Ц.Элбэгдорж, С.Батболд нарын их зөвшилцөл

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдорж, С.Батболд нарын их зөвшилцөл

Ц.Элбэгдорж, С.Батболд на­рын их зөвшилцөл эцэс­лээгүй байна. Н.Алтанхуяг хам­­тарсан Засгийн газраас на­мынхнаа татсан биш Ерөнхий сайдыг Ардын намтай нь Ерөн­хийлөгчийн нуман тул­гуурт оруулчихлаа. Энэ бол Ард­чилсан нам болон Н.Энх­баяр, М.Энхсайхан тэр­гүү­тэй эвслийнхэнд алдаж бо­лохгүй боломж. Харин С.Бат­­болдын хувьд гүйцэтгэх засаг­лалыг дан ганц Ардын на­маар бүрдүүлэх болсон биш фракциудынхаа амбицийг улам хөдөлгөв. Сайд болох хүс­­лээ гүйцэлдүүлж чадаагүй гишүүдийн гоморхол, Засгийн газарт олонхи болох гэсэн бүлэг­лэлүүдийн сөргөлдөөн өдгөө ч үргэлжилж байна. Тэд­ний дунд төрийн сайдын там­гыг таван сар барьж үзэх гэсэн нэг хэсэг байхад нөгөө хэсэг нь сонгуульд нэр дэвшихийн өмнөх томоохон акциа эхэлж байгаа нь тэр. Учир нь Сон­гуулийн тухай шинэ хуулийн дагуу нөлөө бүхий лидерүүд, олонд танигдсан улстөрчид 48 буюу шигшээ багт орох юм.

Ардын намын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг Тэргүүн шадар сайдын суудлаар солих гэж буй У.Хүрэлсүх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч Д.Цогтбаатар, Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч Н.Хүрэлбаатар нар С.Батболдын багт орж ажилласнаар энэ жагсаалтад багтана гэсэн үг. Эрх баригчид ийнхүү Засгийн газрыг элбэн төвхнүүлэхийн сацуу сонгууль угтсан улс төрийн тоглолтоо эхэллээ. Харин Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр, Монгол үндэсний ардчилсан намын дарга М.Энхсайхан нар ямар тактик боловсруулж байгаа бол.

Ардын намыг МАХН байхад Н.Алтанхуяг “Гарт минь атгуулсан алтан өндгийг чинь хагалуулахгүйг хичээж явна” гэж мэдэгдсэн. Гэвч тэрбээр эрх баригч хүчний XXVI их хурлын индрээс С.Батболдод өргөсөн тангаргаасаа няцлаа. Алтан өндгөө өөрөө хагалчихлаа. Харин одоо өөр хоорондоо хагаралдан бутарсан намаа нэгэн дээвэр доор нэгтгэхийг хичээж байна. Намын даргын суудлаа Х.Баттулга, З.Энхболд нарт алдахаас болгоомжилж сууна. Хамгийн сонирхолтой нь Н.Алтанхуяг өөртэй нь сөргөлдөж буй нөхдийн амбицийг дарж чадах уу, хямралд нэрвэгдсэн фракциудыг өөртөө нэгтгэж хүчрэх үү. Ардчилсан намын дарга руу чиглэсэн ийм нэгэн асуулт хариултаа нэхэж байна. Ямартай ч Ц.Элбэгдорж Ардын намын хаалганд эхний гоолоо оруулчихлаа. Харин Н.Алтанхуягийн багийнхан түүнийг дэмжиж хэр хүчтэй хөдлөх нь сонирхол татна.

С.Батболд багтаа оноо алдлаа. Ц.Элбэгдорж Төрийн тэргүүний сэнтийгээс түүний танхимын шинэ гишүүдэд нэг нэр, хоёр хоч өгөв. Эцсийн цэгээ хатгасан хамтарсан Засгийн газрын түүх МАХН биш, Ардын нам гэдэг нэрээ сонгогчдын чихэнд дасгах гэж ядаж яваа эрх баригч хүчнийхэнд том цохилт болов. Стандарт бус засаглал нь ийм үр дагавартай гэж С.Баяр төсөөлөөгүй биз. С.Батболд ч бас тэгж бодоогүй байх. Тиймээс эрх баригч хүчний сүр хүчин дор эрх мэдэл, албан тушаал, өнгө мөнгө, хүний олноор УИХ-д олонхийн тугийг хатгадаг байсан Ардын намынхан сонгуулийн шинэ төлөвлөгөө зохиохоос өөр аргагүй боллоо.

Ардын намын гол стратегич нь С.Баяр. Харин довтлогч нь У.Хүрэлсүх. Тэгвэл төвийн тоглогч нь хэн юм бэ. Мэдээж хэрэг, намын дарга С.Батболд. Энэ гуравтай хүч хавсрах нь М.Энхболдын фракцийнхан. Ардын нам ийм эрэмбэтэйгээр сонгуульд оролцоно. Тэдний хувьд, гол өрсөлдөгчид нь Ардчилсан нам ба МАХН. Тиймээс УИХ-ын 2012 оны сонгууль, түүнээс өмнөх болон дараах улс төрийн тоглолтыг С.Батболд, Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нарын баггүйгээр төсөөлөхийн аргагүй. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ардчилсан намынханд хүч нэмэн орж ирлээ. Тэрбээр өнөөдөр, аль эсвэл маргааш С.Батболдтой дахин нүүр тулж, Ардын намынхны дангаар бүрдүүлж буй Засгийн газрын эсрэг ээлжит тоглолтоо хийнэ. Элбэгээгийн үг Монголын улс төрийн өнөө, маргаашийн өнгийг тодорхойлж, бас Ардын намынхны эмзэг цэгт хатгах нь тодорхой. Гэвч Н.Энхбаяр яагаад дуугаа хураах болов. Н.Алтанхуяг Ардчилсан намаа бодож, Ц.Элбэгдорж сэлмээ эргүүлэх энэ агшин түүний хувьд дайралт хийх хамгийн тохиромжтой үе биш гэж үү. Аль эсвэл мань эр М.Энхсайхан болон эвслийнхээ хүчинд хэт итгэв үү. Үгүй байх гэж найдъя. Учир нь тэрбээр тухайн үеийн МАХН 1996 онд Ардчилсан холбоо эвсэлд ялагдсаныг 2000 онд ялалтаар сольж чадсан. С.Баяр, С.Батболд нар эрх баригч хүчний тэргүүн болон Ерөнхий сайдын сэнтийд залрах суурийг ч бас тэр л тавьсан. Тиймээс Ардын намынхан чухам юун дээр алддаг, бас юун дээр онодог вэ гэдгийг Н.Энхбаяр л сайн мэднэ. Харин одоо С.Батболдын багийнхны алдаан дээр тоглох уу, аль эсвэл алдсан дээр нь түшиж хамтрах уу гэдгийг экс Ерөнхийлөгч л шийдэх болчихоод байна. “Авлигын загалмайлсан эцэг” гэдэг нэрийг надад М.Энхсайхан биш, Ц.Элбэгдорж өгсөн” хэмээн ярих болсныг нь дүгнэвэл тэрбээр Төрийн тэргүүнтэй үгээ нэгтгэж, үйл хөдлөлөө жигдрүүлэхгүй нь ойлгомжтой. Эрх баригч хүчнийхний тухай бичиж буй “Хар ном”-доо Н.Энхбаяр өөрийг нь эзэн байхад нэр нөлөөтэй болсон улстөрчдийн тухай өгүүлнэ. Товчхондоо, тэр ном нь түүнд нэмэх оноо биш, хасах оноо авчрах магадлалтай. Тэгэхээр экс Ерөнхийлөгчийн эцсийн дайралт юу байх вэ. МАХН гэдэг нэрийг Ардын намынхнаас өрсөж өмчилсөн тэрбээр УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа хуучин “найзууд”-тайгаа шинэ Засгийн газар байгуулахыг үгүйсгэшгүй юм. Гэвч цаг нь болоогүй байна. Ардын намынхны эсрэг Ардчилсан нам, МАХН, бас Ц.Элбэгдоржийн дайралт ч үргэлжилсэн хэвээр. Ерөнхийлөгч эрх баригч хүчнийхнийг их зөвшилцлөөр сульдаах тактик хэрэглэж байгаа бол Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг “Хамтарсан Засгийн газрын үед бид Оюутолгой, Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах эхлэлийг тавилаа. Улсын төсвийг ч батлалцлаа. Түүхэн үүргээ гүйцэтгэсэн минь энэ. Одоо та нарт хийх ажил байхгүй” хэмээн хэллээ. Энэ үг нь “Ирэх сонгуулийн үеэр Ардын намынхны авах онооноос бид хуваалцана шүү” гэдэгтэй агаар нэг сонсогдоно. Харин бутарсан засгаа бүтэн болгох гэсэн С.Батболд хариу хэлсэнгүй. Н.Энхбаяр ч Элбэгээгийн үгэнд дөрөөлөн эрчээ авсангүй. Учир нь Ц.Элбэгдорж, С.Батболд хоёрын их зөвшилцлийн эхний үе шат дуусаагүй байна. Дараагийнх нь сонгуулийн өмнө ба дараа үргэлжилнэ. Ардын намын дарга Ерөнхий сайдын хувьд танхимын шинэ гишүүддээ Ерөнхийлөгчөөс “виз” авахаар хүлээж байна. УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнд Ардын нам олонхи болсон тохиолдолд тэрбээр мөн л намынхантайгаа Ц.Элбэгдоржоос “зөвшөөрөл” авах болно. Сонгуульд ялсан эрхмүүдийн нэрсийг Төрийн тэргүүнд өргөн барьдаг дэг, зарчим байдаг учраас тэр. Харин Элбэгээгийн зүгээс Ардын намынхантай хийж буй ойрын зайны тоглолт Ардчилсан намд хэр эерэг тусахыг асуулт хэвээр үлдээе. Төрийн тэргүүн яг одоо Ардын намыг Засгийн газартай нь, С.Батболдыг У.Хүрэлсүхтэй нь “барьчихаад“ байна. Гэхдээ Ардын нам болон Ардчилсан намынхны дундаас гарч ирсэн МАХН+МҮАН гэдэг массыг бас мартаж болохгүй.  

С.Баттулга

"Улс төрийн тойм" сонин

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж