Фальчано дель Массико. Фото falcianodelmassico.ce.it
Өмнөд Итали дахь Фальчано дель Массико (Falciano del Massico) тосгоны захирагч орон нутгийн иргэд нас барахыг хориглосон шийдвэр гаргалаа.
“Орон нутгийн оршин суугчид болон тосгоны зочид энэ хорвоог орхиж нөгөө ертөнцөд одохыг хориглож байна” гэж захирагч Жулио Чезар Фавын энэ сарын 5-наас эхлэн хүчин төгөлдөр болсон захирамжид заасан байна.
Ийм шийдвэр гаргасны шалтгаан нь Фальчано дель Массико оршуулгын газаргүй болсонтой холбоотой юм. Саяхныг болтол тосгоныхон хөрш Каринола хотхоны газар нутгийг ашиглаж байсан байна. Кариолагийнхан оршуулгын газраа өргөжүүлэхийг олон жил хичээсэн ч сүүлийн үед олигтой арга хэмжээ аваагүй байна. Тиймээс Фава захирагч асуудлыг өөрөөр шийдэх болжээ.
Түүний ярьж байгаагаар, өмнөх захиргаа оршуулгын газрын төсөл боловсруулсан ч бяцхан тосгоны хувьд энэ нь дэндүү үнэтэй тусч байжээ. “Миний захирамж бол өдөөн хатгалга. Гэхдээ асуудал чинээндээ туллаа. Хүмүүс үү? Ардууд үнэнхүү хилэгнэж байна. Оршин суугчид мянга мянган гарын үсэг цуглуулсан, зарим газрын эзэд эдлэнгээ санал болгож эхлээд байна” гэж Фава шийдвэрээ тайлбарлаж байна. Ер нь бол Фавагийн шийдвэрт ардууд таатай хандсан тухай зарим эх сурвалж мэдээлж байгаа юм.
Энэ сарын 5-наас хойш тосгоны хоёр ч иргэн захирамжийг зөрчин нас бараад байна.
Цаашид Фава инженерүүдтэй хамтран оршуулгад тохиромжтой газрыг сонгож, мөн өмгөөлөгчид хандан Каринолагийн захиргаатай холбоотой асуудлаа шийдэх бодолтой байна.
Жулио Чезар Фава зүрхний эмчийн мэргэжилтэй, зүүн төвийн үзэлтэй юм. 3700 оршин суугчтай Фальчано дель Массикогийн захирагчаар тэрээр 2007 онд сонгогдсон юм.
Эх сурвалж: La Stampa