PitbulI-ын тасалбар худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2012.05.28-нд нийтлэгдсэн

PitbulI-ын тасалбар худалдаанд гарлаа

Дэлхий дахиныг өөрийн өвөрмөц дуу хоолой, стиль имиджээрээ байлдан дагуулсан реппер PitbulI Монголд ирж, тоглолтоо хийх болсон тухай бид өмнө мэдээлсэн билээ. Төв цэнгэлдэх хүрээлэнд ирэх долдугаар сарын 21-нд болох тоглолтын тасалбарыг өнөөдрөөс эхлэн худалдаанд гаргаад байна.

Түүний тоглолтын тасалбарыг гурван давхар нууцлалын зэрэгтэй пластик соронзон карт бүхий загвараар гадаадад захиалан хэвлүүлсэн бөгөөд тасалбар бүр сериал кодтой байх юм. PitbulI-ын тоглолтын тасалбарыг Seat Zone 30 мянган төгрөг, F88 Zone 30 мянган төгрөг, Party Zone 50 мянган төгрөг, Luxury Zone 100 мянган төгрөг гэсэн багцаар “Be” брэндийн салбар нэгж, “HiFi CD shop”-ын салбар болон “Тэнгис”, “Өргөө” кино театруудад борлуулна. Тоглолтын зохион байгуулагчид өнөөдөр энэ талаар мэдээлэл хийхдээ  хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүдэд зориулан тусгайлан суудал бэлдсэнийг дуулгасан юм. Уг суудалд суух үзэгчид Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тавдугаар хаалгаар орох юм байна. Түүнчлэн онцгой үйлчлүүлэгч нартаа зориулж VIP Zonе гаргасан ба үүнд, VIP Zonе-д багтсан бар, VIP ширээн дээрх хувийн зөөгч, тусгай хамгаалалт, тайз руу эгц харах боломжоор хангасан өндөрлөж зассан ширээ зэрэг тусгай урамшууллууд багтсан гэнэ.

“Blue Mon” группийн урилгаар Монголд ирж тоглолтоо хийх гэж байгаа Pitbull-ын аялан тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Fashion TV” “Fabulous” төслийн багийнхан болон залуусын оролцоог дэмжигч “Be” брэнд, “Монгол Масс Медиа групп” ажиллаж байгаа юм. Pitbull-ын тоглолтын маркетингийн багаар буюу хэвлэл мэдээллийн албан ёсны онцгой эрхт спонсор болох “Монгол Масс Медиа" групп буюу “Боловсрол” суваг телевиз, “Sport Box”, “Movie Box”, “Music Box”, “News.mn” сайт, “Eagle News TV” болон “Ардын эрх” сонин, “Үндэстний тойм” сэтгүүлээр дамжуулан энэхүү тоглолтын шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй хүргэх болно. Харин хамтран ажиллаж байгаа залуусын оролцоог дэмжигч “Be” брэнд нь хэрэглэгчдэдээ Pitbull-ын тоглолтын тасалбарыг ирэх зургадугаар сарын 20-ныг хүртэл хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломж олгож байгаа юм.

Гурван цагийн турш үргэлжлэх Pitbull-ын тоглолт нь амьд хөгжимтэй, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, төхөөрөмжүүдийг ашиглан 3D тайз босгон, хамгийн хүчтэй хөгжмийн дуугаралт, лазер шоуны гайхамшгийг мэдрүүлнэ. Мөн тоглолтод дэлхийн алдартай гурван DJ ирж оролцох бөгөөд дэлхийн хамгийн секси DJ Жүйс тэдний нэг байх нь ээ.

PitbulI-ын тоглолтын тасалбарыг эрт борлуулж байгаа нь Олон улсын жишгээр тоглолт болох өдөр тасалбар борлуулахгүй учир эртнээс тасалбараа худалдан авахыг зохион байгуулагчдын зүгээс дуулгасан юм. Гэхдээ хувь хүн болон борлуулалтын бус цэгээс худалдан авсан тасалбар хүчингүй байхыг анхаарууллаа. Мөн зохион байгуулагчид энэхүү тасалбарыг Дархан, Эрдэнэт хотуудад ирэх зургадугаар сарын 10-наас борлуулж эхлэх гэнэ. Түүнчлэн түүний тоглолтыг тасалбарыг Улаан-Үд, Красноярск, Иркутск зэрэг хотуудад борлуулах юм байна.

Г.Даша

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж