-Хамтарсан Засгийн газрыг байгуулаад гурван жил өнгөрсөн учир хүмүүс олон юмыг мартсан байх. Тиймээс нэг зүйлийг сануулж хэлье гэж бодож байна. УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа долоодугаар сарын 1-ний үймээн болж, таван хүний амь эрсэдсэн. Үүний дараа Монгол Улс цаашид сөргөлдөөнтэй байдлаар явах юм уу, яах юм бэ гэсэн асуултын тэмдэг гарч ирсэн. Энэ үед Ардчилсан нам ухаалаг шийдвэр гаргаж, хамтарсан Засгийн газарт орсон юм. Энэ шийдвэрийг гаргаад гурван жил, дөрвөн сар гаруйн хугацаа өнгөрлөө. Бид хамтарснаараа тодорхой ажлыг хийж чадлаа. Тухайлбал, хамтарснаараа улс төрийн тогтвортой байдлыг хадгалсан. Мөн дэлхий нийтэд гамшиг авчирсан эдийн засгийн хямралыг харьцангуй гарз хохирол багатай давлаа. Түүнчлэн Оюутолгой, Тавантолгой стратегийн ордыг хөдөлгөж, эдийн засгийн эрчимтэй хөгжлийн суурийг тавьсан. Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт орж ажилласнаараа өөрт ногдсон түүхэн үүргээ хариуцлагатай, нэр төртэй биелүүлсэн гэж үзэж байна. Харин одоо 2012 он гарлаа. Энэ онд УИХ-ын болон Орон нутгийн сонгууль хамт болох учиртай. Сонгуульд Ардчилсан нам, Ардын нам мэдээж тустай оролцоно. Тэгэхээр Ардчилсан нам өөрт ногдсон түүхэн үүргээ хангалттай сайн биелүүлсэн учир ирэх сонгуулиар ард иргэдэд ойлгомжтой, намуудын хийх ажил, үзэл баримтлал ялгарч харагдах нөхцөлийг нь бүрдүүлэхийн тулд Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарах нь зөв гэж үзэж байгаа юм. Бид энэ асуудлыг Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар ойрын хугацаанд хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэнэ.
Энэ үеэр сэтгүүлчид Ардчилсан намын дарга Н.Алтанхуягаас зарим асуултад хариулт авлаа.
-“Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарна” гэсэн шийдвэр намын удирдлага, бүлгийн шийдвэр үү. Эсвэл таны байр суурь уу?
-Шийдвэр эцэслэж гарах болно. Харин өнөөдөр /өчигдөр/ зөвхөн байр сууриа илэрхийлж байна.
-Үндэсний зөвлөлдөх хорооны хурал хэзээ болох вэ?
-Ойрын хугацаанд хуралдана.
-Иргэдэд амласан бэлэн мөнгийг хэрхэн олгох, ядуурал, ажилгүйдэл нэмэгдсэн зэрэг олон асуудал бий. Танай нам хамтарсан Засгийн газраас гарлаа гэхэд хариуцлагаа хамтдаа хүлээх үү?
-Өнгөрсөн гурван жилийн хугацаанд хийсэн ажлын амжилт болон алдаа дутагдлын төлөө Ардчилсан нам хариуцлага хүлээнэ. Энэ тал дээр хэн нэгэн рүү буруугаа чихэх зүйл байхгүй. Бид хийсэн бүхэндээ сэтгэл хангалуун байгаа. Харин хийж чадаагүй олон ажил биднийг хүлээж байна. Тиймээс “Монгол хүн-2020”, Эдийн засгийн хувьсгал зэрэг хөтөлбөрөө боловсруулж, ажлаа үргэлжлүүлэн хийх болно.
-Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт хэдэн хувьтай байгаа вэ?
-Тоогоор хөөцөлдөх хэрэггүй болов уу. Ард түмэн өөрсдөө дүн тавих ёстой. Дарга нар том, том тоо ярьдаг бол би тийм биш.
-Танай нам хамтарсан Засгийн газраас гарах улс төрийн шийдвэрээ Ардын намын дарга С.Батболдод дуулгасан уу. Мөн дараагийн Засгийн газрыг байгуулах тухай ярина гэсэн үг үү?
-Хамтарч байгаа учир нөгөө намдаа мэдээж дуулгасан. Гүйцэтгэх засаглалд манай намын зургаан сайд бий. Тиймээс төр засгийн тогтвортой үйл ажиллагааг хангахын тулд эдгээр зургаан сайдын оронд дараагийн сайд нарыг Ардын намаас томилох байх. Бид богино хугацаанд сайд нарыг нь тодруулж, Засгийн газрыг бүрдүүлэхэд хүчин зүтгэх болно. Ер нь Ардчилсан нам хийвэл хийсэн шиг хийгээд, боливол больсон шиг болиод. Хийснийхээ төлөө хариуцлага хүлээх эрийн цээнд хүрсэн, хоншоортой намын шинжтэй шүү дээ.
-Сонгууль дөхөхөөр засгаас гарч, сонгуулийн дараа хамтрах тухай ярьдаг. Ийм байдал ирэх сонгуулийн дараа давтагдахгүй гэх баталгаа бий юү?
-Ардчилсан нам бол тодорхой үзэл баримтлал, зорилго, бодлого, хөтөлбөртэй. Хамтарсан Засгийн газарт орсон нь бялуу хуваахаас илүүтэйгээр хариуцлага хүлээсэн гэж ойлгож байгаа. Бид хамтрах үедээ хамтарна. Өрсөлдөх үедээ өрсөлдөнө.
-Тэргүүн шадар сайд, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг өчигдөр /уржигдар/ надтай уулзаж, хийсэн мэдэгдлийнхээ талаар хэлсэн. Бидний өмнө дэвшүүлсэн зорилтууд, хийж дуусгах ёстой олон зүйл бий. Тиймээс “Ард түмэн болон улс орныхоо хөгжлийн эрх ашгийн үүднээс ажлаа хамтарч дуусгах хэрэгтэй” гэсэн саналыг тавьсан юм. Харин Ардчилсан намын удирдлагууд УИХ-ын 2012 оны сонгуультай холбогдуулан хамтарсан Засгийн газраас гарах бодолтой байгаа талаар мэдэгдэл хийсэн байна. Би ийм мэдэгдэл хийсэнд харамсаж байгаа. Миний хувьд “Ханилж яваад нөхрөө, унаж яваад морио” гэж бодох, гайхахаар алхам боллоо. Улстөрч, хувь хүний хувьд үүнийг хэлэх нь зүйтэй гэж бодлоо. Учир нь 2008 оны сонгуулийн үр дүнд Ардын нам олонхи суудлыг авсан. Бид хамтарч байж ард түмнийхээ амьдралыг дээшлүүлж чадна. Эв нэгдэлтэйгээр томоохон асуудлыг шийдвэрлэнэ гэдгийг урьтал болгож Ардчилсан намыг урьсан юм. Энэ бол ардчилсан нийгэмд хамгийн дээд ардчилалтайгаар Засгийн газрыг хамтарч байгуулж байгаагийн хэлбэр. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат “Ардчилсан Засгийн газрыг байгуулах нь зүйтэй” гэж ярьсан байна лээ. Ингэж ярьсанд нь харамсаж байна. Хамтарсан Засгийн газар байгуулсны эцсийн зорилго бол хөтөлбөр боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлэх ёстой. Хэрэгжүүлж буй ажил нь улс орны эдийн засгийг үсрэнгүй хөгжлийн түвшинд гаргаж ирнэ гэдэгт итгэлтэй байлаа. Энэ суурийг бид хамтарч ажиллаад тавьж чадсан. Тэгэхээр “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” гэдэг шиг эхлүүлсэн ажлаа дуусгах ёстой. Засгийн газрын мөрийн хөтөлбөр 82 хувийн биелэлттэй байгаа. Тиймээс энэ агуулгаар хамтарч ажиллах ёстой гэж үзэж байна. Харин Ардчилсан намын удирдлагууд Үндэсний зөвлөлдөх хорооныхоо хурлаар хэлэлцэж, эцсийн шийдвэрээ гаргана гэсэн. Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаараа нухацтай ярилцаж, улс орны хөгжлийн асуудлыг сонгууль, улс төрийн өмнө тавьж чадна гэж найдаж байна. Бид 2008 оны сонгуулийн үр дүнгээр ажиллах бус, харин ажлын үр дүнгээр ажиллах ёстой гэсэн зарчмыг суурь болгож байгаа. Цаашид ч ингэж ажиллах болно. Мөн хамтарсан Засгийн газрыг байгуулахдаа улс төрийн болон эрх зүйн шийдвэрийг гаргасан. Өөрөөр хэлбэл, хамтарсан Засгийн газар байгуулах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээнд хоёр нам улс төрийн сонгуульд тусдаа оролцоно. Гэхдээ улс орны хөгжлийн эрх ашгийн төлөө дэвшүүлсэн томоохон зорилтоо хамтдаа шийдэх нөхцөлийг оруулж өгсөн. Нэг үгээр хэлбэл “Дараагийн УИХ-ын бүрэн эрх бий болтол хамтарсан Засгийн газар ажиллах боломжтой” гэж заасан. Түүнчлэн “Хоёр тал зөвшилцөж, хамтарсан Засгийн газраас гарах, зөвлөлдөх хороогоороо хэлэлцэж байж шийдвэрлэнэ” хэмээсэн байгаа юм. Тиймээс хамтарсан Засгийн газрын гэрээний асуудлыг нухацтай авч үзэх нь зүйтэй гэж бодож байна.
"Улс төрийн тойм" сонин