Энэ удаагийн УИХ-ын сонгуульд Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ногоон нам, Эх орон нам, Иргэний хөдөлгөөний нам, МАН, МАХН, Ардчилсан нам, МУНН, МСДН, ИЗНН, Эх орончдын нэгдсэн нам гэсэн 11 нам байгаа бол МАХН-МҮАН, Хамуг Монголын хөдөлмөрийн нам болон Бүгд найрамдах нам хоёр 2012 оны ээлжит сонгуульд эвсч орохоор мөрийн хөтөлбөрөө хянуулж, дүгнэлтээ гаргуулсан байна. Нам, эвслээс дүгнэлт гаргуулсан мөрийн хөтөлбөрөө СЕХ-нд хүргүүлж, СЕХ-ны хуралдаанаар хянаж баталгаажуулах учиртай.
Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчид, нам, эвсэл мөрийн хөтөлбөр батлах тухай хуульд бэлэн мөнгө, эд хөрөнгөтэй холбогдсон эрх олгох, уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлогоос иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх, эсхүл зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэх, түүнчлэн үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэх, эсхүл ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авахаар тусгахыг хориглоно гэж заасан байдаг. Сонгуулийн ерөнхий хороо энэ заалтын дагуу нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрийг хянаж, бүртгэх эсэхээ шийдвэрлэдэг.
Хэдийгээр намууд мөрийн хөтөлбөрөө олон нийтэд ил болгоогүй ч зарим намын мөрийн хөтөлбөрт цалин нэмэх, эх орны хувь хишиг тарааж байгаа үйл ажиллагааг үргэлжлүүлэх зэргийг тусгасан байсан. Хэрэв намууд мөрийн хөтөлбөртөө хуулиар хориглосон зүйлсийг тусгасан тохиолдолд ямар арга хэмжээ авдаг талаар СЕХ-ны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэнгээс тодруулахад “Тухайн нам, эвсэл мөрийн хөтөлбөрөө аудитын газарт хянуулж, дүгнэлт гаргасныг СЕХ-ны хуралдаанаар авч хэлэлцэнэ. Үндэсний аудитын газраас тухайн намын мөрийн хөтөлбөр зөрчилтэй эсэхийг дүгнэдэг. Хэрэв мөрийн хөтөлбөр нь зөрчилтэй тохиолдолд тухайн нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд хуулийн хугацаанд мөрийн хөтөлбөрийн зөрчилтэй хэсгийг засах гурав хоногийн хугацаа өгдөг. Тухайн хоногт зөрчилтэй мөрийн хөтөлбөрөө засах юм бол дахин СЕХ-ны хурлаар хэлэлцэж бүртгэдэг” гэлээ.
УИХ-ын сонгуульд нэр дэвших намууд мөрийн хөтөлбөрөө баталгаажуулснаар маргааш хэдэн нам УИХ-ын 2012 оны сонгууль оролцох нь тодорхой болох юм. Өчигдрийн байдлаар таван нам, бүртгүүлэхээр баримт бичгээ СЕХ-нд хүргүүлсэн байна. Мөн эх сурвалжийн мэдээлснээр зургаан намын мөрийн хөтөлбөр зөрчилтэй байсан байна. Ардчилсан нам өнөөдөр 11.40 цагт СЕХ-нд мөрийн хөтөлбөрөө баталгаажуулж сонгуульд оролцох эрхээ авах юм байна. Сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэхийн тулд хуульд заасан бичиг баримтыг бүрдүүлж, Аудитын газрын дүгнэлтийг үндэслэн тав хоногийн дотор тухайн намыг бүртгэж батламж олгодог юм байна. Бусад намын хувьд хэзээ батламжаа авах нь тодорхойгүй байгаа гэж СЕХ-ныхон мэдээлж байлаа.