Орон нутгийн оюутан залуус чуулна

Хуучирсан мэдээ: 2012.09.27-нд нийтлэгдсэн

Орон нутгийн оюутан залуус чуулна

Орон нутагт үйл ажиллагаагаа явуулж буй их, дээд сургууль, коллежийн Оюутны спорт урлагийн XV Их наадам Архангай аймгийн Эрдэнэбулган суманд энэ сарын 28-30-ны өдрүүдэд болох гэж байна. Тус наадмыг Монголын Оюутны Спортын Холбоо, орон нутгаас аймгийн ЗДТГ, БТСГазар, Цагдаагийн хэлтэс, Архангай аймаг дахь МУБИС-ийн харьяа Багшийн сургуулийн удирдлагаас бүрдсэн зохион байгуулах хороо хамтран зохион байгуулж байгаа ба орон нутагт үйл ажиллагаа явуулж буй их дээд сургууль, коллежийн оюутан залуучуудыг спорт урлагийн нэгдсэн арга хэмжээнд хамруулах, тэдний идэвхи сонирхолыг өрнүүлэх, авъяаслаг ур чадвартай оюутан залуусыг дэмжих, биеийн тамир, спортын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой юм.

Их наадам нь үндсэн гурван төрөл буюу спорт /сагсан бөмбөг, волейбол, шатар, үндэсний бөх, ширээний теннис, модон бөмбөг/, урлаг, оюутны Эрдэм шинжилгээний бага хурал гэсэн төрлөөр явагдах бөгөөд наадмын нэгдсэн дүнг гаргахдаа наадмын төрөл тус бүр дээр оролцсон байдал, эзэлсэн байр зэргийг харгалзан цом, Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.

Эрдэм Шинжилгээ Онол Практикийн Бага Хуралд “Орон нутгийн их, дээд сургууль, коллежид суралцаж буй оюутанд тулгамдаж буй зарим асуудал” сэдвээр сургууль бүрээс нэг оюутан, нэг залуу судлаач багш илтгэл тавьж оролцоно. Тус наадамд тухайн сургуулийн өдрийн ангид сурч байгаа 17-28 насны оюутнууд оролцох бөгөөд тэмцээний ерөнхий шаардлагуудыг хангасан байх ёстой юм байна.

Наадмын нээлтийн ажиллагаа 09 сарын 28-ны өдөр Эрдэнэбулган сумын Дэмид жанжины талбайд болох ба МОСХ-ны ЕНБДарга Д.Жаргалсайхан, Аймгийн засаг дарга Ё.Баатарбилэг, МОСХ-ны Гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэтуяа, МУБИС-ийн сургалт, судалгаа хамтын ажиллагаа хариуцсан проректор А.Цог-Очир, Архангай аймаг дахь Багшийн сургуулийн захирал Н.Нямцэрэн, наадмын Спортын төрлүүдийн ерөнхий шүүгч МУБИС-ийн Биеийн Тамирын Сургуулийн сургалтын албаны дарга, Д.Энэбиш нар болон аймгийн ЗДТГ, сургуулийн төлөөлөгчид оролцоно.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж