухайн газар оршин сууж буй иргэдийнхээ эрх ашигт нийцүүлэх замаар асуудалд хандах ёстой гэсэн зарчим барьдаг. Байгальд ээлтэй эрчим хүчний эх үүсвэр бий болгох, нар салхины сэргээгдэх эрчим хүчийг ашиглах нөөц манай улсад асар их бий. Мөн Монгол Улсад ховор ан амьтныг хамгаалах чиглэлээр олон зүйл хэрэгтэй байгаагийн нэг нь дэлхийд ердөө Монголд л цор ганц, одоогоор тоо толгой нь 30 ч хүрэхгүй үлдсэн говийн баавгай “мазаалай”-г аврах асуудал зэрэг байгаль орчны сорилтыг ухаалгаар даван туулах шаардлага байна” гэлээ.
 
Мөн Ерөнхийлөгч хэлэхдээ танин мэдэхүйн хамгийн сайн сэтгүүлүүдийн нэг Монгол хэл дээр гарах гэж буйг миний бие дэмжиж байгаа. Яг намайг танай төвд зочлох энэ үеэр Улаанбаатарт “National Geographic Mongolia”нээлтээ хийж буй нь сайн хэрэг. Бид саяхан Монгол Улс албан ёсоор номын баярын өдөртэй болох шийдвэр гаргасан. Монголын залуус асар их мөрөөдөлтэй, ирээдүйдээ улам бүр итгэлтэй илүү бие даасан, хөгжингүй болж байгаа. Залуус маань шинэ соргог мэдээ мэдээллийг илүү ихээр хүртэж өөрсдөө баялаг бүтээж өндөр боловсрол, бодит чадварт суралцахыг эрхэмлэж байгаа. Тэдний маань унших судлах, мэдлэг хуримтлуулах эрмэлзэлд танай сэтгүүл чухал байр суурь эзэлнэ гэж бодож байна гэв.
           
Уулзалтын төгсгөлд тус нийгэмлэгийн Дэд Ерөнхийлөгч хэлэхдээ “Бид Монгол Улсын Ерөнхийлөгч таныг манай нийгэмлэгт зочилж буйд чин сэтгэлээсээ талархаж байна. Монгол бол баялаг түүхтэй асар сонирхолтой, үзэмжит дагшин байгальтай орон. Юуны өмнө таныг энэ жил НҮБ-ын Байгаль орчныг хамгаалах чиглэлээрх нэр хүндтэй шагнал хүртэж экологийн тэнцвэртэй байдлын төлөө амжилт гарган ажиллаж байгаад баяр хүргэе. Бид цаашид шинжлэх ухаан, судалгааны салбарт Монгол Улсын Засгийн газар, эрдэмтэн судлаачидтай гүн гүнзгий хамтран ажиллах хүсэлтэй байна” хэмээв.   
 
Өдгөө 125 жилийн түүхтэй тус нийгэмлэг нь боловсрол, шинжлэх ухааны ашгийн бус томоохон байгууллагын нэг бөгөөд дэлхийн түүх соёл, газарзүй, археологи, байгалийн шинжлэх ухааныг судлах, байгалийн болон түүхэн дурсгалт газрыг хамгаалах зорилготой бөгөөд дээрх чиглэлээрх мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг дэлхийд нэр хүндтэй байгууллага юм.

 Тус нийгэмлэгийн албан ёсны сэтгүүл болох “Үндэсний газарзүйн сэтгүүл”-ээс гадна бусад сэтгүүл, ном, сурах бичиг, газрын зураг, кино, теле суваг нь дэлхийн олон оронд олон хэлээр гардаг бөгөөд 2012 оны есдүгээр сарын 28-наас эхлэн тус сэтгүүл Монгол хэл дээр хэвлэгдэхээр болж, Улаанбаатарт нээлтээ хийсэн байна.



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж