“Элэгдүүлсэн” эрх чөлөө…

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

“Элэгдүүлсэн” эрх чөлөө…

Жилд арван хоёр сар, сард гуч хоног. Биш ээ, гучин нэгэн хоног, өдөрт хорин дөрвөн цаг, цагт жаран минут. Минутанд 60 секунд. Энэ агшин хором бүрт бусдын оролцоогүйгээр би сонголтоо хиймээр байна. Бусдын эрхэнд халдалгүйгээр шүү дээ. Хэдийд унтахаа өөрөө мэдэж, хаагуур явахаа хэнээр ч заалгамгүй санагдана. Босохдоо ч, бүдэрсэн ч өөрийнхөөрөө… Бодовч, больсон ч дураараа. Хэнтэй, хаана амьдрахаа өөрөө шийдэхийг л хүснэ. Өвдсөн ч өөрийнхөөрөө л баймаар байна.

Бусдын эрхэнд халдалгүй­гээр зүгээр л өөрийнхөөрөө баймаар байна. Битгий боомил. Хэдэн цагт, хаана байхаа хүнээр заалгамааргүй, хаашаа орох, юу хийхээ хүчээр тулгуулахгүй байх эрх минь хэвээрээ, бүү саад болооч эрх мэдэлтнүүд ээ.

Нэг хүний эрх нөгөө хүний хамрын үзүүрээр хязгаарлагддаг ардчилсан нийгэмд ингэж л амьдрахыг эрмэлзэнэ, би. Архичин болж элгээ сүйтгэх үү, тамхи татаж уушгаа устгах уу, миний л эрх, тухайн хүний л сонголт. Та нарын сайхан сэтгэл хэрэггүй, миний төлөө эрх чөлөөг минь боомилохыг хүсэхгүй. Архи уудаг нь миний буруу байж болно. Гэхдээ албан тушаалтнуудаас архины мөнгө нэхээгүй байхад архидалт хэтэрлээ гээд манийхаа хөлийг хорихыг хувьдаа зөвшөөрөхгүй. Миний төлөө бүү санаа зов. Намайгаа мэдэхгүй хэрнээ миний ашиг сонирхлыг ярих, ярьсандаа итгээд элдвийн шийдвэр гаргах нь хүчирхийлэл гэж мунхаг толгойдоо боддог.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн баар, цэнгээний газрын цагийн хуваарийг өөрчилсөн тогтоолыг ярихаар төрийг өмөөрч архичин, тамхичингаар нь дуудаад буй хүмүүсийг ойлгохгүй юм. Яагаад кафе баар 22.00 цаг хүртэл, диско, караоке баар 00 цаг хүртэл ажиллах ёстой гэж.  Төр, түүний албатууд чинь хүн бүрийн эрх чөлөөг хан­га­хад чиглэсэн хууль, тог­тоомж батлах ёстой бил үү. Хо­риглож, боомилж, хэн нэгэнд давуу эрх олгож, түүнийгээ хүчир­­­хийллийн аргаар шийдэх ёстой юу. Бид социализмын төвлөр­­сөн төлөвлөгөөт эдийн зас­­гаас аль эрт татгалзсан биш үү. Унтаж байхад чөлөөт зах зээл гээчийг бий болгохоо умар­­таад мартсан уу. Хуучин шиг бүхнийг хааж, өөрсдийн таа­лалд нийцэх төрийн дарамт өнөөг хүртэл оршин байгаагийн лай ланчигаар нийтийн эрх аш­гийн үүднээс гэх нэрийн дор тэд­гээр нөхдүүд үйлчилгээ, худал­дааг ч өөрсдийн зоргоороо хязгаар­лаж байгааг өөрөөр юу гэх вэ, хэлээд өгөөч, та минь ээ. Ингэхэд ер нь НИТХ-ын тэргүү­лэгчдийн хэд нь диско баартай юм бол оо. Өөрийн бизнесээ өргө­жүүлэхийн тулд “өдрөөс өдөрт архичид нэмэгд­лээ” гэж өрөө­лийн төлөө санаа зовсон царай гаргаад бусдыг эрхийг боомилж байгаа юм биш биз дээ.

Хүссэнээ авах, өөрсдийн хүссэн үйлчилгээгээ сонгох, сонгосон үйлчилгээгээ авах нь хувь хүний эрх биш бил үү. Миний юу хүсч байгааг НИТХ-ын тэргүүлэгчид яахан мэдэх билээ. Чухамдаа Нарантөгс гэдэг “архичин” байж болно. Тэглээ гээд энэ нөхөр юу хүсч, юунаас таашаал авдаг, ямар зорилготой вэ хэн нэгэн этгээд өмнөөс минь мэдэмхийрэхийг би хувьдаа зөвшөөрөхгүй. Ингээд хэлэхээр энэ шийдвэрийг гаргасан тэргүүлэгчид шиг нөхдүүд, “Гол нь архи зарж байгаа учраас л цаг заагаад байгаа юм шүү дээ” гэдэг ч юм уу. “Ер нь 19 цагаас хойш хоол идэх нь эрүүл мэндэд муу гэдгийг мэдэх үү, мал аа” эсвэл  “Чиний л эрүүл мэндийн төлөө хийж байгаа ажил гэж бодож байна”, “Хэдхэн кафе баар ажиллуулдаг хүмүүсээс болж ард түмэн архичин болж байна” гэхийг олонтаа сонсч явлаа. Архи зарах эс зарах нь тухайн хүний эрх. Түүнийг хүсвэл худалдаж аваад хүсэхгүй бол татгалзах эрх бидэнд бий биз дээ. Түүнээс архинд дуртай, дургүй нь энд падлийгүй. 

Бүр эсрэгээрээ “Архи ууж, агсам тавих нь миний эрх” гэж туйлшрах нь утгагүй. Архи уух эсэх нь чиний эрх байж болох ч бусдын эрхэнд халдах нь эрх чөлөө биш.  Тиймээс өнөө хэр нь бусдаар өөрийгөө удирдуулах дуртай, хатуу гараар бариулахыг хүсдэг, өөртөө итгэлгүй, оймс авахдаа хүртэл бусдын харцыг хардаг, өөртөө таалагдсанаараа бус өрөөлийн тааллаар өдөр хоногийг өнгөрүүлж, утсан хүүхэлдэй шиг болчихсон өнгөрсөн нийгмийн үлдэгд­лүүд шиг байхыг хувьдаа  би хүсэхгүй. Тиймээс ч намайг сонсоогүй хэн хэнийг өөрхийнхөө өмнөөс яриул­мааргүй байна. Хэдийгээр НИТХ-ын гаргасан тогтоол өнгөц харахад цагийн хуваарийн өөрчлөлт мэт боловч үнэндээ хүний эрх чөлөөг хаан боогдуулсан явдлын тод жишээ. Яагаад заавал хориглож, хаах ёстой юм. Дуртай нь ороод, дургүй нь зугтаад явж  байг л дээ. Эрх чөлөө чинь л энэ биз дээ. Ийм юмыг хориглох нь эрх чөлөөг хязгаарласантай агаар нэгэн бус уу. 

Тухайн кафе архигүй байх нэг хэрэг. Харин зарах эрхийг нь хориглосон учраас зарахгүй байх нь асуудал биш үү. Эрх чөлөөтэйдөө ингэж хориглуулах уу. Ингээд хэлэхээр архичин гэцгээж л бай. Нарийндаа архичиндаа ингээд байгаа юм биш. Хүний авах гэсэн зүйлийг нь хориглоод байгаад л асуудал байгаа хэрэг.

Түүнд л эрх чөлөөний амин сүнс нь оршоод байгаа юм биш үү. Хэн нэгэн суу гэвэл сууна. Уу гэвэл ууна. Боль гэвэл болих циркийн сургуультай нохой шиг ийм хөгийн амьдралаар амьдармаагүй байна. Аяндаа бий болчих үйлчилгээний дэг журмыг ямар нэгэн хууль, тогтоомжоор хязгаарлах нь утгагүй юм биш үү, НИТХ-ын тэргүүлэгчид ээ.

Хамгийн гол нь үйлчилгээ гэгч харилцан бие биенийхээ хүслийг хангахад л оршин тогтнодог. Тиймээс тухайн бизнес эрхлэгчид ашгаа нэмэгдүүлэхийн тулд үйлчлүүлэгчийнхээ хүслийг хангах хэрэгтэй болдог. Лас вегаст энэ л хууль үйлчилдэг болохоор дэлхийн хүн бүхэн тийшээ очиж мөнгөө үрэхийг хүсдэг.

Стив Жобс бусдын сайн сайхны төлөө гэхээсээ илүүтэй өөрийн амжилт, ашгаа нэмэгдүүлэх үүднээс гайхалтай технологи, санаануудаа хүн төрөлхтөнд толилуулсан. Тиймээс л бусдын эрхэнд халдаагүй хэнийг ч, юунд ч албадах нь утгагүй. Адилхан үйлчилгээний байгууллагуудын нэгэнд нь давуу эрх олгох нь дарангуйлал.

Хориглохын оронд сэнхрүүл…

Хамгийн хайртай дүү нь архи уугаад л… Гэхдээ эхнэрээ зодоогүй. Элдэв хэрэгт холбогдоогүй. Гэхдээ л архи уугаад байгаа. Түүнд нь дарга ах нь дургүй. Тиймээс ойр орчмынх нь баар, цэнгээний газрыг элдэв шалтаг, шалтгаан хайсаар хаалгачихжээ. Харамсалтай нь дүү нь архинаас гарсангүй. Харин ч бүр дордож гудамжинд архи уудаг болов. Аажмаар гэртээ ирэхээ ч байжээ. Уурссан ах, ажлынх нь газрын ойролцоох кафенуудыг хаалгахаар шийдэж. Энэ мэтээр л дүүгээ архинаас гаргах гээд эрх мэдлээ ашиглан бусдын эрхэнд халдаад байх жишээтэй. Аливааг хориглолоо гээд асуудал улам л хурцаддаг. Модернист яруу найрагч Б.Галсансүхийн хэлдэг шиг “Чи битгий хуц аа” л болно. Хамгийн гол нь хориглохдоо бус ойлгуулахдаа гэдгийг өнөөгийн сэтгэл судлаачид нотолсоор байгаа. Хуулиар хориглож болох, болохгүйгээ л ялгамаар юм даа. Хүний идэж уухыг дарангуйлагчид ч хориглож чадахгүй л дээ. 

Тиймээс л архи уух эсэхээ иргэд өөрсдөө мэдэг. Бидэнд олдсон ус, агаараас ч дутахааргүй чухал зүйл гэвэл эрх чөлөө. Үүний л төлөө бид өнгөрсөн зуун зууны турш тэмцсээр ирсэн. Тиймээс л,

-Би чиний хэлж байгаа зүйлийг үзэн ядаж байна. Гэхдээ наад үгээ хэлэх эрхтэй байхын чинь төлөө би тэмцэх болно гэж Францын нэрт сэтгэгч Волтерийн хэлсэн шиг эрх чөлөөгөө хамгаалах нь хамгаас чухал. Бусдын эрхэнд халдаагүй л бол хэн нэгний худалдаа хийх, ууж идэхийг хориглох нь бусармаг хэрэг. Диско баарныхан иргэдэд хүсэлтийнх нь төлөө өгдөг, кафеныхан хүчээр цутгадаг юм шиг л аягладаг нь ямар учиртай юм бэ. Хүссэн болохоороо л мөнгөө төлөөд уухаа ууж байгаа юм биш үү. Үүнийг хориглоно гэвэл дарангуйлал. Энэ мэтээр эрх чөлөөг “элэгдэж” байна. Өнөөдөр кафег хязгаарлана. Хүлээн зөвшөөрвөл маргааш дэлгүүрийг хаана. Нөгөөдөр эсэргүүцвэл хүзүүнд чинь олс угална. Одоо яамаар байна, хэрхэх нь таны эрх шүү дээ.      

Л.НАРАНТӨГС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж