Хуучирсан мэдээ: 2012.05.28-нд нийтлэгдсэн

Манай хэвлэл мэдээллээр дүүрэн тоо. Том том тоо, ихнаяд гэдгээс буухаа ч байж. Сонсоод цатгалдмаар нь ч таарна, дуулангуутаа муурч унамаар ч юм бишгүй бий. Улстөрийн зорилгоор хэлэгддэг тоонуудад үнэндээ үнэ цэнэ гэж үгүй.

Манай улсын Дотоодын Нийт Бүтээгдэхүүний (ДНБ) хэмжээ өнгөрсөн онд 4.8 ихнаяд төгрөгт хүрч, 17.3 хувиар өссөн тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Мөн мөнгөний нийлүүлэлт ч огцом нэмэгдсэн юм байна. Өнгөрсөн жилийн байдлаар мөнгөний нийлүүлэлт 6.4 ихнаяд төгрөгт хүрч, 2010 оныхоос 37.3 хувиар өссөн гэнэ. Мундаг тоо байгаа биз. Гэвч уул уурхайн хөрөнгө оруулалт л ДНБ өсөлттэй харагдахад голлох үүрэг гүйцэтгэжээ. Гадаадын хөрөнгө оруулалтын 85 хувь, манай экспортын 95 хувь нь мөн энэ салбарынх.

Монголчуудад уул нь ДНБ биш Үндэсний Нийт Бүтээгдэхүүн (ҮНБ) гэдгийн л өсөлт хамаатай юм. ҮНБ гэдэг нь монголчуудын хийж бүтээсэн үйлдвэрлэл, үйлчилгээ. Харин ДНБ гэж гадныхан болон монголчуудын Монгол улсын нутаг дэвсгэр дээр бүтээсэн үйлдвэрлэл (үүнд мэдээж уул уурхайн олборлолт багтана), үйлчилгээг хэлдэг аж. Тэгэхээр ДНБ гэдэг ойлголтыг манайх, танайхаар нь ялгаж байж л сая бидэнд наалдаж хоцрох тоо гарах учиртай юм байна.

Гэтэл хүн сонсоод цатгалдмаар дээрх хоёр тоо харин яагаад монгол хүн бүрт хүртээлгүй байна гэдгийг ойлгомжтой хэлээд өгөх ухаантан ховор. Чухамдаа бол манай уул уурхайн салбарыг гадныхан эзэмшиж байгаа үед ашиг нь тэдэн рүү л явж таарна. Манайхан өөрсдөө хөрөнгө оруулаад байгаа юм бага болохоор бидэнд наалдах нь тэр хэрээрээ өчүүхэн. МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор Б.Эрдэнэбат “ҮНБ учиргүй өссөн юм байхгүй, 2008 оны түвшиндээ л байгаа байх даа” гэлээ. Нэг хүнд ногдох 2005 оны үнээрх ҮНБ 2008 онд 1 444 700 төгрөг байжээ.

Та “Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ 1996 онд 512 ам.доллар буюу бага орлоготой орон гэж ангилагдаж байсан бол 2010 оны байдлаар энэ нь 2 252 ам.долларт хүрч сүүлийн 15 жилд дөрөв дахин өсөж, дундаж орлоготой орны ангилалд багтах болжээ” гэдэг сайхан мэдээ сонссон л байх. Мөн энэ тоо удахгүй 5 000 ам.долларт хүрнэ гэж ярьж буй улстөрчийг зурагтаар харсан нь гарцаагүй. Ялангуяа засаг барьж байгаа хэсэг одоо энэ тоогоор их наадаж байгаа. Гэвч ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээ 3 000 ам.доллар хүрнэ гэдэг бол үнэндээ нэг нь 5 600 ам.доллар, нөгөө нь 400 ам.долларын орлоготой хоёр хүний орлогыг хооронд нь нэмчихээд буцаагаад хоёрт хуваасан цэвэр арифметик үйлдлийн хариу юм.

Монголбанкны Дэд ерөнхийлөгч Н.Золжаргалын хэлсэнчлэн “банк санхүүгийн өсөлт дундаж давхаргадаа бус өндөр орлоготнуудад наалдаад байгаа” бөгөөд баячууд маань баяжих хэрээр бидний орлого нэмэгдсэн мэт статистик дүн гараад байдаг байх нь. Н.Золжаргал баян болон нийгмийн дунд ангийн хадгаламжийн хэмжээг 22 дахин зөрүүтэй байна гэж Үндэсний эдийн засгийн аюулгүй байдлын семинар дээр ярьж байлаа. Ийм зөрүүтэй хоёр цифрийг хооронд нэмээд дундажлаад үзүүлэхээр мань мэтийн борчууд давгүй “чинээлэг” харагдаж таарна. Гэтэл энэ тоог улстөрчид ямар сурмаг ашиглана гээч, ёстой жонглёрдож өгнө дөө.

Жишээ нь, Тавантолгойн тодорхой хувийг Монголын аж ахуйн нэгжүүдэд олгох ёстой гэдэг “эх оронч” санаагаа батлахын тулд өнөө үйлийн үртэй ДНБ гэгчийг ашиглаж, тоон тоглоомоо үргэжлүүлнэ. Манай ДНБ-ий 70-80 хувийг хувийн хэвшил бүрдүүлж байгаа гэж Ж.Батзандан Өдрийн сонин-д ярьсан байдаг. Үнэн хэрэгтээ бол адаглаад 51-ээс дээш хувь нь Монголын эзэмшилтэй аж ахуйн нэгжийг бид “манай” гэж ярих учиртай. Монголд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтын хувь хэмжээг олж тогтооно гэдэг туйлын хэцүү. Тэгээд ч аж ахуйн нэгжийн эзэмшил гэдэг холигдож солигдох, зарагдаж үрэгдэхдээ амархан эд. Яг эндээс үүдэлтэй хэрүүл одоо хэвлэлийн гол сэдэв болж байгаа тул орхиё. Үргэжлэлийг Үндэстний Тойм сэтгүүлээс

Д.Батбаяр

Эх сурвалж: www.toimsetguul.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж