ГОВИЙН УСАНД АГУУЛАГДАХ ХОРТ БОДИСЫН ХЭМЖЭЭГ СУДАЛНА

Хуучирсан мэдээ: 2012.04.18-нд нийтлэгдсэн

ГОВИЙН УСАНД АГУУЛАГДАХ ХОРТ БОДИСЫН ХЭМЖЭЭГ СУДАЛНА

Канад улсын Гранд Чаленжис (Grand Challenges Canada) байгууллагаас нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зориулан олон улсын эрдэмтэн, судлаачдад тэтгэлэг олгодог уламжлалтай. Энэ жилийн тэтгэлэгт уралдаанд монгол эрдэмтэн оролцож байна. Хүний их эмч, доктор Б.Пүрэвдорж уул уурхайн олборлолт, хайгуулын ажил хамгийн ихээр явагдаж буй өмнөд говийн бүсийн ундны усанд агуулагдах хорт бодис-хүнцэлийн (аrsenic)хэмжээг судлах төслөөр тус шалгаруулалтад өрсөлдөж байна.

Манай улсын өмнөд говийн бүс нутагт уул уурхайн үйл ажиллагаа эрчимжихийн хэрээр тус бүс нутагт хүн ам олноор нүүн суурьшиж, тэдний ундны асуудал хурцаар тавигдсан. Иймд ундны усны чанар, тэр дундаа хүнд металлуудын агууламжийг судлан тогтоох шаардлага хурцаар тавигдаж байна. Хамгийн эхэнд судлах ёстой металл бол хүнцэл юм. Учир нь хүнцэл нь олон төрлийн хавдар, зүрх судасны эмгэгүүд, чихрийн шижин болон мэдрэлийн тогтолцооны эмгэгүүдийг үүсгэдэг аюултай. Хүнцэл нь байгаль дээр алт, зэсийг даган байрладаг гэдэг. Тиймээс Өмнөговийн алт, зэсийн ордын ойролцоох ундны усанд нарийн судалгаа хийх хэрэгтэй гэдэг нь харагдаж байна. Мөн өмнөд говьтой хиллэн орших Өвөрмонголын гүний усныхүнцэлийн агууламж хамгийн их хэмжээтэй (0.5 мг/литр буюу зөвшөөрөгдөх хэмжээнээс 100 дахин их) байгаа нь тогтоогдсон байна.

Энэ судалгаанаас харахад манай орны өмнөд говийн бүсийн гадаргын болон гүний усанд хүнцэлийн судалгаа хийж, нүүрлэж буй аюулаас сэргийлэх зайлшгүй шаардлага үүсч байна. Доктор Б.Пүрэвдоржийн ажлын гол зорилго нь өмнийн говьд орших гадаргын болон гүний усан дах хүнцэлийн хэмжээг тодорхойлон, их хэмжээний устай эхүүдийг хэрэглэхийг хорьж, аюулгүй эх сурвалжуудыг нээн илрүүлэхэд оршиж байгаа аж. Тэрээр дэлхийд нэр хүндтэй Johns Hopkins-ийн их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуульд Орчны болон хөдөлмөрийн эрүүл мэндийн чиглэлээр суралцахын зэрэгцээ “Монгол орны говийн бүсийн ундны усанд агуулагдах хүнцэлийн хэмжээ, түүний эрүүл мэндийн нөлөө” сэдвээр судалгаа хийдэг юм.

Улсын төсвөөс хөрөнгө мөнгө гаргаж хийх ажлыг монгол эрдэмтний хичээл зүтгэлээр гадны санхүүжилтээр, ийнхүү ойрын хугацаанд бүтээх боломж байна. Гранд Чаленжис байгууллагаас зарласан уг хөтөлбөрийн сонгон шалгаруулалт интернэтээр санал хураах зарчмаар явагддаг тул уншигчид та бүхнийг монгол эрдэмтнээ дэмжинэ үү хэмээн уриалж байна. Та дэмжихэд тун хялбар, http://rs.applications.grandchallenges.ca/en/viewVideo/28735E6AA6EB3DA8EFB5BD холбоосоор орж Log in to Like this application товч дээр дарж зааврын дагуу бүртгүүлнэ.  Ингээд бүртгүүлсэн имэйл хаягаар тань ирсэн холбоосоор орж Like this application дээр дарж дэмжицгээнэ үү.

О.Хосцэцэг

 www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж