Иран улс Герман руу нийлүүлэх газрын тосны экспортоо зогсоолоо. Үүний өмнө Испани, Их Британи, Франц болон Грек зэрэг орон руу нийлүүлэх газрын тосны экспортоо зогсоосон билээ. Ираны газрын тосны сайд Ростам Касеми энэ шийдвэр үнэн бодит болохыг батлан мэдэгдсэн байна. Тус улсын Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад өнөөдөр хийсэн мэдэгдэлдээ “Европын холбоо, АНУ манай газрын тос экспортод хориг тавьж байна.
Тэгвэл Иран улс газрын тос худалдахгүйгээр 2-3 жил тайван оршин тогтнох боломжтой” гэжээ. Европын холбоо, АНУ-ын тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээний улмаас Иран улс нь өдөрт нэг сая баррель газрын тос олборлож байгаа бол ирэх зургадугаар сар гэхэд энэ хэмжээгээ 2.5 сая баррель болгон бууруулахаар төлөвлөж байна. Энэ сарын 16-нд Стамбул хотноо АНУ, ОХУ, Хятад, Их Британи, Франц, Герман зэрэг орон цөмийн асуудлаар Иран улстай хэлэлцээрийн ширээнд суух юм. Өнөөг хүртэл цөмийн зэвсэг үйлдвэрлэлийг хөгжүүлж байгаа хэмээн улс орнууд Ираныг сэрддэг ч тэд цөмийн хөтөлбөрөө энхийн зориулалттай хэмээн мэдэгдсээр байгаа билээ.
Э.Од