Цалингийн талаар баримтлах бодлогын төслийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2011.12.17-нд нийтлэгдсэн

Цалингийн талаар баримтлах бодлогын төслийг дэмжлээ

Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн хуралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна. Хуралдаанаар цалин хөлс нэмэгдүүлэх шаардлагын талаар хэлэлцэн шийдвэр гаргасан байна.

Засгийн газрын хуралдаанаар МҮЭХ, салбарын зарим холбооноос төрийн болон төсөвт байгууллагын ажиллагсдын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлагын хүрээнд Засгийн газраас баримтлах чиглэлийг хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа. Энэ дагуу Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2010-2011 оны улсын хэлэлцээрийн  3.1 дэх заалтын дагуу  нийгмийн түншлэлийн 3 тал буюу Засгийн газар, МҮЭХ, МАОЭНХ-ны төлөөллийн бүрэлдэхүүнтэйгээр МҮЭХ-ноос тавьсан шаардлагыг хэлэлцэхээр боллоо.

Мөн МҮЭХ-ноос тавьсан шаардлагыг хэлэлцэх явцад УИХ-аас баталсан 2012 оны улсын төсөвт тусгагдсан цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх хувь хэмжээ, хугацааг чиглэл болгохыг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд Т.Гандид зөвлөмж болголоо. Гурван талт хэлэлцээрийн 3.1-д “Санхүү, эдийн засгийн хямралын нөхцөлд төсвийг оновчтой хуваарилах, төрийн албан хаагчдын ажлын гүйцэтгэл, нэмэгдэл, үр дүнгийн урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох замаар цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг нийгмийн зөвшлийн гурван тал хамтран боловсруулж, УИХ-д санал тавьж шийдвэрлүүлнэ” гэж заасан байдаг юм байна. Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг 2012 онд нэмэгдүүлэх талаарх нийгмийн түншлэлийн талуудын байр суурь, зөвшилцлийг Засгийн газар 2012 оны улсын төсвийн төсөлд тусгасан. Харин УИХ-аар төсвийг батлахдаа цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх хувь, хэмжээг 3 талын зөвшилцөлд заасан хэмжээнд хэвээр үлдээж, нэмэгдүүлэх хугацааг 4,10 дугаар сар болгон хойшлуулсан юм. Энэ асуудалтай холбогдуулан МҮЭ-ийн байгууллагаас “Төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2012 оны 1  дүгээр сарын 1-нээс, мөн оны сар шинийн баярын өмнө харилцан зөвшилцсөн хувь хэмжээгээр тус тус нэмэгдүүлэх асуудлыг 2012 оны төсөвт тусгаж шийдвэрлэх” асуудлыг Засгийн газарт шаардлага болгон тавьж, ажил хаялт зохион байгуулаад байгаа юм.

ЦАЛИН ХӨЛСНИЙ ТАЛААР ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД БАРИМТЛАХ БОДЛОГЫН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ

Энэхүү төслийн талаар  Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди Засгийн газрын хуралдааны үеэр мэдээлэл хийж, гишүүдээс гаргасан саналыг төсөлд тусган Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний үндэсний хороогоор хэлэлцүүлж батлуулах арга хэмжээ авахыг Ниймгийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад даалгалаа. Бодлогын баримт бичиг нь таван хэсэгтэй байх бөгөөд нэгдүгээр хэсэгт бодлогын нийтлэг үндэслэлийг тусгажээ. Хоёр дахь хэсэгт зарчмуудыг нь тодорхойлов. Тухайлбал, цалин хөлсний түвшинг бодитой тогтоох, цалин хөлсийг бүтээмж болон амьжиргааны өртгийн өөрчлөлтэй уялдуулан аажим, тасралтгүй нэмэгдүүлэх, төрийн болон хувийн хэвшлийн цалин хөлсний түвшинг ойролцоо байлгах, цалин хөлсний зохицуулалтад нийгмийн зөвшилцийн механизм, хамтын гэрээ, хэлэлцээрийг түлхүү ашиглах, цалингийн зардлын хуваарилалтын, тэгш бус байдлыг багасгах, хэрэглэж буй онол арга зүй, туршлага сургамжаас суралцах гэсэн үндсэн 6 зарчмыг тусгажээ. Бодлогын баримт бичгийн төслийг нийгмийн түншлэгч талууд болох Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоотой зөвшилцөж, олон улсын болон үндэсний шинжээч мэргэжилтний дэмжлэг, туслалцааг авч, Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны дэргэдэх цалин хөлсний асуудлаар зөвлөлдөх гурван талт салбар хороогоор хэлэлцүүлж гарсан саналыг тусгажээ. Энэхүү бодлого нь үндэсний, салбар болон орон нутаг, аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд цалин хөлсний тогтолцоо, зохицуулалтын механизмыг боловсронгуй болгох, ажил олгогч болон ажиллагчдын мэдлэг, чадавхийг сайжруулах замаар төрийн болон хувийн хэвшлийнхний амьжиргааг дээшлүүлэх зорилготой юм байна. Энэ бодлогыг хэрэгжүүлснээр төрийн болон хувийн секторт цалин хөлсний зохицуулалт боловсронгуй болж, хууль эрх зүйн орчин сайжирна, үндэсний болон салбарын түвшинд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох чадавхи бэхжиж, энэ хэмжээг тогтоосон хэлэлцээрийн тоо нэмэгдэнэ. Цалин хөлсний талаар мэдээлэл судалгаа сайжирч, үндэсний хэмжээнд, салбарын болон орон нутгийн түвшинд, ажиллагчдын тодорхой бүлэгт чиглэсэн цалин хөлсний талаарх бодлого боловсруулж хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ зэрэг үр дүн гарна гэж үзэж байгаа юм. 

ЭРҮҮЛ ХОТ, СУМ, БАГ, АЖЛЫН БАЙР, СУРГУУЛЬ БИЙ БОЛГОНО

Засгийн газрын хуралдаанаар “Эрүүл хот, сум, баг, ажлын байр, сургууль бий болгох үндэсний хөтөлбөр”-ийг хэлэлцэн баталлаа. Хөтөлбөрийн удирдах зөвлөлийг байгуулж, хөтөлбөрийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар ханган, үйл ажиллагааны төлөвлөгөөг жил бүр батлан ажиллахыг Эрүүл мэндийн сайд болон Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд даалгав. Хөтөлбөрт тусгагдсан зорилт, үйл ажиллагааг өөрийн эрхлэх ажлын хүрээнд хэрэгжүүлэх, шаардлагатай хөрөнгийг ирэх оноос эхлэн жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсөвт тусгах, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлж байхыг сайд нарт үүрэг болголоо. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд дэд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвтөө тусган санхүүжүүлж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн IIулиралд багтаан Засгийн газарт танилцуулж байх үүргийг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа хүлээжээ.

ТАМИРЧИД, ДАСГАЛЖУУЛАГЧДЫГ ШАГНАНА

Чөлөөт бөх, самбо, сонирхогчдын шатар, кикбокс, мутай кикбокс, жиу жицу бөх, олон улсын таэквондо, пара жүдо бөх, пара хөнгөн атлетик, чөлөөт бөхийн залуучуудын, шатар, чөлөөт бөхийн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, буудлага, жүдо бөх, кудо, самбо бөхийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, медаль хүртсэн 61 тамирчин, 28 дасгалжуулагчид мөнгөн шагнал олгохоор болов. Манай тамирчид энэ онд тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнээс 16 алт, 29 мөнгө, 40 хүрэл медаль хүртжээ. Мөн олимпийн 8 эрх, паралимпийн 9 эрх аваад байна.

ТОВЧ МЭДЭЭ

Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан 2011 оны 12 дугаар сарын 29-нийг бүх нийтээр амрахбаярын өдөр болгохыг Засгийн газрын хуралдаанааас дэмжлээ. УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Ч.Сайханбилэг, Ө.Энхтүвшин, Д.Загджав нар энэхүү түүхэн өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгохоор хууль санаачилсан байна. Харин Засгийн газрын  хуралдаанаар хуулийн эл төслийг дэмжих боломжгүй, их тэгш ой тохиож байгаа тул нэг удаагийн арга хэмжээ болгож, 2011 оны 12 дугаар сарын 29-нийг бүх нийтийн амралтын өдөр болгох нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын 2011 оны 10 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд НҮБ-д хийсэн айлчлалын дүнтэй танилцаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулах боллоо.

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Ойн хүрээнд төрийн тэргүүн нар илгээлт солилцон, өндөр дээд хэмжээнд харилцан айлчлал хийнэ. Мөн Японы томоохон хэвлэлийн байгууллагуудын төлөөлөгчдийг эх орондоо урьж улсаа сурталчлан, урлагийнхан Япон Улсад  уран бүтээлээ толилуулах зэрэг олон арга хэмжээ  зохиохоор төлөвлөжээ. 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх нь өөрийн орны соёл уламжлал, зан заншил, амьдралын хэв маяг, хөгжлийг япончуудад сурталчлах, Япон Улсын хөгжил дэвшил, соёл, зан заншил, тус улсаас манай улсад үзүүлж байгаа тусламж, дэмжлэгийн цар хүрээ, агуулга, ач холбогдолыг иргэддээ таниулахад нэн ач холбогдолтой юм.

Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Бүсийн оношлогоо, эмчилгээний төвүүд болон цусны 26 салбар банкыг стандартын дагуу нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангах, Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн барилгыг концессийн гэрээгээр барих асуудлыг шийдвэрлэхээр болов.

“Амны хөндийн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй гэсэн дунд хугацааны үнэлгээ гарчээ. Иймээс хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг холбогдох сайд нар, хөтөлбөрийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах, салбар хоорондын ажлыг уялдуулан зохицуулах, хэрэгжилтэд шаардагдах хөрөнгийг төсвийн багцдаа тусгахыг Эрүүл мэндийн сайдад даалгалаа.

Монгол Улсаас Бутаны Вант Улстай дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр боллоо.

“Монгол тууль” хөтөлбөрийг хавсралтаар баталлаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан баталж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад даалгав. Шаардагдах хөрөнгийг тооцож, салбарын сайдын төсвийн багцад жил бүр тусган санхүүжүүлж байхаар болжээ. Манай улсад 60 шахам туульч, 200 гаруй тууль байсан бол өдгөө Увс, Ховд аймаг, Улаанбаатар хотод ердөө 17 туульч амьд сэрүүн байна. Тэдний 4 нь 5 туулийг бараг бүрэн хэмжээнд, бусад нь хэсэгчлэн хайлдаг нь энэ урлаг устаж мөхөхөд хүрсэн гэсэн үг юм. Тиймээс “Монгол тууль” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэх болсон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж