Нийслэлийн захирагчийн ажлын албанаас санаачлан зохион байгуулж буй “Өгөөмөр өдөр” арга хэмжээ өнөөдөр /2018.06.09/ Улаанбаатар хотын есөн дүүрэгт нэгэн зэрэг болж байна. Өдөрлөгийн гол зорилго нь иргэд өөрсдөө хэрэглэхээ больсон эд зүйлсээ хямдхан зарах эсвэл бусдад үнэгүй өгөх боломжтой.
Манай сурвалжлах баг нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрлах Барилгачдын талбайд болж буй өдөрлөгөөр орсон юм. Асарт орвол хүмүүс бужигналдан эд зүйлс сонирхож байлаа. Энд хуучин хувцас, хүүхдийн ном хэрэглэл, гоёл чимэглэлийн зүйлс олноор тавьжээ. Хуучин хувцасны худалдаа эрхэлдэг худалдаачин Б. Ундраатай цөөн хором ярилцсан юм.
-Худалдаа хэр байна?
-Гайгүй байна. Би гэхэд хүүхдийнхээ ганц хоёр өмссөн даашинзыг зараад зогсож байна.
-Хүмүүс их үйлчлүүлж байна уу?
-Өглөө арга хэмжээ эхлэхэд нэлээн хүнтэй байсан. Одоо харин хүний хөдөлгөөн багасч байна
-Хуучин хувцсыг хэдээр зарж байна?
-Үнэ нь янз бүр, материал чанараасаа хамаараад. Гол төлөв 2000-10000 төгрөгийн хооронд байна. 10000 төгрөгөөс дээш үнэтэй болоод ирэхээр хүмүүсийн худалдан авах чадвар бас муу болж байх шиг санагдсан.
-Хувцаснаас өөр эд зүйлс зарж байна уу?
-Өглөө хүмүүс тоос сорогч, индүү гэх мэт цахилгаан барааны төрлийн эд зүйлсээ үнэгүй тарааж өгөөд явж байгаа харагдсан.
Дараа нь бид нийслэлийн Баянзүрх дүүргийг зорьж, 55-р сургуулийн гадаа талбайд болж байгаа ‘Өгөх өдөрт’ очсон юм. Хүн багатай худалдах зүйл барагтайхан харагдсан ч үдээс өмнөдөө нэлээд бужигнацгаажээ. Мөн л хүүхдийн хувцаснаас эхлээд сурах бичиг нэлээд зарагдсан байна.
Улаанбаатар хотын хэмжээнд ‘Өгөх өдөр’ арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж байна гэдгийг холбогдох албаны хүмүүс тодотголоо.
Өгөөмөр өдөрлөг болж байгаа дүүргүүд дэх байршлыг дурдвал
- Баянзүрх: 55-р сургуулийн талбайд
- Баянгол: Байгал Эх цогцолбор сургууль
- Сонгинохайрхан: Дүүргийн ЗДТГ-ын өмнөх талбай
- Сүхбаатар: Монгол 3-р сургуулийн талбайд
- Хан-Уул: Ажилчны алдар талбай
- Чингэлтэй: Барилгачдын талбай
- Багануур: Нацагдоржийн талбай
- Багахангай: Дүүргийн өмнөх талбайд
- Налайх: Соёлын ордны 2 давхарт тус тус болж байна
Н. ГАНБАТ