
Сайд Г.Занданшатар уулзалтын үеэр Монгол Улс автобензин, дизелийн түлш, бусад шатах тослох материалиар дутагдах, хомсдолд орох нөхцөлд Хятадын Засгийн газраас бүх талын дэмжлэг туслалцаа яаралтай үзүүлэхийг санал болгов. Түүнчлэн газрын тос, эрчим хүчний салбарын харилцааг өргөтгөх, Монголд газрын тос боловсруулах үйлдвэр барихад дэмжлэг үзүүлэх, Оюутолгойн цахилгаан эрчим хүчийг Өвөрмонголоос авах, Баяннуур аймгийн удирдлагаас Монголоос орж ирж буй нүүрсний татварыг өндөр тогтоосныг харж үзэх, ОХУ, БНХАУ-ыг холбосон хийн хоолойг Монгол улсаар дамжуулах зэрэг олон чухал асуудлыг хүсэлт болголоо. БНХАУ-ын Худалдааны яамны сайд Чэнь Дэмин уг асуудлуудыг нааштайгаар шийдэхэд өөрийн болон яамны зүгээс бүх боломжоо дайчлан ажиллана гэдгээ илэрхийллээ. Уулзалтын төгсгөлд Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, БНХАУ-ын Худалдааны яамны сайд Чэнь Дэминийг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урилаа. Гадаад харилцааны сайд Г.Занданшатар мөн өдөр Бээжин дэх ЭСЯ-нд очиж монгол оюутан залуус, ЭСЯ-ны төлөөлөлтэй уулзлаа гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.