Зохицуулалт нь томдсон АШИГТ МАЛТМАЛ

Хуучирсан мэдээ: 2012.02.02-нд нийтлэгдсэн

Зохицуулалт нь томдсон АШИГТ МАЛТМАЛ

Зөвхөн
лицензийн үйл ажиллагааг зохицуулсан өрөөсгөл талтай хэмээх шүүмжлэлийг
байнга дагуулдаг Ашигт малтмалын тухай хуулийг цаг үеийн шаардлагад
нийцүүлэн өөрчлөх, багц хууль болгох талаар яригдаад багагүй хугацаа
өнгөрлөө. Мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, салбарынхан, иргэний
нийгмийнхэн гээд энэ хуулийн талаар санал бодлоо хэлж, байр сууриа
илэрхийлээгүй салбар, нэгжийн төлөөлөл бараг үгүй биз. Уул уурхайн их
идэвхжлийн өнөө үед олон талтай, олон үзэл санаа бүхий байр сууриуд
хүчтэй дуулдаж байгаа ч тэр дунд төдийлэн хөндөгддөггүй нэг сэдэв бий.
Тэр нь түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай юм. 2006 онд шинэчлэн
найруулсан Ашигт малтмалын тухай хуулиар ашигт малтмалын ордыг:

-Стратегийн ач холбогдол бүхий,
-Түгээмэл тархацтай,
-Ердийн ашигт малтмалын орд

гэж гурав ангилсан байдаг.

Барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой байгаль дээр элбэг
тархалттай хурдас чулуулгийн хуримтлал, элс, хайрга, шар шавар зэргийг
түгээмэл тархацтай ашигт малтмалд оруулдаг. Үндсэндээ  барилгын
материалын эрдэс түүхий эд гэж ерөнхийд нь ойлгож болно. Хэдийгээр
түгээмэл тархацтай ашигт малтмал гэж хуульчлагдсан сайн талтай ч алт
болон металл ашигт малтмалтай адил шаардлага, шалгуур бүхий харилцаа 
барилгын эрдэс түүхий эдэд тулгарсан билээ. Ашигт малтмал гэдэг утгаар
нь түүхий эдийн ордын лицензийг Ашигт малтмалын газраас өгдөг. Харилцааг
нь ийнхүү Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулаад долоон оны нүүр
үзэж байгаа ч түгээмэл тархацтай ашигт малтмалын хувьд энэ хууль тун
базаахгүй хэрэгжилттэй байсаар дараагийн хуулийн өөрчлөлтэй тулж ирээд
байна. Байгальд хаа сайгүй бага хэмжээгээр элбэг тархсан энгийн ашигт
малтмалд өөрийнх нь хэм хэмжээнээс хэт хатуудсан шаардлага, шалгуур
тавьснаас хууль эрх зүйн орчин нь хүндэрч, ашиглах нөхцөл нь хумигдахдаа
хуулиас гадуур задгайрч, замбараагүйтсэн тал ч бий. Энэ талаар салбарын
мэргэжилтний үзэл бодлыг хүргэж байна.

Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны менежер Я.Алагбанди   


Түгээмэл тархацтай ашигт малтмалын хувьд Ашигт малтмалын хуулиар
зохицуулагдахгүй байгаа зүйлүүд бий. Энэ талаар мэргэжлийн хүний үгийг
сонсмоор байна?
 

Ашигт малтмалын хууль үйлчилснээс хойших хугацаанд барилгын материалын
эрдэс түүхий эдийн орд дээр ашиглалтын лиценз авсан газар орон нутагт
тун бага. Бараг байхгүйтэй адил. Орон нутагт барилгын ажил явахгүй биш
явж байна. Гэхдээ барилгын түүхий эдийг дан хууль бусаар,
зөвшөөрөлгүйгээр авч байгаа.
Зөвхөн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд болон төмөр замын дагуух
газарт барилгын материалын эрдэс түүхий эдийн лиценз авдаг. Гэхдээ энд
лиценц худалдах, наймаалцах, үнэд хүргэх асуудал гаарлаа. 2000 он гарсны
дараахан Эрдэнэтийн үйлдвэр асар өндөр үнээр шохой авч эхэллээ гээд л
шохойн чулууны лицензийн наймаа газар авсан. Тэгээд үндсэн том
үйлдвэрлэл нь бий болсноос хойш лицензийн наймаа харьцангуй гайгүй
болсон.

Тав зургаан жилийн өмнөөс элс хайрганы “буум” боллоо. Ялангуяа Туул
голын савд бөөн бужигнаан. Хоорондоо наймаалцана гэдэг чинь элс,
хайрганы эцсийн үнийг өсгөөд байгаа юм. Элс, хайрганы үнэ өснө гэдэг
орон сууцны үнийг өсгөж байгаа хэрэг. Барилгын материалын үнэ өндөр
байгаагийн нэг том шалтгаан нь эрдэс түүхий эдийн ашиглалт, олборлолттой
холбоотой. Түүхий эдийг хамгийн хямдаар авч боловсруулаад, барилгын
материал болгож үйлдвэрлэвэл барилгын үнэ хямдрах учиртай. Орон сууцны
барилга карказан төмөр бетон хийцээс л босч байгаа. Хамгийн гол материал
нь яах аргагүй элс, хайрга. Түүнийг дагаад хот орчимд элс хайргын
олборлолт замбараагаа алдсан. Энэ замбараагүй байдал үнийн хөөрөгдлийг
бий болгож байна. Хоёрт, байгаль орчныг бохирдуулж, газрыг эвдэн
доройтуулж байна. Туул голын савыг үндсэндээ эвдэж гүйцлээ.

 Ашигт малтмалын газраас элс, хайрганы лицензийг Улаанбаатар хот орчим
замбараагүй баахан өгсөн. Одоо хотын байгаль орчин, усны нөөц болохоо
болилоо гээд буцаагаад хаах тухай яригдаж эхэллээ. Энэ нь барилгын
түүхий эдийн талаар явуулж байгаа геологи, уул уурхайн бодлого болохгүй
байгааг л харуулж байгаа хэрэг.

Таны бодлоор энд ямар зохицуулалт байх хэрэгтэй вэ?  

Үнийг хөөрөгдөж, хооронд нь наймаалцуулах асуудал байж болохгүй. Элс,
хайрганы орд үнэхээр хэрэгтэй гээд үйлдвэрлэл явуулах гэж байгаа бол
үйлдвэрлэл явуулах газарт нь л лиценз өгөх хэрэгтэй. Гуяа ганзагалсан
нэгэн очоод лиценз авчихдаг. Үйлдвэрлэл явуулж чадахгүй учраас өөр
нэгэнд зарна. Энэ наймаанаас болж үнэ өсдөг. Явж явж Монголын ард түмэн,
Улаанбаатарын хэрэглэгчдийн эрх ашиг хохирох байдлыг үүсгэж байна. 
Жижиг жижгээр,  олон ухуулдгийг болиулаад улсын чанартай үйлдвэр болгоод
томруулчих хэрэгтэй юм.
 
Жижигхэн, орон нутгийн чанартай элс хайрга, барилгын чулуу, элс, шохойн
чулууны ордыг орон нутгийн мэдэлд өгчих хэрэгтэй. Улсын чанартай том
ордыг тусад нь авч үзэж болох талтай. Гэхдээ орон нутаг ч зохицуулж
чадна. Орон нутгийнхан газар орноо мэднэ. Очоод нүдээр харчихна.
Түгээмэл тархацтай ашигт малтмал тоо нь олон, нэр төрөл их, тэгээд жижиг
учраас АМГ-аас барихад хэцүү. Одоо бол нүдээр харахгүйгээр орон нутгаас
санал аваад л өгчихөж байгаа. Дараа нь ухаж төнхсөн үү, нөхөж сэргээсэн
үү, яасныг бүү мэд хаягддаг.  
Жижигхэн орон нутгийн чанартай зүйлд улс ингэж холилдоод хэрэггүй юм.
Орон нутгийнханд мэргэжил арга зүйн жаахан ойлголт, туслалцаа үзүүлээд л
зохицуулчих асуудал. Хуулийн дагуу зөвшөөрлийг нь өгөөд, байгаль орчин
болон мэргэжлийн хяналтын газраараа хяналт тавиулаад шийдчих зүйл шүү
дээ. Харин хяналтаа сайжруулах хэрэгтэй. Улсын чанартай томыг бол төвөөс
зохицуулж болно. Цементийн үйлдвэр ч юм уу. Ингэж ялгаж салгамаар
байгаа юм.

Орон нутагт лицензийн эрх өгчихөөр хэт замбараагүй, хавтгайрсан ажил  болохгүй юу?

Хамгийн гол нь нутгийн захиргаа өөрсдөө зохицуулж чаддаг  байх хэрэгтэй.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын орд том хэмжээтэй байдаггүй. Хамгийн
ихдээ л жилд 5000 куб авах хэмжээний. Түүнээс доошоо, дийлэнхдээ 1000
куб авбал их юм. Ийм жаахан зүйл дээр төвөөс лиценз өгч, хүндрүүлэн
үйлдвэрлэл явуулах нөхцөлийг хааж боож, чөдөр тушаа болох ямар хэрэг
байна. Тиймээс орон нутгийнхан ч ажил болгон хөөцөлдөж, мөнгө төгрөг
төлөн байж лиценз авахыг бодохгүй байна.


Өмнө нь барилгын эрдэс түүхий эдийг яаж зохицуулдаг байсан юм бэ?  



Хуучин бол Барилгын яамны үндсэн бүрэлдэхүүнд Барилгын материалын
үйлдвэрийн хэлтэс зохицуулдаг байсан юм. Өөрийн геологи, хайгуулын
ангитай, уул уурхайн мэргэжлийн хүмүүстэй, тэсэлгээний ангитай. Ашигт
малтмал гэдэг утгаар нь  эрх зүйн орчныг нь хатууруулаад өөр яаманд
авчихсан юм. Тэгээд хоёр салаад ажил нь явахаа байсан. Барилгын
материалын үйлдвэрлэл нь Барилга, хот байгуулалтын яаманд, түүхий эдийг
нь Ашигт малтмалын газар барьдаг. Хоёр өөр яамны эрх хүрээнд
зохицуулагдахаар нэг нь түүхий эдээ үнэ хүргэх гээд байдаг, нөгөө нь
материал үйлдвэрлэлээ явуулж, барилгад материал өгөх гээд байдаг. Энэ
хоёр тийшээ харсан, ажил нь хоорондоо уялддаггүй байдлыг яаралтай
зохицуулмаар байна.

Түүхий эдийн зөвшөөрлийг олгож байгаа Ашигт малтмалын газар барилгын
түүхий эд ямар онцлогтой, ямар технологиор явдгийг мэдэхгүй шүү дээ.
Барилгын материалын үйлдвэрлэл явуулдаг, технологийг  барьдаг салбар нь
болохоор түүхий эдээсээ хараат байдалтай байхаар зөв үйлдвэрлэл явах уу.
Өөрийн өртгийг нь бууруулаад улс оронд, барилгын үйлдвэрлэлд
ашигтайгаар нийлүүлж чадахгүй. Чадахгүй байгаа нь ч өнөөгийн амьдрал
дээр харагдаж байна.

Та барилгын материалын үнийг хөөрөгдөж байгаа нэг том шалтгааныг эрхзүйн орчин гэж хэллээ. Үүнийгээ тодруулж тайлбарлаач?  


 Барилгын материалын жижиг үйлдвэрүүд хууль эрхзүйн баримт бүрдүүлэхийн
тулд асар их зардал гаргадаг. Нэг хонхорт ганц экскаватораар явуулж
байгаа үйлдвэрлэлд лиценз өгөхийн тулд уулын ажлын төлөвлөгөө, ТЭЗҮ, уул
технологийн заавар, газрын зөвшөөрөл, байгаль орчны үнэлгээ, хайгуулын
ажлын төлөвлөгөө гэсэн нүсэр бичиг баримт шаардах шаардлагагүй. Хуучных
шиг барилгын материал үйлдвэрийн газар нь авч яваад зөвшөөрлийг нь
хямдхан шиг өгчихөж болох ажил.
Нэг жижигхэн элсний уурхай байлаа гэхэд ганц экскаватор ажиллуулаад
ажлаа хийчихдэг. Нэг м3 элсийг хутгаад гарч байгаа шууд зардал 300
төгрөг ч хүрэхгүй.  Гэтэл лиценз авах зардал хэд билээ. Олон саяар
яригдах энэ их зардлыг жижиг уурхайн олборлож байгаа хэмжээнд хуваагаад
үзвэл хутгаж авснаасаа хэд дахин  илүү гарна. Нэг м3-ийг олборлоход 2000
төгрөгийн зардал гарлаа гэхэд 1500 нь бичиг цаасны зөвшөөрлийнх байх
жишээтэй. Тэгэхээр үнэ өсөхгүй яах билээ.


Одоо түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулыг тусгайлан хийж байна уу?

Томхон орд дээр хайгуулын ажил хийж, батлагдсан нөөц тогтоож байж, түүн
дээрээ ашиглалтын лиценз авдаг номтой. Хайгуул хийж, нөөцийг нь тогтоож
байгаа ажлууд бий. Эрдэс баялгийн зөвлөлөөр нөөцөө батлуулж байгаа. Орон
нутгийнх өдрийн од шиг цөөн нөөц тогтоолгодог. Гэхдээ барилгын материал
түгээмэл тархацтай. Хайгуул хийж эрээд байх юм бараг үгүй. Тиймээс
өндөр шалгуур тавьж зовоох хэрэггүй юм. Барилгын мэргэжилтнүүд өөрсдөө
хараад, болохгүй бол жаахан дээж авч, шинжлүүлээд л барилгад тохирох
эсэхийг мэдчих зүйл. Асар их эрхзүйн акт баримтаар дараад байх хэрэггүй л
байгаа юм.

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж