Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах эсэх асуудлаар өнгөрсөн шөнө Төрийн ордонд нэлээд бужигнаантай өнжлөө. Өчигдөр орой хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар Ц.Нямдорж сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж, дараа нь МАН-ын бүлэг хуралдсан юм. Хуралдаан дууссаны дараа шөнийн 02.00 цагийн орчимд УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж, дээрх асуудлыг хэлэлцэв. Тус хуралдаанд оролцсон гишүүдээс зөвхөн АН-ын гишүүд сайдыг огцруулахыг дэмжсэн боловч олонхийн бүлэг гар өргөөгүй учир Ц.Нямдорж сайдыг огцруулах тухай асуудал байнгын хорооны хуралдаанаас дэмжлэг авч чадсангүй. Тодруулбал, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон 17 гишүүнээс Ардчилсан намын найман гишүүн Ц.Нямдорж сайдыг огцруулахаар гар өргөн дэмжсэн ч олонх болох МАН-ын гишүүд огцруулахгүй гэжээ.
Түүнчлэн үүргээ биелүүлээгүй хэмээн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах асуудлыг тавьсан О.Чулуунбат, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Д.Балдан-Очир нарын нэр бүхий гишүүдийн хэн нь ч УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд харьяалагддаггүй юм байна.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өндөрлөсний дараа шөнийн 04.00 цагт УИХ-ын чуулганыг хуралдуулж, Ц.Нямдорж сайдыг огцруулах эсэх асуудлаар эцсийн шийдэл гаргах байсан ч АН-ын бүлэг энэ асуудлаар УИХ-аас завсарлага авсан тул ирэх долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцэхээр болжээ.
Холбоотой мэдээ