“Иргэдэд сая төгрөг олгоход санхүүжилт амаргүй”

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

“Иргэдэд сая төгрөг олгоход санхүүжилт амаргүй”

Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгохоор төлөвлөөд байсан нэг сая төгрөгийг ирэх дөрөвдүгээр сараас зургадугаар сарыг дуустал тус бүр 330 мянган төгрөгөөр хуваан олгох шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан билээ. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Д.Хаянхярваагаас сэтгүүлчид дараах асуултад хариулт авсан юм.  

-Хүний хөгжил сангаас олгох нэг сая төгрөгийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгохдоо журам баримтлах уу? 

-Засгийн газраас өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох сая төгрөгийг дөрөв, тав, зургадугаар сард хувааж олгохоор шийдвэрлэлээ. Гэхдээ өмнө нь орон сууцны зээл болон бусад хэлбэрээр зээл авсан бол сая төгрөгийг хасаж тооцно.

-Нэг сая төгрөгийг гурав  хуваалгүйгээр нэгдор өгч болдоггүй юм уу?

 
-Нэг сая төгрөгийг бөөнд нь өгөх боломж хомс байна. Хамгийн их санаа зодоож байгаа асуудал бол өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа,  цаашдаа нэмэгдэж болзошгүй байгаа инфляцийг хөөрөгдөхгүйн  тулд гурав хувааж олгох шийдвэр гаргасан. Нийтдээ 334 тэрбум төгрөг шаардагдана. Одоо энэ хөрөнгийг цуглуулах ажил үлдээд байгаа.

-Дөрөвдүгээр сард олгоно гэдэг ерөнхий л юм хэлээд байна. Яг хэдний дотор багтааж олгоно гэсэн шийдвэр гарсан юм бэ?

-Ямар ч байсан нэг сая төгрөгийг гурав тэнцүү хувааж олгоно. Ойролцоогоор дөрөвдүгээр сард 330 мянган төгрөг, тавдугаар сард 330 мянган төгрөг, зургадугаар сард 340 мянган төгрөг олгоно гэж ойлгож болно. Харин яг хэдэнд олгохыг хэлэхэд эртдэнэ.

-Санхүүгийн эх үүсвэр хангалттай бий юу?

-Санхүүжилт амаргүй байгаа. Гэхдээ санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлэх үүрэгтэй хүмүүс маань эхнийхээ гэрээ хэлэлцээрийг хийгээд байгаа учир дөрөвдүгээр сард мөнгө олгох боломжтой гэж үзсэн.

-Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бусад иргэд нэг сая төгрөгөө хэзээ авах вэ?

-Иргэн бүрт Хүний хөгжил сангаас 1.5 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хувь хишиг олгох ажлын хүрээнд 500 мянган төгрөгийг ирэх зургадугаар сард олгож дуусна. Харин 160 орчим мянган оюутан 1.5 сая төгрөгөө бэлнээр нь аваад дуусч байгаа. Оюутнууд сар бүрийн 21 мянган төгрөгөөрөө 500 мянган төгрөгөө авчихсан. Бас сургалтын төлбөр хэлбэрээр нэг сая төгрөгөө авчихсан. Мөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлнээр нэг сая төгрөг олгохоор боллоо. Ингэснээр нийт 300 гаруй мянган иргэн 1.5 сая төгрөг авна гэсэн үг. Ерөнхийдөө зургадугаар сар гэхэд нийт иргэдийн дөрөвний нэг нь 1.5 сая төгрөгөө аваад дуусна. Үлдэж байгаа хэсэгт олгох нэг сая төгрөгийн журмыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Дараа нь УИХ-д өргөн барьж, эцэслэн шийдвэрлэнэ. Мэдээж бид иргэддээ сая төгрөгтэй дүйцэх хэмжээний хувьцаа эзэмшүүлэхээр болсон. Тавдугаар сар гэхэд хувьцаа гаргах асуудлыг шийдвэрлэчих байх. Энэ бүхний дараа иргэд маань хувьцаагаа зарж, сая төгрөгөө авах боломжтой. Бидний тооцоолж байгаагаар хувьцаатай холбоотой сая төгрөгийн асуудал 2012 ондоо багтааж шийдвэрлэгдэнэ.

-Сая төгрөгийг банкуудаар дамжуулж иргэдэд олгож таарна биз?

-Тийм ээ, Хүний хөгжлийн сангаас сар тутамд олгож байгаа 21 мянган төгрөгийг яаж авч байна, тэр хүрээндээ л ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мөнгийг нь олгоно гэж ойлгож болно.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж