Нөөц, эрдсийн баялгийн ангилалтай болно

Хуучирсан мэдээ: 2011.11.16-нд нийтлэгдсэн

Нөөц, эрдсийн баялгийн ангилалтай болно











Манай улс 1990-ээд он хүртэл хатуу ашигт малтмалын нөөц, баялгийн ангиллыг шууд гадны орноос шууд хуулбарлан хэрэгжүүлж байсан.  1998 оноос хойш  өнөөг хүртэл  “Ашигт малтмалын нөөц, баялгийн ангиллын түр заавар”-ыг мөрдөж ирсэн нь ийм учиртай. Гэхдээ уул уурхайн салбар идэвхитэй хөгжиж буй энэ цаг үед ашигт малтмалын ордын нөөц, эрдэс баялгийн олон улсын ангилалд дүн шинжилгээ хийж, Монгол улсад үүнийг хэрэглэх боломжийг сайтар судлах зайлшгүй шаардлагатай гэдгийг ЭБЭХЯ болон мэргэжлийн байгууллагууд мэдэгддэг. Иймд олон улсын зөвлөх ажил үйлчилгээний сонгон шалгаруулалтыг холбогдох яам 2011 оны эхээр явуулсан бөгөөд Австрали, Герман, Дани, АНУ, Монголын арван компани материалаа ирүүлснээс Австралийн  “Snowden” компани шалгарчээ.

Энэ оны наймдугаар сард  ЭБЭХ-ний сайдын дэргэдэх Геологийн бодлогын зөвлөл нөөцийн ангиллын асуудлаар хэлэлцэж, хөрөнгийн зах зээлд нөөц тайлагнах, олон улсын нөхцөлийг хангаж ажиллах, төслийг үргэлжлүүлэх тодорхой зөвлөмж гаргасны дагуу холбогдох яам, тамгын газар идэвхитэй ажиллаж байгаа гэж Геологийн бодлогын газрын дарга Ө.Оюунбаатар онцоллоо. 

Энэ бүх ажлын хүрээнд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл болон Ашигт малтмалын нөөцийг тайлагнах олон улсын стандартын хороо /CRIRSCO/-ын хооронд санамж бичиг зурах ажиллагаа саяхан  Лондон хотод болжээ.

CRIRSCO (Committee for Mineral Reserves International Reporting Standards) нь ашигт малтмалын нөөцийг тайлагнах ажлын олон улсын стандартын хороодын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зорилгоор 1994 онд байгуулагджээ.

Уг хорооны бүрэлдэхүүнд Австралийн JORC, Канадын CIM, Өмнөд Африкийн SAMREC, АНУ-ын SME, Чилийн Comision Minera, Европын PERC багтдаг. Энэ удаад бүрэлдэхүүнд нь ОХУ багтаж өөрийн НАЭН кодыг хүлээн зөвшөөрүүлээд байна.

Санамж бичгийн зорилго нь CRIRSCO-ийн загварт нийцсэн Монгол Улсын хайгуулын ажлын үр дүн, эрдсийн баялаг, ашигт малтмалын нөөцийг тайлагнах үндэсний зааврыг боловсруулах, хэрэгжүүлэхэд хамтран ажиллах явдал аж.

 Г.Идэр

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж